Холбоо нь Орон нутгийн асуудал хариуцсан хороо, Сургалт судалгаа, эмэгтэйчүүдийн хөгжлийн хороо, Гадаад харилцаа, төсөл хөтөлбөрийн хороо, Хэвлэл, мэдээлэл, олон нийттэй харилцах хороо, Бизнесийн хөгжлийн хороо, Нийгмийн асуудал хариуцсан хороог эрхэлсэн зургаан дэд ерөнхийлөгчтэй болжээ. Баянгол дүүргийн Засаг дарга Л.Амгалан, “Монгол кино пикчерс” ХХК-нийн захирал П.Анужин, МАН-ын ерөнхий нарийн бичгийн даргын зөвлөх Б.Батцэцэг, Үндэсний хөгжил, шинэтгэлийн хорооны даргын зөвлөх Л.Нинжжамц, “Нью Майнд” ХХК-ийн захирал Г.Идэрмаа, Нийслэлийн Засаг даргын орлогч Ц.Цогзолмаа нар энэ албыг хаших юм байна. Дэд ерөнхийлөгч нарыг хоёр жилийн хугацаагаар ротацийн сонгуулиар сэлгэж байх ажээ. Мөн удирдах зөвлөлөө 29 гишүүнтэй байгуулжээ. Ерөнхий нарийн бичгийн даргатай болж “Отгонтэнгэр” их сургуулийн багш Б.Одгэрэлийг сонгожээ. Нийт 115 гишүүнтэй Бага хуралтай болсноор МАН-ын бүтэцтэй эмэгтэйчүүдийн байгууллагын бүтэц ижил болж байгаа ажээ.
МАН-ын дүрэмд намын сонгуульт албаны 25 хувьд эмэгтэйчүүдийн квот тогтоосон нь өмнөх ерөнхийлөгч Д.Алтайн том амжилт гэж тэд хэлж байлаа. Улмаар УИХ-ын сонгуулийг холимог тогтолцоогоор явуулбал эмэгтэйчүүдэд ээлтэй, сонгогчдын санал гээгдэхгүй сонгууль болно хэмээж байсан юм. Сонгуулийн хуульд эмэгтэй нэр дэвшигчдэд 15 хувийн квот тогтоох зорилт байгааг таван хувиар нэмэх талаар бүсгүйчүүд дуу хоолойгоо нийлүүлэхээр болсон байна.