Ө.Энхтүвшин: Компаниуд хомсдол үүсгэж байна

Хуучирсан мэдээ: 2011.06.27-нд нийтлэгдсэн

Ө.Энхтүвшин: Компаниуд хомсдол үүсгэж байна

УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдааны дараа бүлгийн дарга Ө.Энхтүвшин сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Бүлгийн хуралдаанаар эхлээд Төсвийн тухай хууль, түүнийг дагалдан гарах хуулиудын төслийг хэлэлцжээ. Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулийг 2003 онд баталж, түүнээс хойш дагаж мөрдөж байгаа. Уг хуулийг баталснаар тухай үед олон асуудлыг шийдэж чадсаныг Ө.Энхтүвшин дарга хэллээ. Төсвийн байгууллага олон давхар данстай, сүүдрийн эдийн засаг газар аваад байсныг энэ хуулиар цэгцэлсэн. Төсвийн байгууллага санаачлагатай, идэвхтэй ажиллах боломжийг нээж нэмэлт бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн, хэмнэлт гаргасан тохиолдолд тухайн хөрөнгийг өөрөө зарцуулах, орон нутагт эрх олгох зэрэг олон зохицуулалтыг тухайн үед хийсэн байна. Гэвч хуулийн зарим заалт өнөөдрийн амьдралд нийцэхгүй байгаа тул шинэчлэлт хийх шаардлагатай болсныг хурлаар хэлэлцжээ. Бүлгийн хурлаар мэргэжлийн хяналтын байгууллагыг энэ хэвээр нэгдсэн тогтолцоотой байлгах уу, зарим хяналтыг тухай тухайн салбарт шилжүүлэх үү гэдгийг хэлэлцээд нэгдсэн байгууллага хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзжээ.

Үүний дараа Сонгуулийн автоматжуулсан системийн тухай хуулийн төслийг хэлэлцээд байнгын хороодоор хэлэлцэхийг дэмжсэн байна. Сонгуулийг шударга явуулах нь саналыг яаж тоолсноос хамаардаг. Саналыг автоматжуулсан цахим хэлбэрээр тоолох нь зүйтэй, хүний гараар тоолох нь зохимжтой бус гэж гишүүд үзжээ. Дараа нь цаг үеийн асуудлууд, ялангуяа шатахууны хангамжийн талаар  хэлэлцсэн байна. Нефть бүтээгдэхүүний хангамж хүндэрч байгаа энэ үед Монгол Улсын Ерөнхийлөгч өнгөрсөн баасан гаригт УИХ дахь АН, МАН-ын бүлгийн дарга, орлогч нарыг хүлээж авч уулзсан. Тэгвэл шатахууны хангамжийн байдал ямар байгаа талаар МАН-ын бүлгийн гишүүд хурлаараа Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригтын сонсголыг сонсч тодорхой чиглэл өгсөн байна. Д.Зоригт сайдын мэдээлснээр шатахууны хангамж хэвийн, нөөц ч хэвийн байгаа бөгөөд гагцхүү компаниуд шатахуун нөөцөлж хомсдол үүсгээд байгаа аж. Иймээс тус намын бүлгээс Засгийн газарт “Ажлаа сайн хий, эрчимжүүл, хяналт тавь, холбогдох хуулийн төслийг өргөн барь” гэсэн чиглэл өгөхөөр болжээ.

Мөн Дархан-Уул, Дорнод аймагт барих нефть боловсруулах үйлдвэрийн асуудлыг түргэн шийдэх, гаднын колонк Монголд байх нь ашигтай юу, үгүй юү, Засгийн газрын хийж буй ажил олон нийтэд тодорхой бус байна, үүнийг тодорхой болго гэсэн чиглэл өгсөн байна.

Үндэсний хөгжил, шинэтгэлийн хорооны үйл ажиллагаатай УИХ-ын гишүүд танилцаад энэ газар анх бодож санаснаар байгуулагдаагүй гэж үзжээ. Нэлээд өндөр үүрэг, хариуцлага, эрх мэдэлтэй байгууллага байх ёстой гэж төлөвлөж байгуулсан ч одоо судалгаа голлож хийдэг. Цаашдаа ингэж ажиллах шаардлагагүй тул өөрчилье. Тэгэхдээ яам байгуулах уу, хороо байх уу гэдэг талаар ярьж УИХ-аар шийдвэр гаргуулах талаар зарим гишүүн санал гаргасан байна. Хөгжлийн бодлого бол судалгаа биш, ажил хийдэг байгууллага байх ёстой. УИХ-ын дэргэд юм уу, эсвэл Засгийн газрын дэргэд байж Шадар сайд ахалж ажиллах боломжтой гэж гишүүд байр сууриа илэрхийлснийг ӨЭнхтүвшин дарга хэллээ.

                                Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж