Монголын агаарын тээврийн хөдөлгөөн 112 хувиар өснө

Хуучирсан мэдээ: 2011.06.27-нд нийтлэгдсэн

Монголын агаарын тээврийн хөдөлгөөн 112 хувиар өснө

Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвөөс “Монгол улс: Агаарын харилцааны либералчлалын үр нөлөө” сэдвээр судалгаа хийсэн байна. Судалгааны зорилго нь Монгол улсад агаарын тээврийн үйлчилгээг либералчлахад гарах боломжит үр нөлөөг судлах, ямар чиг хандлага барьж болох талаар ойлголт өгөх явдал аж. Энэхүү судалгаагаа АНУ-ын Хөгжлийн агентлагийн тусламжтайгаар олон улсын InterVISTAS компанитай хамтран хийжээ.

Монгол улсын эдийн засаг хурдацтай хөгжиж байгаа энэ үед агаарын тээврийн үйлчилгээний зах зээл тэлэх боломжтой. Ялангуяа далайд гарцгүй манай улсын хувьд агаарын тээврийн үйлчилгээ хөгжих нөөц хангалттай бий юм.  Монгол улсын Засгийн газраас гадаадын 30 гаруй оронтой хоёр талт агаарын тээврийн хэлэлцээрийг байгуулсан байдаг ч ердөө дөрөвхөн идэвхтэй чиглэл буюу Улаанбаатараас Бээжин, Москва, Сөүл, Токиогийн чиглэлд олон улсын нислэг үйлдэж байна. Харин агаарын тээврийн үйлчилгээг чөлөөлснөөр зорчигчид агаарын тээврийн олон үйлчилгээг хямд үнээр авах боломж нээгдэх юм. Мөн либералчлал нь Монгол улсын ДНБ-ийг өсөх, хөдөлмөр эрхлэлт нэмэгдэх зэргээр нийт эдийн засгийн өсөлтөд олон талаар хувь нэмэр оруулах болно хэмээн судалгааны багийнхан үзжээ.

Олон улсад агаарын тээврийн зах зээлийг либералчилснаар эдийн засагт бүхэлд нь үр нөлөө өгсөн олон баримт байдаг. Тухайлбал, Европын Холбооны агаарын тээврийн либералчлалын үр дүнд тийзийн хөнгөлөлттэй үнэ 34 хувиар буурч, Европын Холбооны агаарын тээврийн хөдөлгөөн хоёр дахин нэмэгдсэн байна.

Харин Монголд агаарын тээврийн зах зээлийн либералчлалыг хоёр талт хэлэлцээрийн хэмжээнд бүрэн хэрэгжүүлсний үр дүнд бий болох урт хугацааны үр нөлөө ямар байх бол гэдгийг судалгаагаар гаргажээ. Тухайлбал, Монголоос эхлэх, дуусах агаарын тээврийн хөдөлгөөн 2-3 жилийн дотор 112 хувиар өсөх боломжтой аж. Мөн либералчлал нь тийзийн үнийг дунджаар 42 хувиар буулгаж, Монголд агаараар зорчигчид олон улсын нислэгийн тийзийн үнээс нийт 121 сая ам.доллар хэмнэх тооцоо гарчээ.

Харин улсын эдийн засагт үзүүлэх нөлөөг нь авч үзвэл агаарын тээврийн либералчлал нь иргэний нисэх, аялал жуулчлал, эдийн засгийн бусад салбарт 21.540 бүтэн цагийн шинэ ажлын байр бий болгох төлөвтэй бөгөөд нийт хөдөлмөр эрхлэлтийг дунджаар 2.1 хувиар өсгөх боломжтой аж. Мөн жил тутам 189.9 сая ам.доллар нийт эдийн засагт орох нь ДНБ-ийг 2.5 хувиар нэмэгдүүлсэнтэй тэнцэх юм байна.

Дашрамд дурдахад Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төв нь өнгөрсөн хоёрдугаар сард Монгол улсын өрсөлдөх чадварын анхдугаар тайланг гаргаж байсан юм.

С.Болд

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж