“Винсвэй”-н хувьцаа моодонд орох цагаар

Хуучирсан мэдээ: 2011.06.27-нд нийтлэгдсэн

“Винсвэй”-н хувьцаа моодонд орох цагаар

Винсвэй”-н хувьцааны үнэ 39 хувиар өсөх боломжтой. Мэргэжилтнүүд ийн тооцоолжээ. Хөрөнгө оруулалтын банкны үйлчилгээ үзүүлдэг MICC компанийн судалгааны багийн шинжээчдийн тооцооллоор Хонконгийн бирж дээр “1733” кодтойгоор арилжигддаг энэ үнэт цаас HK$5.79 хүртэл өсөх боломжтой юм байна. Юун “Винсвэй” вэ, хувьцаа нь өснө үү, буурна уу хэнд хамаатай гэж битгий бодоорой. Бөөрөнхий дэлхий өнөөдөр хавтгай болсон. Гэхдээ хэлбэр дүрсээр нь хэлсэн юм биш шүү. Бөмбөрцгийн хаана байгаа хэнбугай ч өгөөж өгч мэднэ гэсэн үнэт цаасыг худалдан авч, бас зарж хөрөнгөө эргэлдүүлэх боломжтойг л дэлхий хавтгай болсон гээд байгаа хэрэг.   

“Энержи ресурс” буюу ММС-г IPO хийхээс хоёр хоногийн өмнө “Винсвэй” Хонконгийн бирж дээр гарсан юм. Монголын нүүрсний зах зээл дээр өрсөлдөгч хэмээн хардаг компаниуд тохиолдлоор уу, ямар ч байсан нэг бирж дээр зэрэг шахам гарсан билээ.

Таван жилийн өмнө сураг ч үгүй байсан Хятадад төвтэй худалдааны компани Монголын нүүрсний өгөөжөөр богино хугацаанд асар томрон хүчирхэгжлээ. Одоо 2 тэрбум ам.долларын зах зээлийн үнэлгээтэй. Монголын нүүрсээр ийм их ашиг олжээ. Цаашаа ч улам томрох ирээдүй бий. “Винсвэй”-г товчхон тодорхойлбол, дэд бүтцээс алслагдсан Монголын түүхий нүүрсийг хямд үнээр авч, угаагаад өндөр ашигтайгаар Хятадын зах зээлд нийлүүлдэг компани. Өргөн хүрээнд бол Монголоос гадна ОХУ, АНУ, Канад болон Австрали зэрэг нүүрсээр баялаг орнууд ч бас “Винсвэй”-н ханган нийлүүлэгчид нь.

Гэхдээ дийлэнх нүүрсээ Монголоос авдаг. Худалдаж авсан нүүрснийх нь 70 шахам хувь Монголынх. Монголын хамгийн том дөрвөн нүүрс экспортлогч түүнд түүхий нүүрсээ нийлүүлдэг юм. МАК, “Тавантолгой” ХК, “Саусгоби сэндс”, Энержи ресурс” нь  Тавантолгой, Нарийнсухайтын нүүрсний ордын эзэмшигчид бөгөөд ордууд Өмнөговьд байршилтай. Энэ ордууд Монгол Хятадын хилийн боомттой ойрхон байршдаг. “Винсвэй”-н нүүрсээ тээвэрлэдэг хоёр боомт төмөр замтай холбогдоогүй учраас хүнд даацын ачааны машинаар нүүрсээ зөөнө. Ачааны машин хил давж нүүрс зөөх хоёр улсын гэрээ хэлэлцээргүйн улмаас ачсан нүүрсүүд хил дээр бууж байгаа.

Хятадын хилээр гарч буй нүүрсний дийлэнх хувь нь Сэхээ болон Ганц модын хилийн боомт дээр очдог. Нийт нүүрсний 37 хувь нь Ганц модоор дамждаг бол үлдсэн ихэнх хэсэг нь Сэхээ боомтод ногддог гэхээр эдгээр нь Монголын нүүрсний хувьд ямар чухал боомтууд болох нь харагдаж байгаа байх. Энэ чухал боомт газар “ноён Винсвэй” автотээврийн зогсоолуудаа хэдийн байгуулаад амжсан. “Винсвэй”-н ложистикийн цогцолбор дээр буулгасан нүүрс цаашаа Хятадын төмөр замаар тээвэрлэгдэн эцсийн хэрэглэгчдээ хүрэх маршруттай.   

Нүүрсийг их хэмжээгээр худалдан авч, тээвэрлэхэд тээвэрлэлтийн томоохон бааз зайлшгүй шаардагдана. Энэ бааз бас л ганц “Винсвэй”-д бий. Энэ бүхэн Монголын нүүрсийг үнэ цэнд хүргэж, өрсөлдөгчгүйгээр их ашиг олдог давуу талууд нь. Нүүрс худалдаж аваад зогсохгүй тээвэр ложистикийн иж бүрэн үйлчилгээ үзүүлэгч “Винсвэй”-д одоогоор өрсөлдөгч байхгүй. Цаашид ч энэ зах зээлд шинэ өрсөлдөгч нэвтрэхэд бэрхтэй.

Тэгээд бас болоогүй ээ, хилийн цаана нүүрсний хэд хэдэн үйлдвэртэй. Хятадын гангийн үйлдвэрүүд өөр өөр шинж чанар бүхий боловсруулсан нүүрс хэрэглэдэг учраас худалдан авагчдынхаа хэрэгцээг хангахын тулд “Винсвэй” өөрийн нүүрс боловсруулах үйлдвэрүүдийг байгуулжээ. Ирэх жилүүдэд тэднийгээ улам өргөжүүлэх төлөвлөгөө бий. Урад Жончи болон Сэхээд байрладаг хоёр үйлдвэрийнхээ хүчин чадлыг нэмэгдүүлэхээс гадна шинээр 5 үйлдвэр байгуулахаар төлөвлөжээ. Шинэ үйлдвэрүүдээ нүүрс тээвэрлэх замд ойр барина гэж байгаа. Хятадын зах зээлд нүүрсийг хямд зардлаар хүргэх тээвэр нь төмөр зам. Тийм ч учраас төмөр зам болон төмөр замын ложистикийн цогцолбор барих олон төсөлд “Винсвэй” хөрөнгө, хүч хаяж байна.

Энэ “Винсвэй” гэгч компани Монголын нүүрсний салбарт ямар том орон зай эзэлж, байр сууриа бататгаж авсныг харж байгаа биз. Нүүрсний том ордуудаа дэлхийд зарлан баярхаж байгаа ч үнэ цэнээ өгөх ёстой зах зээлд нь хүргэж чадахгүй байгаа нүүрс маань энэ компанийг өнөөдөртөө томруулаад зогсохгүй, ирэх он жилүүдэд ч өгөөж, ашгийг амлаж байна.

Монголын компаниуд өөрсдөө нүүрсээ угаагаад зардаг бол “Винсвэй”-н маржин багасах нь зүйн хэрэг. Гэхдээ ингэтлээ зай их байна. MICC компанийн Ерөнхийлөгч Д.Ачит-Эрдэнийн хэлснээр, ямартай ч ойрын 3-5 жилдээ “Винсвэй”-н бизнес маш их ашигтай байх нь гарцаагүй. Монголын Засгийн газрын шийдмэг бус байдал ойрын хэдэн жилдээ “Винсвэй”-н бизнест таатай нөлөө үзүүлэх нь. Монголын төмөр замын бодлого тодорхой биш байгаа нь ганц “Винсвэй” ч биш Хятадын худалдааны болон тээврийн компаниудад өргөн боломжийг нээж өгч байгаа. Хэрвээ төмөр замтай бол дундын зуучлагчид очиж буй энэ их хөрөнгөөс үндэсний компаниудад шингэж үлдэхсэн.   

Гэхдээ нэмүү өртгийг эх орондоо шингээх гэсэн компаниудын ирээдүйн зорилт энэ ашигтай урсгалыг хязгаарлах нь гарцаагүй. Үүнийг “Винсвэй” бодолцохгүй байна гэж юу байхав. Дэлхийн хамгийн том нүүрс импортлогч “Peabody”-тай дэр нэгтгэн “Пибоди-Винсвэй Монголия” компанийг байгуулж, Монголд өөрийн ордтой болохыг эрмэлзэж буй. Хайгуулын 47 лицензээс гадна нүүрсний ордын ашиглалтын 3 ч лиценз эдний гарт бий. Бас Монголын нүүрсний баялаг ордуудыг эзэмшигчидтэй стратегийн урт хугацааны гэрээнүүдийг байгуулчихаад байгаа. Санхүүгийн ертөнцийн амьдрал хэтэрхий гэмээр хурдтай эргэж байгаа энэ үед 5-10 жилийн гэрээнүүд байгуулчихсан овсгоотой нөхөд. Тэр хэлцлүүд нь “Винсвэй”-д хөрөнгийн захаас асар их мөнгө цуглуулах итгэл найдварыг өгч буй.    

“Винсвэй” сүүлийн үед ОХУ руу ихээхэн анхаарал хандуулж байна. Энэ орноос нүүрсний нийлүүлэлтээ эрс нэмэгдүүлэх алсын бодолтой. Сибирийн зүүн хэсэг Забайкал орчим Апсацкое хэмээх коксжих нүүрсний ордын 60 хувийг худалдаж авахаар төлөвлөөд байгаа гэнэ. Энэ орд нь 675 сая тонн нөөцтэй юм байна.

“Винсвэй”-н хамгийн том хувьцаа эзэмшигч нь ноён Ван бөгөөд нийт хувьцааны бараг тэн хагас буюу 49,8 хувийг эзэмшдэг. 19,82 хувь нь “Иточу”, “Силвир”, “Чайна Минметалс”, HOPU компаниудад, 5 хувь нь жижиг хувьцаа эзэмшигчдийн  эзэмшилд буй. Харин нийт хувьцааны 26 хувь нь хөрөнгийн зах зээл дээр эргэлдэж байгаа.

Ийм нэг компани Монголын нүүрсээр тун ч ашигтай, ирээдүйтэй бизнес эрхлэн, түүгээрээ хөрөнгийн захаас мөнгө босгож байна. Олон улсын хөрөнгийн захын арилжаанд оролцох эрх монгол хүн Танд ч гэсэн нээлттэй. Ашигтай хувьцаанд хөрөнгөө оруулж, мөнгөө өсгөх боломж хаана байна хэмээн эрэлхийлж буй бол мэргэжлийн байгууллагуудын хувьцааны судалгааг анхааралтай ажиглаарай. Одоохондоо иймэрхүү судалгаа эх хэл дээр маань дутмаг байгаа. Энэ орон зайг нөхөж MICC компани олон улсын бирж дээр байгаа Монголд орд эзэмшдэг компаниудын судалгааг хийж байна. Тэрхүү судалгаанууд  MMJ-ийн хуудсаар дамжин уншигч танд хүрч байгаа билээ. ММС-гээр эхэлж, “Хүннү коүл” удаалсан судалгаа энэ удаа “Винсвэй”-гээр үргэлжлэн Таны ширээн дээр очлоо.  

Н.Ариунтуяа       

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж