Үүний дараа Сонгуулийн автоматжуулсан системийн тухай хуулийн төслийг хэлэлцээд байнгын хороодоор хэлэлцэхийг дэмжсэн байна. Сонгуулийг шударга явуулах нь саналыг яаж тоолсноос хамаардаг. Саналыг автоматжуулсан цахим хэлбэрээр тоолох нь зүйтэй, хүний гараар тоолох нь зохимжтой бус гэж гишүүд үзжээ. Дараа нь цаг үеийн асуудлууд, ялангуяа шатахууны хангамжийн талаар хэлэлцсэн байна. Нефть бүтээгдэхүүний хангамж хүндэрч байгаа энэ үед Монгол Улсын Ерөнхийлөгч өнгөрсөн баасан гаригт УИХ дахь АН, МАН-ын бүлгийн дарга, орлогч нарыг хүлээж авч уулзсан. Тэгвэл шатахууны хангамжийн байдал ямар байгаа талаар МАН-ын бүлгийн гишүүд хурлаараа Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригтын сонсголыг сонсч тодорхой чиглэл өгсөн байна. Д.Зоригт сайдын мэдээлснээр шатахууны хангамж хэвийн, нөөц ч хэвийн байгаа бөгөөд гагцхүү компаниуд шатахуун нөөцөлж хомсдол үүсгээд байгаа аж. Иймээс тус намын бүлгээс Засгийн газарт “Ажлаа сайн хий, эрчимжүүл, хяналт тавь, холбогдох хуулийн төслийг өргөн барь” гэсэн чиглэл өгөхөөр болжээ.
Мөн Дархан-Уул, Дорнод аймагт барих нефть боловсруулах үйлдвэрийн асуудлыг түргэн шийдэх, гаднын колонк Монголд байх нь ашигтай юу, үгүй юү, Засгийн газрын хийж буй ажил олон нийтэд тодорхой бус байна, үүнийг тодорхой болго гэсэн чиглэл өгсөн байна.
Үндэсний хөгжил, шинэтгэлийн хорооны үйл ажиллагаатай УИХ-ын гишүүд танилцаад энэ газар анх бодож санаснаар байгуулагдаагүй гэж үзжээ. Нэлээд өндөр үүрэг, хариуцлага, эрх мэдэлтэй байгууллага байх ёстой гэж төлөвлөж байгуулсан ч одоо судалгаа голлож хийдэг. Цаашдаа ингэж ажиллах шаардлагагүй тул өөрчилье. Тэгэхдээ яам байгуулах уу, хороо байх уу гэдэг талаар ярьж УИХ-аар шийдвэр гаргуулах талаар зарим гишүүн санал гаргасан байна. Хөгжлийн бодлого бол судалгаа биш, ажил хийдэг байгууллага байх ёстой. УИХ-ын дэргэд юм уу, эсвэл Засгийн газрын дэргэд байж Шадар сайд ахалж ажиллах боломжтой гэж гишүүд байр сууриа илэрхийлснийг ӨЭнхтүвшин дарга хэллээ.