Бүлгийн хурлаар мөн бензин, шатахууны хангамжийн талаар хэлэлцжээ. Хэдийгээр үр дүн нь урт хугацаанд гарах боловч дотооддоо нефть боловсруулах үйлдвэр барих ажлыг эхлүүлэх талаар Засгийн газар дорвитой, яаралтай арга хэмжээ авах ёстой гэдэг дээр бүлгийн гишүүд санал нэгдсэн байна. Мөн шатахуун импортолж байгаа компаниудын үр дүн тааруу байгаа тул төрийн өмчийн 100 хувийн төлөөлөлтэй компани Монгол Улсын төрийн өмнөөс шатахууны захиалга хийж, оруулж ирсэн шатахууныг түгээгч компаниуд жижиглэнгээр худалдаалах ажлыг хийх нь зүйтэй гэж ярилцжээ. Шаардлагатай бол уг асуудлыг Эдийн засгийн байнгын хороогоор ярих бөгөөд Батж.Батбаяр гишүүнээр ахлуулсан ажлын хэсэг гаргажээ. Мэдээллийн дараа Ардчилсан намын бүлгийн дарга Ч.Сайханбилэг сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
-Төр шатахууны захиалгыг яаж хариуцах вэ?
-Одоо бол тухай тухайн компани өөр өөрийн шугамаар ОХУ-ын компанитай гэрээ хийж шатахуун оруулж байна. Өнөөдрийн байдлаас шалтгаалж төр захиалагч болж орох хэрэгтэй байгаа. Ингэснээр шатахуун нэг үнэ, нэг зориулалтаар орж: ирнэ. Оруулж ирсэн шатахууныг компаниуд авч жижиглэнгээр борлуулбал нефтийн үнэ тогтвортой, улмаар буурах боломжтой гэж үзлээ. Өмнө нь интернэтийн хэрэглээн дээр ийм зарчмаар ажиллаж амжилтад хүрсэн туршлага бий.
-Бизнес эрхлэгчид үүнд яаж хандаж байгаа вэ?
-Бизнес эрхлэгчдэд хохирол байхгүй. Компаниудын жижиглэн худалдаанаас олдог орлого хэвээрээ үлдэнэ. Харин ч гадна талд захиалга хийх гэх мэт ажил хялбарчлагдана. Хувийн компаниудад сөрөг тал байхгүй.
-“Роснефть”-ийн захидалд ямар хариу өгөх вэ. Төр шатахууны захиалга хийх нь төрөөс бизнест оролцохгүй гэдэг зарчимтай хэр нийцтэй вэ?
-Засгийн газрын зүгээс ийм захидал байхгүй гэж байгаа. Сая байгуулсан ажлын хэсэг дээр захидал байгаа эсэхийг ярилцах байх. Төрийн оролцооны талаар нарийвчилсан асуудлыг мөн ажлын хэсгээр ярилцана.