Ерөнхийлөгч Украины Львов хотод ирэв

Хуучирсан мэдээ: 2011.06.27-нд нийтлэгдсэн

Ерөнхийлөгч Украины Львов хотод ирэв

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Украин Улсын Львов хотод ирэв


Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж, гэргий Хажидсүрэнгийн Болормаа нарын Украин Улсад хийх төрийн айлчлал 2011 оны 6 дугаар сар 26-ны өдөр тус улсын Львов хотоос эхэллээ. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж болон дагалдан яваа төлөөлөгчдийг Украин Улсын Гадаад хэргийн дэд сайд В.А.Майко, Киев хотын захиргааны дарга  М.И.Кучук, Украин Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ю.В.Костенко, Дээд Радын ТГ-ын парламент хоорондын хамтын ажиллагааны газрын дарга К.О.Третяк болон албаны бусад хүн угтлаа.

Ерөнхийлөгч өнөөдөр Львов хотын Петра Сагайдачны нэрэмжит Украин Улсын Хуурай замын цэргийн академид зочилж, багш, сонсогчидтой уулзалт хийнэ. Мөн Украин Улсын Хуурай замын цэргийн академийн захирал, дэслэгч генерал П.П.Ткачук Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж, гэргий Хажидсүрэнгийн Болормаа нарыг хүндэтгэн зоог барина.

Ерөнхийлөгчид Львов хотын мужийн захирагч М.Цымбалюк бараалхах болно.

Монгол Улсын Ерөнхийлөгчийг УИХ-ын гишүүн, Гадаад харилцааны сайд Г.Занданшатар, УИХ-ын гишүүн Батлан хамгаалахын сайд, Монгол, Украины Засгийн газар хоорондын комиссын монголын хэсгийн дарга Л.Болд, УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Т.Бадамжунай, Ерөнхийлөгчийн зөвлөх Л.Пүрэвсүрэн, Онцгой байдлын ерөнхий газрын дарга, тэргүүн комиссар Ц.Амгаланбаяр болон албаны бусад хүн дагалдаж байна.

Эх сурвалж: www.president.mn
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж