Гадаадад байгаа монголчуудтай онлайнаар уулзана

Хуучирсан мэдээ: 2011.06.27-нд нийтлэгдсэн

Гадаадад байгаа монголчуудтай онлайнаар уулзана

Монгол Улсын Ерөнхий сайдын дэргэдэх Хилийн чинадад амьдарч буй Монгол Улсын иргэдтэй хамтран ажиллах зөвлөлөөс Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих ажлыг зохион байгуулах үндэсний хороотой хамтран энэ сарын 29-ний орой 18.30 цагаас Төрийн ордонд “Зөгийн үүр” цахим уулзалт зөвлөгөөн хийх гэж байна. Энэ нь Хөдөлмөр эрхлэлтийн жилийг тохиолдуулан гадаадад байгаа монголчуудтай хийж буй анхны телемост уулзалт бөгөөд Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд оролцох юм.

“Зөгийн үүр-2011” цахим уулзалтын талаар Хилийн чинадад амьдарч буй Монгол Улсын иргэдтэй хамтран ажиллах зөвлөлийн ажлын албаны дарга Ч.Энх-Эрдэнэ, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жилийн ажлыг зохион байгуулах үндэсний хорооны нарийн бичгийн дарга Х.Ганбаатар нар хэвлэлийн бага хурал хийлгэлээ. Уулзалтад гадаадын өндөр хөгжилтэй оронд сурч, ажиллаж байгаад эх орондоо эргэн ирж ажлын байр бий болгосон, бизнес эрхэлж амжилт олж буй иргэд  оролцож санал бодлоо солилцох юм байна. Гадаадад ажиллаж амьдарч буй иргэдэд дотоодын бүтээн байгуулалтад оролцох, эх орондоо ирж нарийн мэргэжлийн ажил эрхлэхийг тус уулзалтын үеэр санал болгон урих ажээ. Телемостод гадаадын 22 орчим оронд ажиллаж амьдарч, сурч байгаа иргэд оролцохоор болсон байна. Мэдээллийн дараа Ч.Энх-Эрдэнэ, Х.Ганбаатар нар сэтгүлчдийн асуултад хариуллаа.

-Гадаадад байгаа иргэд телемостод яаж оролцох вэ. Элчин сайдын яамд оролцож зохион байгуулах уу?


Ч.Э:
-Хамгийн олон монголчууд оршин суудаг БНСУ, АНУ, ХБНГУ-ын ЭСЯ-д уулзалтыг зохион байгуулахаар болсон. Мөн yahoo, facebook зэргээр зарлаж байгаа. “Зөгийн үүр” хөтөлбөрийг 2010 оны долдугаар сараас зарласан. 2011-2012 онд хэрэгжүүлнэ.

-Монголын хэдэн иргэн хэчнээн оронд ажиллаж сурдаг вэ?

-Дэлхийн 40 гаруй оронд 116 гаруй мянган монголчууд ажиллаж амьдардаг. Тэднээс төрийн яам, агентлагууд, төрийн бус байгууллагууд өндөр, нарийн мэргэжлийн мэргэжилтнүүдийг эх орондоо ирж ажиллахыг урих юм. Төрийн байгууллагад 6700 орчим нарийн мэргэжилтэн хэрэгтэй. Төрийн бус 17 байгууллага саналаа ирүүлсэн. Тэд 119 нарийн мэргэжилтний захиалга өгсөн.

-Нарийн мэргэжил гэдэгт ямар мэргэжил багтах вэ?

-Төрийн байгууллагад гэвэл НХХЯ-нд дохио, зангааны мэргэжилтэн, ЭМЯ-нд бөөр шилжүүлэн суулгах мэргэжлийн эмч, үр тогтоох мэргэжлийн эмч, ЗТБХБЯ-нд авто зам, нисэхийн салбарт 2700 мэргэжилтэн хэрэгтэй гэсэн захиалга байна.

                    Д.ОЮУН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж