Дүүрэг бүрт “Цэцгийн баяр” болно

Хуучирсан мэдээ: 2011.06.27-нд нийтлэгдсэн

Дүүрэг бүрт “Цэцгийн баяр” болно

“Цэцгийн баяр-цэцгийн мандал 2011” бүх нийтийн өдөрлөгийг зохион байгуулахаар болжээ. Дүүрэг бүрт зохион байгуулах тус өдөрлөг нийслэлчүүд, иргэдийн экологийн боловсролыг дээшлүүлэх, улсын баяр наадмыг угтаж хотоо цэцэрлэгжүүлэх, ногоон байгууламжийн ажлын үр шимийг олон түмэнд хүргэх, нийтийн хүртээл болгон зохион байгуулдаг уламжлалтай.

Дүүргүүд өөр өөрсдийн нутаг дэвсгэрт орших талбай, өндөрлөг гээд сонгож авсан газрууддаа шилдэг зохиомж, шийдэл бүхий цэцгийн мандлыг иж бүрнээр байгуулж, хотын өнгө үзэмжийг нэмэгдүүлэх юм. Ингэхдээ мэргэжлийн байгууллагыг татан оролцуулж, усалгаа арчилгааны асуудлыг бүрэн шийдэж өгөх аж. Мөн байгууллага, аж ахуйн нэгжүүдийг өөрийн эзэмшлийн болон нийтийн эзэмшлийн талбайд цэцгийн мандал байгуулах ажилд татан оролцуулах, цаашид жил бүр уламжлал болгон хэвшүүлэх юм байна.

“Цэцгийн баяр”-ын нээлт Сүхбаатар дүүргийн Монгол-Туркийн найрамдлын цэцэрлэгт  өнөөдөр болсон бол Чингэлтэй дүүрэг дэх Асашёорюүгийн нэрэмжит цэцэрлэгт маргааш 11 цагт, Баянгол Төмөр замын дээд сургуулийн талбайд зургадугаар сарын 29-нд, Баянзүрх дүүргийн Жуковын хөшөөний талбайд 30-нд, Сонгинохайрхан дүүргийн Тамгын газрын урд талбайд долдугаар сарын 1-нд, Хан-Уул дүүргийн Ажилчны соёлын ордны талбайд долдугаар сарын 2-ны 11 цагт тус тус нээлтийн ажиллагаагаа зохион байгуулах аж.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж