Боловсрол суваг телевизийн кино код нэвтрүүлэг ирээдүйн киноны дүр төрхийг эрэлхийлэн жүжигчин сонгох проб шоуг хүргэж байна. Хүн бүрт кинонд тоглох боломжийг нээсэн энэхүү алхам ширүүхэн өрсөлдөөн, сонирхолтой үйл явдлаар дүүрэн буй. Гэвч проб шоуны оролцогчдоос гадна мэргэжлийн жүжигчид ард түмний кинонд тоглох нь зүй ёсны хэрэг. Тиймээс ч кино код төслийн багийнхан / төслийн багийн зөвлөх Р. Батсайхан, төслийн багийн гишүүн О. Оюун / чухам хэн гэдэг жүжигчин “Ганган Төгс” -ийн тухай хийгдэх түүхэн кинонд тохирох эсэхийг 6 сарын 26-ны ням гарагийн 23 цагт шууд нэвтрүүлгээр үзэгчидтэй холбогдож санал бодлыг нь сонслоо. Нэвтрүүлгийн үеэр дийлэнх үзэгчид киноны гол дүр буюу “Ганган Төгс”-ийн дүрд тоглох жүжигчдийг санал болгосон. Мөн морь унах чадвар, бие бялдар, авъяас чадвар гээд бүхий л зүйлийг маш сайн харах нь зүйтэй болохыг захилаа . Харин төслийн багийнхны зүгээс үзэгчдийн санал болгосон жүжигчид болон өөр бусад мэргэжлийн жүжигчдэд урилга хүргүүлж дүрийн сонголтоо хийнэ гэдгээ илэрхийллээ.