Xэзээ цөмийн станцтай болох бол?

Хуучирсан мэдээ: 2011.06.27-нд нийтлэгдсэн

Xэзээ цөмийн станцтай болох бол?

Хүн төрөлхтөн ирээдүйд эр­чим хүч, хүнс гэсэн хоёр зүйлд тол­гойгоо гашилгаж мэдэхээр байна гэд­гийг эрдэмтэд онцолдог. Үүнтэй хол­боотойгоор байгаль экологид хө­нөөл­гүй, ашиглалтын зардал ба­га­тай эрчим хүчний технологийг улс, орнууд эрэлхийлэх болжээ. Ха­рин хүн төрөлхтний нээж олсон ашиглалтын зардал багатай эрчим хүчний эх үүсвэр бол өнөөдрийн байдлаар цөмийн цахилгаан станц аж. Өнгөрсөн онд гаргасан судалгаагаар дэлхий дахинд цөмийн 441 цахилгаан станц ажиллаж байна гэсэн тооцоо гарчээ. Эдгээрийн 80 хувь нь АНУ-д байдаг юм. Харин ирэх жилүүдэд манай урд хөрш БНХАУ их чадлын 120 цөмийн цахилгаан станц барихаар төлөвлөжээ.  Эрдэмтдийн танилцуулж буйгаар Хятад улсын барих тэрхүү цөмийн станцуудын дийлэнх нь манай улсын хилийг даган 2030 он хүртэл бий болох бололтой. Энэ нь ирээдүйд манай улс байгалийн баялгаа олборлоход эрчим хүчний гачигдалд орно гэж үзсэнтэй холбоотой аж. Эрчим хүчний хэрэглээ өсөх чимээнээр тэд ийн хөдөлжээ.

Харин манай улсын хувьд өсөн нэмэгдэж буй хэрэгцээгээ хэрхэн хангах вэ. Хэрхэн гаднаас гуйхгүй байх вэ. Ашиглалтын зардал өн­дөр, насжилт богинотой дулааны цахил­гаан станцаа хэрэглэсээр байх уу. Мөн дулааны цахилгаан станцаар стра­тегийн орд, аж үйлдвэрийн цогцолбор зэрэг эрчим хүчний өндөр шаард­лагатай газруудыг хэрхэн ха­лааж, гэрэлтүүлэх вэ гэх мэтийн олон асуултууд дунд ороод байна. Тэгвэл энэ асуултад эрчим хүчний салбарын эрдэмтэд эргэлзэлгүйгээр “Цөмийн цахилгаан станц байгуулах хэрэгтэй” гэж хариулж байна. Одоогоор манайд цөмийн цахилгаан станц барих ажил судалгааны шатанд яваа юм. Судалгааны ажлыг “Монгол Улсад цөмийн эрчим хүчний станц барих урьдчилсан судалгаа-II” багийнхан хийж байгаа. Өнгөрсөн баасан гарагт энэ багийнхан төслийнхөө хүрээнд нэгэн томоохон уулзалтыг зохион байгууллаа. 

ШУА-ын Физик технологийн хүрээлэнгийн захирал Б.Чадраагаас зарим зүйлийг тодрууллаа.

-Цөмийн станц байгуулахын тулд түүнийг хөргөх усны эх үүс­вэрийн дэргэд байх ёстой  гэдэг?

-Ихэнх хүмүүс цөмийн цахилгаан станцыг далайн хөвөөнд байгуулдаг гэсэн ойлголттой явдаг. Харин өнөө үед хүн амьдардаггүй, элсэн цөлд цөмийн станцыг түлхүү барих болж байна. Тухайлбал, АНУ-ын Аризона мужид 4200 ваттын цөмийн цахилгаан станц байна. Энэ цөлд байнга +40 хэм хүртэл халдаг. Гэтэл ийм халуун цөлд 20-30 жилийн турш цөмийн цахилгаан станц ажиллаж байгаа юм. Харин хөргөлт хийх усаа 60 км зайд байрлах Феникс хотоос татдаг. Хөргөлт хийдэг ус нь тэр хотын бохир ус байдаг юм билээ. Гол нь цөмийн цахилгаан станцаас эрчим хүч гаргаад зогсохгүй. Өнөөх бохир усаа хөргөлтдөө бүрэн ашиглаж, эргээд цэвэр ус болгон худалддаг юм байна. Бүр худалдаж авсан үнээсээ 2-3 дахин өндөр үнээр зардаг.

-Тэгвэл манай говьд ийм станц барих бүрэн боломжтой гэсэн үг үү?

-Манай говьд энэ станцийг барихад ямар ч асуудал байхгүй. Аризонаг бодвол манай говь газрын гүндээ, гадаргуудаа ч устай шүү дээ. Энэ туршлагыг дэлхийн олон орон сонирхож байна. Тухайлбал, Саудын Араб яг ийм 17 станц барихаар саяхан 110 тэрбум ам.долларын гэрээ байгуулсан. Арабчуудын хувьд “Хэрвээ бид эрчим хүчний эх үүсвэртэй байх юм бол элсэн цөлийг баянбүрд, бүр ногоон тал ч болгож чадна. Мөн хүнсний асуудлаа ч шийдэх болно. Харин бид газрын тосгүй болчихвол дараагийн 100-200 жилд хүнс, эрчим хүч бүх зүйлээр тасалдах болно.” гэж ярьж байна.

-Цөмийн станц аюултай гэж үздэг. Үүнийг хэрхэн тооцсон бэ?

-Аюулгүй байдал талаас нь гэвэл цөмийн технологи асар өндөр түвшинд хүртлээ хөгжжээ. Хүний биеэс ч томгүй, өчүүхэн станц ашиглаж байна. Хэрэв бид түүнийг нь ашиглахаар болбол тэрхүү станцаа битүүмжилж авч ирж суулгана. Газрын дор ямар ч аюулгүй нөхцөлд ашиглана гэсэн үг. Суулгаснаас хойш 10 жил түүнд огт гар хүрэхгүй. Онгойлгох ч шаардлага байхгүй. Харин түүнийгээ ашиглаж дууссан хойно нь буцаагаад АНУ дахь үйлдвэрт нь аваачиж өгдөг. Яагаад гэхээр 10-15 жилд нэг удаа цэнэглэдэг юм билээ. Тэгэхээр энд ямар ч цөмийн хаягдал хаях, бохирдол гарах гэсэн асуудал үүсэхгүй. Ашиглана, авч явж цэнэглүүлнэ. Өөр зүйл байхгүй.

“Үйлдвэрлэлийн технологитой болох нь чухал” гэв

“Монгол Улсын хүнсний аюул­гүй байдал-2011” зөвлөлгөөн өн­­гөрсөн баасан гарагт болов. Манай улсын хувьд энэ сэд­­вийн хүрээнд хүнсний бүтээг­дэхүүний хэрэгцээгээ до­тоодоосоо хангах, хүнсний ногоо, гурил, сүүн бүтээгдэхүүний үйлд­вэрлэлийг нэмэгдүүлэх, мах, ма­хан бүтээгдэхүүний чанарыг сайж­руулах, үнийг тогтворжуулах гэх мэт асуудлыг голчлон хөнддөг би­лээ. Энэ удаагийн зөвлөлгөөний үеэр ч эдгээр сэдвээр  ярилцсан юм. Ямартай ч манай улсын хувьд улаанбуудай, төмс, махны хэрэг­цээгээ дотоодоосоо бүрэн хангаж буй.  Түүнчлэн энэ зөвлөгөөний үеэр импортоор орж ирж буй хүнсний бүтээгдэхүүнд хийх шинжилгээ, хяналт, шалгалтыг сайжруулах талаар ч санал, бодлоо солилцсон юм. Зөвлөлгөөнд 21 аймаг, нийс­лэлийн хүнсний салбарынхан бо­лон Монгол Улсад суугаа бусад орны Элчин сайдын яам, олон улсын байгууллагын төлөөлөгчид оролцсон юм. Тиймээс ч хүнсний аюулгүй байдлыг хэрхэн хангах вэ хэмээх асуудалд тал бүрийн байр суурийг энэ үеэр сонсох боломжтой байлаа.

Монгол Улс хүнсний аюулгүй байдлаа хэрхэн хангаж байна вэ. Энэ асуултад олонх хүн “Бүрэн хангаж чадахгүй байгаа” гэсэн хариуг өгдөг аж. Орон нутгаас ирсэн оролцогчдын зүгээс “Бэлэн болсон хүнсний бүтээгдэхүүнд шалгалт, шинжилгээ хийхийн оронд тухайн бүтээгдэхүүнийг боловсруулах, үйлд­вэрлэх технологид анхаарлаа хан­дуулах хэрэгтэй. Хүнсний аюулгүй байдлыг хангах тухай хууль, журам олон бий. Эхнээсээ үр дүнгээ өгч байгаа. Гэхдээ одоо дээгүүрээ яри­хын оронд хөрснөөс нь эхэлж ярих хэрэгтэй байна” гэсэн саналыг хэлж байлаа. Үүнтэй санал нийлэх хүн ч олон байсан юм. Товчхондоо, чанартай мах иргэддээ хүргэхийн тулд малын эрүүл мэндээс авахуулаад, бо­ловсруулах, тээвэрлэх явцад ан­хаарлаа түлхүү хандуулах хэрэгтэй аж. Мөн тухайн бүтээгдэхүүнийг үйлд­вэрлэх технологитой болох нь чухал юм байна. Ха­рин олон улсын байгууллагын тө­лөөлөгчид “Монгол Улсад хүнс­ний бүтээгдэхүүний үнэ тийм ч тогт­вортой биш. Зарим төрлийн бүтээгдэхүүний үнэ хэтэрхий өндөр. Энэ нь хүнсний аюулгүй байдалд  сөргөөр нөлөөлдөг” гэсэн юм.

Т.ЕСӨН-ЭРДЭНЭ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж