Хуучирсан мэдээ: 2011.06.27-нд нийтлэгдсэн

Хонин нүдэн цэцэг

Амралтын өдрөөр дуучин Daisy-гийн анхны цомгийн тоглолт I-Loft хауст болж, бидний хэдэн сонирхол нэгтэй үзэгчид тэнд оройг өөр өнгөөр үдсэн юм. Өнгөрсөн намар цомгийг нь анх сонссоноос хойш би Daisy-г амьд хөгжмийн ертөнц дэх содон дүр төрх гэж бодох болсон билээ.

Бараг арван жилийн өмнөөс түүнийг “River Sound” клубт “Madness“ хамтлагтай “Cranberries”, “No Doubt” нарын хит дуунуудыг тоглодог байсныг нь сайн мэдэх юм. Хэдийгээр тэр үед би Дээгийг таньдаггүй байсан ч онцгой стильтэй, гоё хоолойтой, гитар барьсан залуухан охин сэтгэлд маань тодхон үлдсэн.
Нэлээн хожим Дээгийг уран бүтээлийн нэрээ Daisy болгон өөрчилж, тухайн үед энд тэндгүй эгшиглэж, хит болоод байсан ”Дурлал чи надаас юу хүснэ вэ” гэх гэгэлгэн дууг дуулсныг олж мэдсэн л дээ.

Түүний дараахан сэтгүүлийн ажлаар Дээгийтэй уулзах тохиол гаран, бид танилцаж, энгүүхэн яриа өрнүүлж билээ. Бие давхар, бүр хэдхэн хоногийн дараа нярайлах гэж байсан Дээгий манай сэтгүүлийн нүүр хуудсанд зургаа авахуулж анхны дугаар хэвлэгдэж байлаа.

Оюутан байх үеэс л хүндэлж, ярилцлага бүрийг нь бахдан уншдаг байсан сэтгүүлч Ганчимэг эгч нэг л өдөр мессенжерт “Сайн байна уу, сэтгүүлч Б.Ганчимэг байна аа” гээд ороод ирэхээр нь жигтэйхэн гайхаж билээ. Тэгээд бид хоёр компьютерийн дэлгэцийн цаанаас шинэхэн сэтгүүлийн маань бараг эд, эс бүрийн тухай, мэдээж бас Daisy-гийн тухай зөндөө удаан ярилцсан. Ганаа эгчид Дээгий маш их таалагджээ. Бүр ярилцлагыг нь уншаад сэтгүүлээ дэрэн дороо хийгээд унтаж. “Эмэгтэй хүн намаг балчигт унаж байснаа, үнэнээ ярина гэдэг эр зориг. Ийм л үнэнч эмэгтэйчүүд амьд хөгжимд хайртай байж, жазз дуулж чаддаг юм. Танилцуулаарай, эгчдээ” гээд л… Түүнээс хойш Дээгий бид сайн найзууд болцгоосон.

Дээгийгийн тоглолт болох тухай мэдээ сайтуудад гарчээ. Дээгий намайг бичээд өгөөч, миний мэдээг гаргаад өгөөч гэж хаашаа ч гүйхгүй, хэнээс ч гуйхгүй. Яамай даа, мэдээнүүд сайн гарч гэж бодоод баярлаад уншихаар доорхи комментууд нь гэж инээдтэй. Энэ хүүхэн од юм уу, мэдэх ч үгүй юм байна гэнэ. Энэ ямар дуу дуулсан юм л гэнэ. Бас юун гадаад нэр вэ гэж гоочилно. Тэрнээс ч муухай үг ч байна.

Би дуучин бүхэн од байх албагүй гэж боддог. Угаас манай хөгжмийн ертөнцөд олон жинхэнэ авьяастнууд нуугдавчинд амьдарч, гялгар цаастай чихэр шиг хуурмаг юмнууд мандан бадарч байгаа цаг. Бүх хүнд зориулаагүй хөгжим ч гэж байдаг. Тиймээс чих, тархи хоёр дурлахгүй бол сонсох ч албагүй л дээ.

-Авьяастай хүнийг л хайрла. Бусад нь яаж амьдрахаа мэднэ гэж нэг алдартны хэлсэн үг надад их гоё сэтгэгдэл үлдээсэн?

-Яасан гоё үг вэ. Үнэхээр авьяастай хүнийг хайрлах хэрэгтэй. Бүр хайрласан шиг хайрлах хэрэгтэй л гэж би боддог. Энэ хүнийг сайхан хайрлавал илүү ихийг хийж чадна гэж би бодож байсан. Тэр үед Ганг найзууд, танилуудтайгаа нийлээд нэлээн уучихдаг байсан. Уул нь илүү гоё өөр орчинд амьдрах ёстой хүн өөрт нь шал тохироогүй орчинд амьдраад байх шиг санагддаг байлаа. Эмэгтэй хүний хайр дутагдаад тэгж амьдраад байгаа юм шиг л санагддаг байсан. Авьяастай хүнд дутагдал их байдаг юм шиг ээ. Бусад хүмүүс амьжиргаатай, арчаатай байдаг шүү дээ  /Хоёр жилийн өмнөх ярилцлагын хэсэг/  гэж ярьж байсан Daisy маань гурван хөөрхөн охины ээж. Хань нь амьд хөгжмийн хүрээнийхний сайн танил ая зохиогч Ганг. “Madness” хамтлагийн анхны соло гитарчин. Зургаа, долоон жил хэтэвчээ зузаатгах гэж биш харин оюун санаа, авьяас мэдрэмжээ хөглөх гэж өрнөдөөр хэрэн хэсч амьдарсан тэрбээр одоо хөгжмийн ертөнцөд “Гангийн” гэх огтоос өөр өнгө болж яваа. Орос сургууль төгссөн Гангийн монгол хэл ер бусын сайн. Түүний оюун санаанаас ямар гоё нандин мэдрэмж, ямар гүн шүлгүүд ундардаг гэж санана. ”Angel”, “Step”, “Цаг хугацаа”, “Мөрөөдлийн төгсгөл”, “Дурлал юу хүснэ вэ”…Бүгд Гангийн үг, ая.

Хэрвээ та Daisy-гийн анхны цомгийг сонссон бол миний юу хэлэх гээд байгааг лавтайяа батлан хэлнэ. Сонсоогүй бол сонсоод л үз.

“Эй, бүү гунигла
Сунадаг шат надад бий
Цэнхэр торгон утсыг хөвөөд
Хоёул хамтдаа тэнгэрийн үүдийг чимэглэе
Гараас минь хөтлөөч
Өнөөдөр би оёдолчин
Өглөөний шүүдрийн дусал бүрийг
Мэдрэх гэсэндээ
Улгүй шаахай нэхлээ
Мөрөөдөл минь намайг гүйцээд хэдийн оджээ
Мөнхийн зүйл үгүй еэ
Энэ голын урсгал эргэх цаг ирнээ
Эй, хараач, би бол худалдаачин
Сэтгэлийн төгсийг бясалгахдаа
Өчигдөр авснаа өнөөдөр өгөх гэж яарна
Гайхаж байна уу одоо би аянчин
Бурхны өгсөн өглөөний амьсгал бүрийг
Амтлах бүртээ бясалгал хүртье
Мөрөөдөл минь надаас холдоод хэдийн оджээ
Мөнхийн зүйл үгүй еэ
Энэ голын урсгал эргэх цаг ирнээ” …

Сонсох бүрт Ганг бясалгагч шиг л сэтгэлд бууна. Угаас Ганг өөр өнгөтэй гэдгийг түүний хөгжим, шүлэг бүрээс л мэдэрнэ. Тэр бүхнийг Daisy яг хүссэнээр нь амилуулна. Би тэднийг ер бусын сонин хосууд гэж боддогоо нуухгүй.

Гангийг “Мөрөөдлийн төгсгөл”-ийн философио нээж байхад Daisy бүсгүй хүний уян, хөвсөлзүүр сэтгэл, мэдрэмж юугаа “Мөрөөдлийн эхлэл” дуундаа шингээсэн санагддаг. Энэ яг л “ялдамхан эмэгтэй” дуу.

“Миний сүйх тэрэг сүрлэн
Хөх замаар өнхөрнө
Туулсан замаа би ойлгож ядна
Хүрэх газрын чиглэл ганцхан
Хэрэх замын урсгал алсхан
Тэнгэрийн ходоодонд ганц од гялбана
Хаа байгаа бол тэр урсгалын эхлэл
Хөтөч надаас хаа хүрэхийг нуусан хэвээр
Асуух нь зөв үү, найдсан нь дээр үү
Сүйх тэрэг минь өнхөрсөн хэвээр…”
Дээгийг хүмүүст таниулсан дуу нь мэдээж “Дурлал юу хүснэ вэ”.
“Айлчилж ирсэн зүүд чихэнд шивнэсэн үг
Амьсгаа даран байж сонссон зүрх
Эргэж харах бүрт биеллээ олсон зүүд хэд билээ
Хэн хэлж чадах вэ
Төөрч явсан салхины аялсан аялгуу
Тэнгэрт ганцаардаж үлдсэн үүлс
Дэвтэрт бичсэн миний шүлгийг уншаад
Уяран асгарсан…”

Зүүд гэснээс нээрээ нэг гоё зүүд ярьж өгье. Мэдээж минийх биш л дээ. Гангийн зүүд гэсэн. Гангийн зүүдний ертөнц их сонирхолтой гэнэ. Бараг л үргэлж янз бүрийн этгээд сонин зүүд зүүдлээд түүнийгээ өглөө сэрэхдээ мартахгүйн тулд Дээгийг маань шөнө дунд ч хамаагүй сэрээгээд зүүдээ ярьж өгдөг гэх. Өглөө нь Дээгий эргүүлээд Гангд зүүдийг нь ярьж өгнө. Саяхан Ганг хүн төрөлхтөн, ургамлууд хоорондоо дайтаж байхыг зүүдэндээ үзжээ. Хүмүүс бүгд нэг тийм бэхлэлт цайзанд орчихсон, цэргүүд нь гаднаа байлдана. Харин ургамлууд хүмүүс рүү дайраад л. Хамгийн том цэрэг нь хүний дайтай том өргөст кактус. Ургамал бүхэн өөрийн зэвсэгтэй. Наалдамхай бодистой ургамлууд түүнийгээ цацна, кактусууд өргөсөөрөө хатгана, эсвэл ороонги ургамлууд хүмүүсийг орооно. Тэгээд тэмцэл ид ширүүхэн өрнөж байх үед нэг бяцхан хүү ургамлуудыг үнсээд яваад байж гэнэ. Тэгтэл үнсүүлсэн ургамал бүхэн дайрахаа больж, байрандаа зогсоно. Ингээд хүмүүс тэднийг хайрлах л юм бол энэ тэмцэл дуусна гэдгийг ойлгожээ. Зүүд энд хүрээд өндөрлөсөн гэнэлээ. Бид нар зөндөө инээлдэж хэрвээ чиний энэ санааг “Dreamworks” сонсвол худалдаж аваад анимэйшн хүүхэлдэйн кино хийнэ дээ гэцгээсэн юм.

Нэг удаа би Дээгийгээс “Daisy, чи дахиад “Зөрлөг” киноны дуу шиг тиймэрхүү стилийн дуу дуулж болдоггүй юм уу. Тэгвэл хүмүүст их хүрнэ ш дээ” гэсэн чинь “Ганг бид хоёрын стиль үнэндээ биш болохоор үнэндээ уйтгартай шүү дээ” гэж байсан. Уул нь Daisy масст таалагдъя гэвэл “Дурлал чи юу хүснэ вэ” гэдэг шиг дуу хэдийг дуулахад л хүмүүсийн хэлээд байдагчлан од болно доо. За за, тэнэг бодол.

Дээгий тоглолтоо цомгийн эхний дуу “Angel”-ээр эхэлсэн. Энэ дуу Ганг, Дээгий хоёрын хувьд их үнэ цэнэтэй. Ганг ганц төрсөн дүүгээ алдаад “Angel”-ийг зохиож байсан гэдэг. Зураг зурдаг, хөгжмийн авъяастай маш сайхан залуу байсан талаар ч Дээгий дурсч байсан юм.

“Хаврын харзан дээгүүр чи зовлонгоо тээсэн
Мөс цөмөрч ороход чи сэтгэлээ гээсэн
Өршөөл үгүй нуурын гүнд чирч одсон
Цөхрөл чиний зүрхийг эзэмдэхэд
Түнэр харанхуй дунд чи үлдэхээр шийдсэн
Хүмүүст өгөх гэж тээж явсан
Бяцхан гал тэнд унтарсан
Харин зовлон хичнээн хүнд байсан ч
Харзны ирмэг дээрээс зүүгдээд үлдсэн
Чамд тэр дассан байсан
Харз руу түлхсэндээ харамссан…
Энэ ертөнц чамайг ойлгож чадсангүй
Дуулах гэж ирснийг чинь тэд мэдсэнгүй
Чамайг би хамгаалж чадсангүй
Чамайг тэнгэрийн элч байсныг би мэдсэнгүй
Уянгат чавхдас оршсон
Оньсон хөгжмөө чи надад өгсөн”…

6 сарын 25. Хавьд сонсоогүй гоё хөгжим, гоё дуунууд байлаа. Судалтай урт цамц, хар өмдтэй Daisy маань энэ үдэш энгийнээс энгийн байв. Тэр даашинз сольж өмсөөгүй, хиймэл сормуусаар нүдээ гоёж, нүүрээ ч тод будаагүй. Яагаад гэвэл миний найз Daisy гялгар цаастай чихэр шиг биш… Нүүрний будалт, даашинз ч яахав, дуу хоолой чинь л хамгаас гоё байлаа. Бас “He man” хамтлагийн “Whats up” дууг cover-лаж дуулсан чинь маш их таалагдсан шүү. Үзэгчид чиний хоолойнд чин сэтгэлээсээ алга ташиж байналээ.

Ингэхэд нээрэн Daisy гэдэг чинь Хонин нүдэн цэцэг юм билээ, хүмүүс ээ. Хонин нүдэн цэцэг тэр үдэш цоо шинэ Yamaha гитартай гэртээ харьсан. Дахин олон, олон ер бусын дуунууд хийгээрэй. Авьяастай хүнийг л хайрла. Бусад нь яаж амьдрахаа мэддэг гэсэн дээ.

Ж.НАНДИА.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж