Энэ бүхэнтэй зэрэгцүүлэн МАН-ын “Монголын Үнэн” сонины ерөнхий эрхлэгч Ц.Ганбатыг яруу найрагч Ж.Мөнхбатаар солив. Ж.Мөнхбат бол У.Хүрэлсүхийн хүн гэдэг нь хэнд ч тодорхой. Асаж, дүрэлзэж явсан сэтгүүлчийг “амьгүй албат”-ын суудалд “зөвлөх” нэр зүүгээд ажлыг нь булааж авдаг тэр л жишгээр У.Хүрэлсүх ажиллалаа. Мөн Эмэгтэйчүүдийн байгууллагыг УИХ-ын гишүүн Д.Оюунхоролд өгөв. Ардын намын Их хурлын үеэр л энэ байгууллагын даргын суудлыг Д.Оюунхоролд өгнө гээд бараг тохирчихсон учир өнөөх нь илтгэлээ бэлдчихсэн байсан гэдэг. Гэтэл намын дарга С.Батболд зөвшөөрөөгүй учраас эрхэм гишүүн дарга болж чадаагүй түүх саяхных. Харин одоо нэгэнтээ эвгүй байдалд орж байсан Д.Оюунхорол шүд зуулттайгаар намынхаа эмэгтэйчүүдийн байгууллагыг удирдах боллоо. Ингээд Ардын намын сонин, эмэгтэйчүүдийн болон залуучуудын байгууллага, Нийслэлийн намын хороо, парламент дахь бүлэг тэр чигээрээ У.Хүрэлсүхийн гарт оров. Одоо намын дарга, Ерөнхий сайд С.Батболдын гэх юу үлдсэн бэ. Уучлаарай, харагдахгүй байна. Сонгуулийн өмнөх энэхүү “шинэчлэл” У.Хүрэлсүхээр овоглох нь гарцаагүй боллоо.
Анх С.Батболдыг С.Баярын залгамжлагчаар тодруулахад мөн л хамаг өрмийг нь У.Хүрэлсүх хамж орхисон. Гадаад харилцааны сайдаар Ц.Мөнх-Оргил, Д.Цогтбаатар нарын хэн нь ч томилогдож болох байсан. Энэ бол С.Батболдын эрх мэдлийн хүрээнд шийдэгдэх ёстой асуудал байлаа. Д.Цогтбаатарын хувьд улс төрийн томилгоонд орох дургүй байсан гэх мессэж дуулддаг л юм. Харин Ц.Мөнх-Оргил бол өөр. Гэвч мөн л У.Хүрэлсүх довтолсоор Ц.Мөнх-Оргилыг “пялж” орхисон. Сая ч бас бүлгийн даргын төлөөх өрсөлдөөн дээр түүнийг дагуулж тонгорч байгааг харахгүй юу. Хоёр ч Засгийн газарт сайдаар ажилласан, УИХ-ын гишүүн байсан хүн Ө.Энхтүвшинд ялагдах шалтгаан нь юу вэ. Үүнд нэг л тайлбар бий. Ө.Энхтүвшин бол С.Батболдтой намын даргад өрсөлдсөн. Намын Их хурал хуралдах өдрийн өмнөх шөнө юм юм л болсон дуулддаг. Түүнийг энэ удаа өгүүлэхээ байя. Харин намын дарга бөгөөд Ерөнхий сайдынхаа өрсөлдөгчийг парламент дахь бүлгийн даргаар тавина гэдэг “Зүгээр байхад зүү шидсэн”-тэй адил биш үү.
Ер нь С.Батболдын толгойлж буй Засгийн газрын сайд нараас яг хэн нь түүний хүн бэ гэдгийг эргэцүүлж үзэхэд дотор муухай оргим дүн гарч байна. Эрдэс баялаг эрчим хүчний сайд Д.Зоригт, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатараас өөр хэн байна вэ. Жишээ нь Т.Гандийг С.Баяр томилсон. Томилгоо хийх үеэр Н.Энхбаярт тал заслаа гэсэн мессэж нисч л байсан шүү дээ.
Г.Занданшатар бол ойлгомжтой. Ардчилсан намынхан бол бүр өөр хэрэг. Тэднийг энд дурдаад ч хэрэггүй. Яам, агентлагуудын хурган дарга нарын тухай ярих ч хэрэггүй санагдана. Шадар сайд М.Энхболд бол С.Батболдын түшиж буй ганцхан тулхтай хүн нь. Гэхдээ тэр огт өөр, бие даасан ертөнц. У.Хүрэлсүхийн улс төрд хийж буй энэ реформ юу өгүүлнэ вэ. Бас юу зөгнөнө вэ.
“Н.Энхбаяр дарга Ардын намынхантай уулзаад байдаг юм шиг байна билээ” хэмээн С.Молор-Эрдэнийн хэлдэг үнэн бол тэр уулзалтад хэн ордог байж таарах вэ. Ер нь У.Хүрэлсүхийн “Н.Энхбаярыг ална” гэсэн нь ч, “Н.Энхбаярт үнэнч хайртай” гэдэг нь ч худал байсаар ирсэн. Одоо С.Батболд баг ч үгүй, хэвлэл ч үгүй, эрх мэдэл ч үгүй болчихжээ. Түүнд одоо намын дарга гэдэг нэр, хэзээ мөдгүй зүрх нь зогсох нь тодорхой танхимын Ерөнхий сайдын албан тушаалаас өөр юу ч алга.
Намаас нь хэд нь МАХН-ын зүг нүүдэллэж, хэн нь бууриа сахиж үлдэхийг ч тэр үл мэднэ. Итгэж явсан У.Хүрэлсүх нь хүртэл эмээл, хазаараа зэхчихээд байгааг яалтай билээ. Үнэндээ У.Хүрэлсүх бол Н.Энхбаяр, С.Баярын хэнийх нь ч “дор” ажиллахдаа ингэж бужигнуулж зүрхлээгүй. Ингэхсэн гэж мөрөөддөг байсныг үгүйсгэх аргагүй. Харин С.Батболдын үед л тэр өөрийн дураар намаа самарч чадлаа. С.Батболдыг “элэг барих”-ын цаана “том бодол” түүнд байсан нь ойлгомжтой. Одоо Засгийн газрын насыг хуруу даран тоолж болж байна. У.Хүрэлсүхийн дараагийн зорилго юу бол. Хэрвээ хамтарсан Засгийн газар нүд анивал дараагийн Ерөнхий сайд хэн бэ гэж үү. Таа л даа. Тааврын хариу ганцхан биш үү.
Зохиогчийн эрх: "Улс төрийн тойм" сонин