ИЗ-НН байр сууриа хамгаалахаа мэдэгдлээ

Хуучирсан мэдээ: 2011.06.27-нд нийтлэгдсэн

ИЗ-НН байр сууриа хамгаалахаа мэдэгдлээ

Иргэний зориг-Ногоон намын зарим гишүүн өнөөдөр сэтгүүлчдэд хандаж, Сонгуулийн тухай хуулийн төсөл дээр баримталж буй МАН-ын байр суурийг эсэргүүцэж байгаагаа мэдэгдлээ. Тэд МАН Монголын ард түмний эрх ашгаас урвасан шийдвэр гаргаж байна гэж үзлээ. “Сонгуулийн тухай хууль нь монголын орны хөгжил цаашлаад хувь заяаг шийдвэрлэхэд чухал үүрэгтэй. МАН-ын зүтгүүлж байгаа можаритор систем манай орны хувьд оновчгүй гэдгийг тэд ч өөрсдөө сайн мэдэж байгаа” гээд өнөөдөр хүчин төгөлдөр мажоритар хувилбар манай орны хувьд оновчгүй нь олон зүйл дээр батлагдсныг жишээгээр тайлбарласан юм. Тухайлбал, мөнгөтэй нь УИХ-д сонгогдож Монгол улсын шийдвэр гаргах дээд  байгууллага нь хөрөнгөтэй хүмүүсийн ашиг сонирхолд үйлчилдэг зэрэг олон сөрөг үр дагаврыг Монголын улс төрд бий болгож байна. Мөн 2000 оны УИХ-ын сонгуулиар МАХН  нийт сонгогчдын 50 гаруй хувь, АН 40 орчим хувийн саналыг авсан боловч МАХН УИХ-ын 76 суудлын 90 гаруй хувийг авч “гажиг” төлөөллийг бий болгосон гэлээ.

Цаашлаад МАН, АН сонгуулийн хуулийг шинэчлэн өөрчилнө гэсэн улс төрийн амлалтаасаа буцаж сонгуулийн хуулийг гацаанд оруулж байгаад харамсч байгаагаа илэрхийллээ. Иргэний Зориг-Ногоон намын гишүүд УИХ-ын сонгуулийн тухай хуулийг пропорциональ эсвэл пропорциональ давамгайлсан холимог сонгуулийн тогтолцоог бий болгох зорилгоор 50:26 (пропорциональ:мажоритар) хувилбараар  батлах байр суурьтай байгаа төдийгүй энэхүү байр суурь дээрээ ИЗ-НН хатуу зогсохоо мэдэгдлээ.

З.ОРГИЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж