ШУА-ын Физик технологийн хүрээлэнгийн захирал Б.Чадраагаас зарим зүйлийг тодрууллаа.
-Цөмийн станц байгуулахын тулд түүнийг хөргөх усны эх үүсвэрийн дэргэд байх ёстой гэдэг?
-Ихэнх хүмүүс цөмийн цахилгаан станцыг далайн хөвөөнд байгуулдаг гэсэн ойлголттой явдаг. Харин өнөө үед хүн амьдардаггүй, элсэн цөлд цөмийн станцыг түлхүү барих болж байна. Тухайлбал, АНУ-ын Аризона мужид 4200 ваттын цөмийн цахилгаан станц байна. Энэ цөлд байнга +40 хэм хүртэл халдаг. Гэтэл ийм халуун цөлд 20-30 жилийн турш цөмийн цахилгаан станц ажиллаж байгаа юм. Харин хөргөлт хийх усаа 60 км зайд байрлах Феникс хотоос татдаг. Хөргөлт хийдэг ус нь тэр хотын бохир ус байдаг юм билээ. Гол нь цөмийн цахилгаан станцаас эрчим хүч гаргаад зогсохгүй. Өнөөх бохир усаа хөргөлтдөө бүрэн ашиглаж, эргээд цэвэр ус болгон худалддаг юм байна. Бүр худалдаж авсан үнээсээ 2-3 дахин өндөр үнээр зардаг.
-Тэгвэл манай говьд ийм станц барих бүрэн боломжтой гэсэн үг үү?
-Манай говьд энэ станцийг барихад ямар ч асуудал байхгүй. Аризонаг бодвол манай говь газрын гүндээ, гадаргуудаа ч устай шүү дээ. Энэ туршлагыг дэлхийн олон орон сонирхож байна. Тухайлбал, Саудын Араб яг ийм 17 станц барихаар саяхан 110 тэрбум ам.долларын гэрээ байгуулсан. Арабчуудын хувьд “Хэрвээ бид эрчим хүчний эх үүсвэртэй байх юм бол элсэн цөлийг баянбүрд, бүр ногоон тал ч болгож чадна. Мөн хүнсний асуудлаа ч шийдэх болно. Харин бид газрын тосгүй болчихвол дараагийн 100-200 жилд хүнс, эрчим хүч бүх зүйлээр тасалдах болно.” гэж ярьж байна.
-Цөмийн станц аюултай гэж үздэг. Үүнийг хэрхэн тооцсон бэ?
-Аюулгүй байдал талаас нь гэвэл цөмийн технологи асар өндөр түвшинд хүртлээ хөгжжээ. Хүний биеэс ч томгүй, өчүүхэн станц ашиглаж байна. Хэрэв бид түүнийг нь ашиглахаар болбол тэрхүү станцаа битүүмжилж авч ирж суулгана. Газрын дор ямар ч аюулгүй нөхцөлд ашиглана гэсэн үг. Суулгаснаас хойш 10 жил түүнд огт гар хүрэхгүй. Онгойлгох ч шаардлага байхгүй. Харин түүнийгээ ашиглаж дууссан хойно нь буцаагаад АНУ дахь үйлдвэрт нь аваачиж өгдөг. Яагаад гэхээр 10-15 жилд нэг удаа цэнэглэдэг юм билээ. Тэгэхээр энд ямар ч цөмийн хаягдал хаях, бохирдол гарах гэсэн асуудал үүсэхгүй. Ашиглана, авч явж цэнэглүүлнэ. Өөр зүйл байхгүй.
“Монгол Улсын хүнсний аюулгүй байдал-2011” зөвлөлгөөн өнгөрсөн баасан гарагт болов. Манай улсын хувьд энэ сэдвийн хүрээнд хүнсний бүтээгдэхүүний хэрэгцээгээ дотоодоосоо хангах, хүнсний ногоо, гурил, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, мах, махан бүтээгдэхүүний чанарыг сайжруулах, үнийг тогтворжуулах гэх мэт асуудлыг голчлон хөнддөг билээ. Энэ удаагийн зөвлөлгөөний үеэр ч эдгээр сэдвээр ярилцсан юм. Ямартай ч манай улсын хувьд улаанбуудай, төмс, махны хэрэгцээгээ дотоодоосоо бүрэн хангаж буй. Түүнчлэн энэ зөвлөгөөний үеэр импортоор орж ирж буй хүнсний бүтээгдэхүүнд хийх шинжилгээ, хяналт, шалгалтыг сайжруулах талаар ч санал, бодлоо солилцсон юм. Зөвлөлгөөнд 21 аймаг, нийслэлийн хүнсний салбарынхан болон Монгол Улсад суугаа бусад орны Элчин сайдын яам, олон улсын байгууллагын төлөөлөгчид оролцсон юм. Тиймээс ч хүнсний аюулгүй байдлыг хэрхэн хангах вэ хэмээх асуудалд тал бүрийн байр суурийг энэ үеэр сонсох боломжтой байлаа.
Монгол Улс хүнсний аюулгүй байдлаа хэрхэн хангаж байна вэ. Энэ асуултад олонх хүн “Бүрэн хангаж чадахгүй байгаа” гэсэн хариуг өгдөг аж. Орон нутгаас ирсэн оролцогчдын зүгээс “Бэлэн болсон хүнсний бүтээгдэхүүнд шалгалт, шинжилгээ хийхийн оронд тухайн бүтээгдэхүүнийг боловсруулах, үйлдвэрлэх технологид анхаарлаа хандуулах хэрэгтэй. Хүнсний аюулгүй байдлыг хангах тухай хууль, журам олон бий. Эхнээсээ үр дүнгээ өгч байгаа. Гэхдээ одоо дээгүүрээ ярихын оронд хөрснөөс нь эхэлж ярих хэрэгтэй байна” гэсэн саналыг хэлж байлаа. Үүнтэй санал нийлэх хүн ч олон байсан юм. Товчхондоо, чанартай мах иргэддээ хүргэхийн тулд малын эрүүл мэндээс авахуулаад, боловсруулах, тээвэрлэх явцад анхаарлаа түлхүү хандуулах хэрэгтэй аж. Мөн тухайн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх технологитой болох нь чухал юм байна. Харин олон улсын байгууллагын төлөөлөгчид “Монгол Улсад хүнсний бүтээгдэхүүний үнэ тийм ч тогтвортой биш. Зарим төрлийн бүтээгдэхүүний үнэ хэтэрхий өндөр. Энэ нь хүнсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлдөг” гэсэн юм.