Ажилгүйдлийг бууруулж чадсангүй

Хуучирсан мэдээ: 2011.06.27-нд нийтлэгдсэн

Ажилгүйдлийг бууруулж чадсангүй

АНУ-ЫН МӨНГӨНИЙ БОДЛОГО АЖИЛГҮЙДЛИЙГ БУУРУУЛЖ ЧАДСАНГҮЙ
-ХАРИН ОЛОН УЛСЫН ЗАХ ЗЭЭЛД АНУ-ААС ИЛҮҮ ХЯТАД, БРАЗИЛЬ НӨЛӨӨТЭЙ БОЛЖЭЭ-

АНУ-ын
Холбооны нөөцийн сангийн Нээлттэй зах зээлийн хороо саяхан хуралджээ.
Тэд 0-0.25 хувийн хооронд хэлбэлзэж байсан бодлогын хүүгээ өөрчлөхгүй
гэх шийдвэрт хүрсэн байна. Гэхдээ түр зуур шүү. Учир нь өнгөрсөн онд
батлан хэрэгжүүлж эхэлсэн “QE II” хөтөлбөрийн хэрэгжилтийн хугацаа
хараахан дуусаагүй байна. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд Холбооны нөөцийн
сангаас 600 тэрбум ам.доллар гаргаж, Сангийн яамныхаа бондыг худалдан
авч эхэлсэн. Өөрөөр хэлбэл, үүнээс болж АНУ-ын төв банк мөнгөний
бодлогоо тэлж, бодлогын хүүгээ тэг рүү ойртуулсан гэсэн үг. Тиймээс ирэх
сард “QE II” хөтөлбөрийн хугацаа дуусах  хүртэл бодлогын хүүг нэмэхгүй
байх шийдвэрийг америкчууд гаргалаа. Харин дараа нь яах вэ. Энэ асуултад
хариулахын тулд эхлээд “QE II” хөтөлбөр үр дүнгээ өгсөн эсэхийг
тодруулъя.

Барак Обамагийн засаг захиргаа их хэмжээний ам.доллар хэвлэн Сангийн
яамныхаа бондыг худалдан авах нэрийн дор зах зээл рүү гаргах болсон.
Үүний шалтгаан нь ерөнхийдөө ам.долларын ханшийг сулруулахад чиглэжээ.
АНУ-ын Засгийн газрын өр ихэсч, ажилгүйдэл гаарсан энэ үед эдийн
засгийнхаа тогтвортой байдлыг хангах гол гарц нь экспортлогчдоо дэмжих
явдал юм. Үйлдвэрлэгчид хилийн чанадад худалдаа хийхийн хэрээр дотооддоо
хүрээгээ тэлж, шинээр олон ажилчин хөлсөлж авна гэх зэрэг олон эерэг
нөлөөтэй. Харин ам.долларын ханш чангарснаас болж АНУ-ын экспортлогчдын
бараа, бүтээгдэхүүний өрсөлдөх чадвар суларч эхэлсэн. Үүн дээр нэрмээс
болох мэт Хятадын Засгийн газар юанийн ханшийг ам.доллараас уяж,
өөрсдийн үйлдвэрлэлээ дэмжих болсон юм. Тиймээс ам.долларын
нийлүүлэлтийг нэмэх замаар ханшийг нь сулруулах бодлого тодорхой
хэмжээнд үр дүнгээ өгсөн гэж хэлж болно. Гэхдээ энэ нь зөвхөн АНУ-аас
шалтгаалахгүй. Учир нь тус улсын гадаад худалдааны алдагдлын 70 орчим
хувь нь Хятадаас хамааралтай болжээ. Тийм ч учраас АНУ-ын Сангийн сайд
Тимоти Гайтнер Хятадын эрх баригчдаас юанийн ханшийг чангаруулахыг байн
байн шаардсаар байгаа билээ. Ямартай ч “QE II” хөтөлбөрийн хүрээнд
ам.долларын ханш суларсан. АНУ-ын бараа, бүтээгдэхүүний эрэлт өсч, шинэ
ажлын байр олноор бий болсон. Гэхдээ энэ нь ажилгүй болсон хүний тооноос
харьцангуй бага байна. Санхүүгийн хямралын үед буюу 2008 онд АНУ-д 8.7
сая хүн ажилгүй болсон. Харин түүнээс хойш 1.8 сая ажлын байр шинээр бий
болжээ. Гэхдээ энэ онд 9.1 хувьтай байгаа ажилгүйдлийн түвшин “QE II”
хөтөлбөрийн ачаар ирэх онд долоон хувь болж буурна гэх урьдчилсан таамаг
гарсан билээ. Харамсалтай нь Холбооны нөөцийн сангийн бодлогын хүрээнд
АНУ-д инфляцийн ханш өссөөр байгаа. Хамгийн сүүлийн мэдээгээр тус улсад
өнгөрсөн дөрөвдүгээр сард инфляци 3.2 хувьтай байсан бол өнгөрсөн сард
3.6 хувь болж нэмэгджээ. Ам.долларын ханш бага байхын хэрээр АНУ руу
импортоор оруулж байгаа бараа, бүтээгдэхүүний үнэ өссөн нь ийнхүү
инфляцид нөлөөлсөн байна. Түүнчлэн олон улсын зах зээл дэх газрын тосны
худалдаанаас ч хамаарч байгааг үгүйсгэхгүй. Дэлхийн улс орнууд газрын
тосны үнийн өсөлтөөс болж мөнгөний бодлогоо чангаруулж байгаа. Тиймээс
АНУ ч тэдний жишгийг дагахаас өөр аргагүй болчи­хоод байна. Гэхдээ
Холбооны нөөцийн сангаас гаргасан мэдэгдэлд бодлогын хүүгээ ойрын
хугацаанд өөрчлөхгүй байх боловч ам.долларын нийлүүлэлтийг хөхиүлэн
дэмжсэн “QE” хөтөлбөрийн гурав дахь шатыг хэрэгжүүлэхгүй гэдгийг
онцолжээ. Тэд инфляцийн өсөлт боломжийн түвшинд байна гэж үзсэн
бололтой.

Харин АНУ-ын энэ бодлого олон улсын зах зээлд хэрхэн нөлөөлөх бол. Үүнд
янз бүрийн хариулт гарч ирнэ. Ам.доллар бол дэлхийн гол нөөц валют.
Тиймээс ам.долларын ханш суларна гэдэг алт, мөнгө тэргүүтэй үнэт
металлын эрэлт ихсэхийн дохио. Түүхэнд ч ийм жишиг байсан. Тэгэхээр ер
нь ам.долларын ханш суларсаар байвал түүхий эдүүдийн ханш өснө гэх
хүлээлт бий болж болох юм. Гэвч бодит байдал дээр тийм биш байна.
Ам.доллараар худалдаа хийдэг газрын тосны ханш Ойрхи Дорнод, хойд Африкт
болж буй үймээнээс болоод чангарсан. Байгалийн гамшгаас болоод үр
тарианы үнэ 16.5 хувиар өссөн. Хэдийгээр цөөнгүй түүхий эдийн үнэ
буурсан боловч никель, зэс зэрэг гол эрэлтэт металлын үнийн өөрчлөлт нь
АНУ гэхээс илүү Хятадын зах зээлээс хамааралтай болжээ. Өөрөөр хэлбэл,
Хятадын төв банк олон улсын зах зээлийн арилжаанд Холбооны нөөцийн
сангаас илүү үүрэгтэй оролцох болсон байна.

“QE II” хөтөлбөрийн хүрээнд хөрөнгө оруулалтын банкууд түүхий эдийн
арилжаанд нэлээд идэвхтэй оролцох болсныг шинжээчид нотолж байгаа. Энэ
нь аажимдаа тэдгээр банкны үндсэн хөрөнгийг түүхий эд, үнэт металлаар
хэмжих хандлага давамгайлахад хүргэжээ. Холбооны нөөцийн сангийн
бодлогоос болж банкууд АНУ-ын Сангийн яамны бондыг худалдан авах боломж
багассан. Тиймээс Засгийн газрын үнэт цаасаас өөр ямар нэгэн зүйлд
хөрөнгө оруулах эрэлд гарах нь дамжиггүй юм. Үүнээс болж АНУ-ын
санхүүгийн тоглогчид түүхий эд рүү хошуурах хандлага ажиглагджээ. Харин
эдийн засагчид “Түүхий эдийн арилжаа ихэссэн нь зах зээлийн бодит
эрэлтээс бус Холбооны нөөцийн сангийн бодлогоос хамаарсан” хэмээн
шүүмжлэх болж.

Зарим шинжээч Холбооны нөө­цийн сангийн мөнгөний бодлого ам.долларын
ханшийг сулруулахаас гадна түүгээр дамжуулан түүхий эдийн ханшид 
нөлөөлөх гэсэн оролд­лого гэж тайлбарладаг. Гэхдээ түүхий эдүүдийн үнийн
хэлбэлзэл харилцан адилгүй байгаа нь АНУ-ын төв банк хүссэн үр дүндээ
хүрч чадаагүй гэх дүгнэлтэд хүргэж болох юм. Холбооны нөөцийн сангийн
тэргүүн Бэн Бэрнанк өнгөрсөн оны наймдугаар сард “QE II” хөтөлбө­рийг
батлах үед нэг евро 1.27 ам.доллартай тэнцэж байв. Харин өнгөрсөн
нэгдүгээр сард Европын төв банк бодлогын хүүгээ нэмэх шийдвэр гаргах үед
нэг евро 1.28 ам.доллартай тэнцэх болсон. Өөрөөр хэлбэл, “QE II”
хөтөлбөр хэрэгжиж эхлэх үеэс еврогийн ам.доллартай харьцах ханш дөрвөн
хувиар өссөн юм. Швейцарийн франкын хувьд ам.долларын эсрэг 17.5  хувиар
чангарсан. Мөн иенийн арилжаанд ч  нөлөөлсөн. Тэгэхээр Б.Обамагийн
засаг захиргаа ам.долларын ханшийг богино хугацаанд бууруулахыг зорьсон
биелжээ. Гэхдээ еврогийн эсрэг дорвитой хөдөлж чадаагүй л байна.

Эцэст нь дүгнэхэд Холбооны нөө­цийн сангийн бодлого, ам.долларын ханшийн
хэлбэлзэл нь түүхий эдийн арилжаанд шууд нөлөөлөхөө больжээ.
Ам.доллараас илүү Бразилийн реал эрдэнэ шишийн үнийг тодорхойлж байх
жишээтэй. Харин АНУ-ын төв банкны бодлогоос илүү Евро бүсийн өрийн
хямрал валютын арилжаанд их нөлөөлж эхэлжээ.

Т.ЭЛИСА

Зохиогчийн эрх: "Улс төрийн тойм"

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж