Эрүү шүүлтийг таслан зогсооход хамтарна

Хуучирсан мэдээ: 2011.06.27-нд нийтлэгдсэн

Эрүү шүүлтийг таслан зогсооход хамтарна

Хүний эрхийн үндэсний комисс, АТГ, ТЕГ, ЦЕГ, ШШГЕГ, УЕП-ын дэргэдэх Мөрдөн байцаах алба эрүү шүүлтийг таслан зогсооход хамтран ажиллахаар 2008 онд санамж бичигт гарын үсэг зурж байсан юм. Өнгөрсөн гурван жилийн хугацаанд хамтын ажиллагаа амжилттай хэрэгжиж, зохих үр дүнгээ өгсөн гэж талууд үзэж байгаа аж. Тиймээс уг санамж бичгийг дахин сунгах, үйл ажиллагаагаа үргэлжүүлэх шийдвэрийг гаргаж, өнөөдөр санамж бичигт гарын үсэг зурлаа. Монгол Улсын ХЭҮК эрүү шүүлтийг таслан зогсооход онцгой анхаарал хандуулж, эрх зүйн орчинг боловсронгуй болгох, цагдан хорих, эрүүлжүүлэх, баривчлах байр, хорих ангийн нөхцлийг сайжруулах, хуулийн байгууллагын ажилтнуудын хүний эрхийн мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх талаар  үйл ажиллагаа явуулдаг. Комиссын хүчин чармайлт, нэгэн сэтгэлээр хамтран ажилладаг төрийн, төрийн бус, олон улсын байгууллагын зүтгэлийн үр дүн гарч байгаа ч эрүү шүүлтийг таслан зогсоох талаар цаашид хийх  ажил их байгаа гэж талууд үзэж байгаа аж. Тиймээс баривчлах, цагдан хорих болон хорих байрны нөхцлийг сайжруулах, хуулийн байгууллагын ажилтнуудад хүний эрхийг дээдлэн хүндэтгэх хандлага төлөвшүүлэх хэрэгтэй гэдгийг санамж бичигт гарын үсэг зурах үеэр онцоллоо.

Эрүүдэн шүүх, бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлон харьцаж шийтгэхийн эсрэг конвенцийн Нэмэлт протоколд нэгдэн орох, НҮБ-ын Эрүүдэн шүүхийн эсрэг хорооноос өгсөн зөвлөмжийг хэрэгжүүлэх талаар Засгийн газар шуурхай арга хэмжээ авах шаардлагатай байгаа аж.

С.Отгон

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж