Монгол үндэсний язгуур урлагийг дэлхийн сонгодог урлаг, поп, рок, жазз, электро, “R and B” зэрэг шинэ урсгал төрлүүдтэй хослуулан “этник” урсгалаар уран бүтээлээ туурвидаг “Шуранхай” хамтлагийн дуучин Д.Үүрийнтуяа өнөөдөр “Монгол ньюс” мэдээллийн төвд бие даасан тоглолтынхоо талаарх мэдээлэл хийлээ. Тэрбээр ирэх долдугаар сарын 7-нд Монгол Бөхийн өргөөнд тоглолтоо хийхээр болжээ. Уг тоглолтод Морин хуурын чуулга, Төрийн соёрхолт, Гавьяат жүжигчин Д.Сосорбарам, Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулга, уртын дууч Д.Жавхаасайхан, “Шуранхай” хамтлаг, дуучин Д.Болд, “Хөсөгтөн”, “Увертура”, “S-4” хамтлаг, уран нугараачид оролцох юм. Харин тус тоглолтын тайз засалыг “Чуба дизайн”-хан маш өвөрмөц байдлаар хийж байгаа гэнэ. Энэхүү тоглолтод ирсэн үзэгч, сонсогчид ардын дууг ая, аялгаар нь яаж урладгийг мэдрэх аж. Тоглолтын сюрпризээс задлахад тус хамтлагийн дуучин Г.Эрдэнэчимэг энэхүү тоглолтод урилгаар оролцох бөгөөд “Шуранхай” хамтлаг бүрэн бүрэлдэхүүнээрээ “Цомбон туурайтай хүрэн” дуугаа гурван хоолой салган этник хэлбэрээр толилуухаар бэлтгэжээ. Мөн дуучин Д.Үүрийнтуяа сүүлийн жилүүдэд тасраад байгаа уртын дууг бүтнээр нь дуулах уламжлалыг сэргээн нийслэл хотноо долоон сарын 3-нд бүх уртын дуучдыг олон бадаг уртын дууг бүтнээр нь дуулаач ээ хэмээн уриалсан юм. Одоогоор хараахан газраа тохироогүй байгаа ч түүний энэхүү уриалгыг хүлээн авч, оролцох болсноо уртын дууч, соёлын тэргүүний ажилтан докторант Ц.Дэлгэр, гавьяат жүжигчин Б.Базарбат зэрэг хүмүүс уламжлаад байгаа гэнэ. Дуучин маань энэхүү уриалгаа бүх хүмүүст хүргэж байгаа бөгөөд энэ өдөр заавал мэргэжлийн дуучин гэхгүй уртын дуу сонирхдог хэн бүхнийг ирж ая дуугаа өргөн түрлэг нэмээсэй хэмээн хүсч байгаагаа уламжилсан юм.
Дашрамд сонирхуулахад, тус хамлагийнхан намраас хөдөө орон нутаг болон гадаадад суугаа монголчууддаа ая дуугаа хүргэхээр төлөвлөөд байгаа гэнэ.
Г.Даша