БНСУ-д 25 оюутан суралцуулна

Хуучирсан мэдээ: 2011.06.27-нд нийтлэгдсэн

Хэнтий аймагт зургадугаар сарын 22, 23-нд зохион байгуулсан Өмнөд Солонгосын Хан Мин их сургуульд элсэн суралцах сурагчдын шалгалтын дүн гарлаа. Нийт гурван төрлөөр явагдсан шалгалтын ерөнхий эрдэм, гадаад хэлний шалгалтуудыг аймгийн засаг даргын тушаалаар батлагдсан комисс авч, харин ярилцлагын шалгалтыг Солонгосын тал авсан юм. Солонгосын талаас Хан Мин их сургуулийн дэд захирал, Шинэ тосгон тэнхимийн эрхлэгч, гадаад харилцааны хэлтсийн ажилтан гэсэн бүрэлдэхүүнтэй хүрэлцэн ирсэн ба ярилцлагын шалгалтанд 25 сурагч хамрагдаж, харилцан ярилцаж хүүхдүүдийн үзэл бодлыг сонссон байна. Гэрээнд тусгагдсанаар 20 сурагч элсүүлэх байсан ч эцсийн дүн гарахад солонгосын төлөөлөгчид 25 сурагчийг бүгдийг элсүүлэх болсноо мэдэгдэж, энэхүү шийдвэрт сурагчдын чин хүсэл сонирхол, цаашдын зорилго, өөрийгөө илэрхийлэх чадвар багагүй нөлөөлсөн гэв. Мөн гадаад орны оюутан сурагчдыг элсүүлэх үйл ажиллагаа Хэнтий аймагт хамгийн идэвхтэй, үр дүнтэй, зохион  байгуулалттай хэрэгжиж байгааг төлөөлөгчид тэмдэглэн хэлсэн юм.

Өмнөд Солонгосын төв хэсэгт байрладаг Тэжон хотод байдаг Хан Мин их сургууль нь 2 цогцолбор, 10 тэнхимтэй, дөрвөн салбар байгууллага, есөн салбар судалгааны төв, хоёр салбар боловсролын байгууллагатай, салбарынхаа хүрээнд нэр төртэй шилдэг хувийн сургуулиудын тоонд ордог бөгөөд өнгөрсөн гуравдугаар сарын 1-нээс Шинэ тосгон тэнхимийг шинээр нээж гадаадын оюутан сурагчдыг элсүүлж байгаа ажээ. Өөрчлөлт, бүтээлч байдал, шинэчлэлийн хөгжилд ард иргэдийн хөдөлгөөний олон улсын чанартай удирдагчийг бэлтгэх, хөдөлмөрч байдал, өөрийгөө ялах, эв нэгдлийн “Шинэ тосгон” хөдөлгөөнөөр дэлхий ертөнцийн хөгжилд хувь нэмэр оруулах олон улсын чанартай тус тэнхим нь одоогоор Монгол, ОХУ, Филлипин, Непалын оюутнуудыг  газар тариалан, МАА, мод үржүүлэг, арчилгаа, загасчлалын онол зэрэг мэргэжлээр сургахаар элсэлтээ авч  байна.

Ирэх есдүгээр сарын 1-нээс зургаан сарын хугацаанд хэлний бэлтгэлд сууна. Харин ирэх оны гуравдугаар сараас “Шинэ тосгон” тэнхимийн албан ёсны оюутнаар элсэх юм. Тус хичээлийн жилийн нээлтийн үйл ажиллагаанд Хэнтий аймгийн засаг дарга Ч.Эрдэнэбаатар болон Солонгос улсад суугаа бүрэн эрхт Монголын элчин сайд оролцохоор төлөвлөгдөөд байгаа ажээ.

Гадаад улсад сурахад мөнгө, санхүүгийн асуудал томоохон асуудал болдог. Эдгээр сурагчдын хувьд сургалтын төлбөрийг Хан Мин сургуулиас 50% хөнгөлсөн, Солонгос улсад гэрээгээр сурч байгаа оюутнууд ажил хийх хориотой байдаг боловч Хан Мин сургуулийн талаас сургалтын 50%-ийн төлбөрийг сурагчдаар сургалтын бусад цагт нь өөрсдөд нь тохирсон ажилд зуучилж эрүүл мэндийн даатгал, хоол хүнс болон өдөр тутмын хэрэгцээгээ хангах нөхцөл боломжийг бүрдүүлэх ажлыг хариуцах гэнэ. Аймаг, орон нутаг болон тус сургуулийн зүгээс багагүй хөнгөлөлт боломжуудыг олгож эдгээр сурагчдыг элсүүлжээ. Элсэн суралцаж буй сурагчид маань өөрсдийн үүрэг хариуцлагаа ухамсарлан амжилттай суралцан төгсч, шинэ тосгон хөдөлгөөнийг нутаг орондоо өрнүүлэн хэрэгжүүлж, хөдөлмөрч, бүтээлч байж улс орныхоо хөгжил цэцэглэлтэнд өөрийн хувь нэмрээ оруулах, цаашид хоёр улсын хооронд тавигдаж буй энэхүү үйл ажиллагаа  үргэлжлэх, орон нутгийн олон олон залуусын сурч боловсрох үүд хаалгыг нээсэн үр дүнтэй эхлэл болно гэдэгт эцэг эхчүүд болон аймаг орон нутгийн удирдлагууд, Хэнтий нутгийн ард иргэд итгэж найдаж байгаа юм.

И.Байгальмаа
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж