У.Хүрэлсүхийн улс төрийн реформ

Хуучирсан мэдээ: 2011.06.27-нд нийтлэгдсэн

У.Хүрэлсүхийн улс төрийн реформ

Улс төр халуурч эхэллээ.  Өн­гөрсөн баасан гаригт  Н.Энх­баяр тэргүүтнүүд МАХН гэдэг нэрээ дээд шүүхээс авсан нь  уг халуурлын  үндэс боллоо. Ардын намын Ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүх “МАН-ыг МАХН-тай андуурч бо­лохгүй шүү” гэж бачимдан мэ­дээлэл хийлээ. Яагаад У.Хү­рэл­сүх сандрах болов. Уг нь ганцхан хоногийн өм­нө мань эр намынхаа гол­лох албан тушаалуудыг хуу ха­­мсан байх аа. УИХ дахь Ар­­дын намын бүлгийн дар­га Д.Лүндээжанцан, дэд дар­га Д.Дондог нар “өөрийн хү­сэл­тээр” ажлаа өгсөн. Гэвч У.Хү­рэлсүхийн шахалтаар өр­гөдлөө өгөхөд хүрсэн талаар толгойтой бүхэн ярьж бай­на. Тэдний оронд нэр дэвш­сэн Ц.Мөнх-Оргилыг “С.Бат­бол­дын найз” гэдэг том шалт­гаа­наар унагаасан гэж бас шуу­гиж эхэллээ.  

Энэ бүхэнтэй зэрэгцүүлэн  МАН-ын “Монголын  Үнэн” со­нины  ерөнхий эрх­лэгч Ц.Ган­батыг яруу най­­рагч Ж.Мөнх­батаар со­лив. Ж.Мөнхбат бол У.Хүрэл­сү­хийн хүн гэдэг нь хэнд ч то­­дорхой. Асаж, дүрэлзэж яв­сан сэтгүүлчийг “амьгүй ал­бат”-ын суудалд “зөвлөх” нэр зүүгээд ажлыг нь бу­лааж авдаг тэр л жишгээр У.Хү­рэлсүх ажиллалаа. Мөн Эмэгтэйчүүдийн байгуул­ла­гыг УИХ-ын гишүүн Д.Оюун­­­хо­ролд  өгөв. Ардын на­­мын Их хурлын үеэр л энэ бай­гуул­­лагын даргын сууд­лыг Д.Оюунхоролд өг­нө гээд бараг тохирчихсон учир өнөөх нь илтгэлээ бэлдчихсэн байсан гэдэг. Гэтэл намын дарга С.Батболд зөвшөөрөөгүй учраас  эрхэм гишүүн дарга болж чадаагүй түүх саяхных.  Харин  одоо нэгэнтээ эвгүй байдалд орж байсан Д.Оюун­хорол шүд зуулттайгаар намынхаа эмэгтэй­чүүдийн байгууллагыг удирдах боллоо. Ингээд Ардын намын сонин, эмэгтэйчүүдийн бо­лон залуучуудын байгууллага, Нийс­лэлийн намын хороо, парламент дахь бүлэг тэр чигээ­рээ У.Хүрэлсүхийн гарт оров. Одоо на­мын дарга, Ерөнхий сайд С.Батболдын гэх юу үлдсэн бэ. Уучлаарай, харагдахгүй бай­на. Сон­­гуу­лийн өмнөх энэхүү “шинэчлэл” У.Хү­рэл­сүхээр овоглох нь гарцаагүй боллоо.

Анх С.Батболдыг  С.Баярын залгамжлагчаар тодруулахад мөн л хамаг өрмийг нь У.Хүрэл­сүх хамж орхисон. Гадаад харилцааны сай­даар Ц.Мөнх-Оргил, Д.Цогтбаатар нарын хэн нь ч томилогдож болох байсан. Энэ бол С.Батболдын эрх мэдлийн хүрээнд шийдэгдэх ёстой асуудал байлаа. Д.Цогтбаатарын хувьд улс төрийн томилгоонд орох дургүй бай­сан гэх мессэж дуулддаг л юм. Харин Ц.Мөнх-Оргил бол өөр. Гэвч мөн л У.Хүрэлсүх дов­толсоор Ц.Мөнх-Оргилыг  “пялж” ор­хи­сон. Сая ч бас бүлгийн даргын төлөөх өр­сөлдөөн дээр түүнийг дагуулж тонгорч байгааг харахгүй юу. Хоёр ч Засгийн газарт сайдаар ажилласан, УИХ-ын гишүүн байсан хүн Ө.Энхтүвшинд ялагдах шалтгаан нь юу вэ. Үүнд нэг л тайлбар бий. Ө.Энхтүвшин бол С.Батболдтой намын даргад өрсөлдсөн.  На­мын Их хурал хуралдах өдрийн өмнөх шө­нө юм юм л болсон дуулддаг.  Түүнийг энэ удаа өгүүлэхээ байя. Харин намын дарга бө­гөөд Ерөнхий сайдынхаа өрсөлдөгчийг  пар­ламент дахь бүлгийн даргаар тавина гэдэг “Зүгээр байхад зүү шидсэн”-тэй адил биш үү.

Ер нь С.Батболдын толгойлж буй Засгийн газрын сайд нараас яг хэн нь түүний хүн бэ гэд­гийг эргэцүүлж үзэхэд дотор муухай оргим дүн гарч байна. Эрдэс баялаг эрчим хүчний сайд Д.Зоригт, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатараас өөр хэн байна вэ. Жишээ нь Т.Гандийг С.Баяр томилсон. Томилгоо хийх үеэр Н.Энхбаярт тал заслаа гэсэн мессэж нисч л байсан шүү дээ.
  Г.Занданшатар бол ойл­гомжтой.  Ардчилсан намынхан бол бүр өөр хэрэг. Тэднийг энд дурдаад ч хэрэггүй. Яам, агентлагуудын хурган дарга нарын тухай ярих ч хэрэггүй санагдана. Шадар сайд М.Энхболд бол С.Батболдын түшиж буй ганцхан тулхтай хүн нь. Гэхдээ тэр огт өөр, бие даасан ертөнц.   У.Хүрэлсүхийн улс төрд хийж буй энэ реформ юу өгүүлнэ вэ. Бас юу зөгнөнө вэ. 

“Н.Энхбаяр дарга Ардын намынхантай уулзаад байдаг юм шиг байна билээ” хэмээн С.Молор-Эрдэнийн хэлдэг үнэн бол тэр уул­залтад хэн ордог байж таарах вэ.  Ер нь У.Хү­рэл­сүхийн “Н.Энхбаярыг ална” гэсэн нь ч, “Н.Энхбаярт үнэнч хайртай” гэдэг нь ч худал бай­саар ирсэн. Одоо С.Батболд   баг ч үгүй, хэв­­­лэл ч үгүй, эрх мэдэл ч үгүй болчихжээ. Түүнд одоо намын дарга гэдэг нэр, хэзээ мөд­гүй зүрх нь зогсох нь тодорхой танхимын Ерөн­­хий сайдын албан тушаалаас өөр юу ч алга.

Намаас нь хэд нь МАХН-ын зүг нүү­дэллэж, хэн нь бууриа сахиж үлдэхийг ч тэр үл мэднэ. Итгэж явсан У.Хүрэлсүх нь хүртэл эмээл, хазаараа зэхчихээд байгааг яалтай билээ. Үнэндээ У.Хүрэлсүх бол Н.Энхбаяр, С.Баярын хэнийх нь ч “дор” ажиллахдаа ин­гэж бужигнуулж зүрхлээгүй. Ингэхсэн гэж мөрөөддөг байсныг үгүйсгэх аргагүй. Харин С.Батболдын үед л тэр өөрийн дураар намаа самарч чадлаа. С.Батболдыг “элэг барих”-ын цаана “том бодол” түүнд байсан нь ойлгомжтой. Одоо Засгийн газрын насыг хуруу даран тоолж болж байна. У.Хүрэлсүхийн дараагийн зорилго юу бол. Хэрвээ хамтарсан  Засгийн газар нүд анивал дараагийн Ерөнхий сайд хэн бэ гэж үү. Таа л даа. Тааврын хариу ганцхан биш үү.

У.ОРГИЛМАА

Зохиогчийн эрх: "Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж