Тийм ээ, МАХН хэмээх товчлол Ц.Элбэгдоржийн халаасанд байсан. Учир нь Улсын дээд шүүх бол Төрийн тэргүүний мэдлийн институци. Харин Үндсэн хуулийн Цэц Ардын намынхны хяналтад бий. Тиймээс эрх баригч хүчнийхэн олонхийн сүр хүчинд хэт найдаж, Цэцийн шийдвэрт эрдсэндээ алдаа гаргалаа. Давааны цаадах давааг олж харсангүйдээ эрсдэлтэй байдалд орцгоов. Тэр тусмаа Ардчилсан намыг МАНАН-ын “мансууруулах бодис”-оос ангижруулах гол зэвсэг нь Н.Энхбаяр тэргүүтэй МАХН-ынхан байх юм чинээ төсөөлсөн ч үгүй явцгаажээ. Одоо яая гэх вэ. Тэд хоёр “Э”-ийн тавьсан “хавх”-нд орчихлоо. УИХ-ын 2012 оны сонгууль, тэр ч атугай Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2013 оны сонгууль эхэлтэл үүнээс гарах гарцыг хайх хэрэгтэй болох нь.
“УИХ сонгуулийг мажоритари тогтолцоогоор явуулахаар хуульчилбал Төрийн тэргүүн би хориг тавина” гэж. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнгөрсөн намрын чуулганы нээлтийн үеэр ийм утгатай үг хэлсэн. Харин Ардын намынхан түүний хэлснийг огоорч, Ардчилсан намынхантай суудал хуваан сууснаа умартаж орхисон. Харамсалтай нь өнгөрсөн өдрүүдэд Ардчилсан намынхан сөрөг хүчний имижээ дахин тодотгож, эрх баригч хүчний эсрэг зогссон нь Ц.Элбэгдоржийг Улсын дээд шүүхийнхэнд лүндэн буулгахад хүргэв. Олонхийн хүчээр далайлгаж, цөөнхийг ямагт буланд шахдаг үзэгдэл нь түүний “аллерги”-г хөдөлгөх нь тэр. Тиймээс МАХН хэмээх товчлолыг Ардын намынхны ангийн дайснуудад өгч, Н.Энхбаярт эвлэлдэн нэгдэх хэмээгч ардчиллын үнэт зарчим үйлчлэх ёстойг санууллаа. С.Батболдын багийнхан Ардчилсан намынхны эрх чөлөөнд халдсанд бухимдсан Ерөнхийлөгч экс Ерөнхийлөгчөөр УИХ-ын дарга байхдаа батлуулсан Улс төрийн намуудын тухай хуулийг нь зөрчүүлэв. Учир нь уг хууль, тэр тусмаа “Тухайн нам нэрээ өөрчилсөн тохиолдолд түүнтэй санал нийлээгүй тус намын гишүүн болон бусад иргэн, хуулийн этгээд аливаа хэлбэрээр өмчлөх, үргэлжлүүлэн хэрэглэхийг хориглоно” гэсэн утга бүхий 15.6 дахь заалтын автор нь Н.Энхбаяр юм. Гэвч “Үндсэн хуулийн дээр хөх тэнгэр л бий” хэмээж явсан Ардын намынханд “эцэг” хуулийн дээр чухам ямар тэнгэр байж болдгийг Ерөнхийлөгч өөрийн биеэр нотоллоо.
Ардын намын дарга С.Батболдод хэлж амжаагүй үг бий. Тэрбээр “Улс төрийн тайзан дээрх хөшигний араар битгий шагайгаарай” хэмээн хэлж амжаагүй байсан юм. Харамсалтай нь “Монгол Улсад шилжилтийн эрин үе эцэс болсон. Одоо эрх баригч хүчний имижийг шинэчлэх цаг болсон” хэмээн тунхагласных нь цаана чухам юу нуугдаж байсныг Төрийн тэргүүн олоод харчихжээ. Тиймээс Ц.Элбэгдорж С.Батболдод “Улс төрийн тавцнаа мөнхийн гоцлон дуулаач гэж үгүй” хэмээх утгатай зурвас бичиж, Ардын намынхны “Хөх тэнгэр”-т Н.Энхбаярынхнаар ёслолын буудлага буудууллаа. Одоо улс төрд их үдийн нар шарж байна. УИХ-ын 2012 оны сонгуулийн марафон хэдийнэ эхэлж, намууд Ерөнхийлөгчийн 2013 оны сонгуульд хөшигний цаана сэмхэн бэлтгэж байна. Тийм ээ, тэр өдрийн тэр цагт Ц.Элбэгдорж Ардын намаас нэр дэвшигч С.Баяртай Төрийн тэргүүний сэнтийн төлөө өрсөлдөх нь гарцаагүй. Тиймээс ардчилсан Ерөнхийлөгч эрх баригч хүчний эмблем болж явсан Н.Энхбаяраар хориглон хамгаалалт хийж эхэллээ. Ганцын хүчээр олонхийг дийлэхгүй тул мань эр Ардын намыг МАХН-тай нь, С.Баярыг Н.Энхбаяртай нь “наалдан пад” болгохоор шийдсэн нь энэ. Хоржоонтой үгтэй Ерөнхийлөгч маань С.Батболдын багийнханд нэг иймэрхүү юм зэхжээ. Учир нь Ардын намынхан энэ цаг үеэс ирэх сонгууль хүртэл Н.Энхбаярын штабынхантай тулалдаж, экс Ерөнхийлөгчийн хүчээр С.Баярыг сульдаах нь Ц.Элбэгдоржид ашигтай. Ийм учраас Ц.Элбэгдорж Н.Энхбаярт “виз” өгч, халаасан дахь нууц төлөвлөгөөгөө хэрэгжүүлж байна. Гэвч ингэхэд Ардын нам, МАХН-ын чухам аль нь шинэ нам юм бэ. Олон нийтийн дунд иймэрхүү утгатай егөөдөл хэдийнэ газар авчээ. Гэлээ гээд яалтай. “Намаа шинэчилнэ” гэсэн С.Батболдыг хүнд хэцүү цагт нь намналтай биш дээ, ямар. Түүний төрсөн өдрөөр задалсан Ерөнхийлөгчийн оргилуун дарсанд Ардын намынхан тэр чигтээ “шартчихаад” байна. Харин тээр тэнд нэгэн хүн тэднийг тавласан харцаар ширтэж сууна. Мэдээж хэрэг, энэ эрхэм бол Ардын намынхны улаан сарнайг энгэртээ хатгасан экс Ерөнхийлөгч Н.Энхбаяр. С.Батболдын даргалж буй намыг гишүүдтэй, бас түүхтэй нь үгүй хийх “тэсрэх бөмбөг” түүний гарт бий. Н.Энхбаярыг хөдөлгөх “түлхүүр” Ц.Элбэгдоржид байна. Ямартай ч тэд МАНАН дээрх “үүл”-ийг буудаж, бороо орууллаа. Гэвч энэ бол зөвхөн эхлэл. Экс, эдүгээгийн Ерөнхийлөгч нар Ардын намынхны эсрэг ямаршуухан шийдэлтэй мелодрам найруулахыг харж л байя.
Зохиогчийн эрх: "Улс төрийн тойм" сонин