АИ-92-ыг бэлэн мөнгөөр худалдахгүй

Хуучирсан мэдээ: 2011.06.27-нд нийтлэгдсэн

АИ-92-ыг бэлэн мөнгөөр худалдахгүй

АИ-92 бензиний хангамж доголдож, жолооч нар карт болон талоноор худалдан авах болоод байгаа. Өнөөдөр байдал ямар байгааг тодруулахаар зарим компанийн маркетинг борлуулалтын албатай холбогдлоо. Ерөнхийдөө бүх компаниуд АИ-92 бензиныг 1500 төгрөгөөр зарж байгаа гэсэн ч бэлэн мөнгөөр худалдаж байгаа компани алга.

“Магнай трейд” компанийн хувьд карт болон талонтой хэрэглэгчдэдээ нэг удаа 30 хүртэлх литр хэмжээтэйгээр АИ-92 болон дизель түлшийг өгч байна. Тус компанийн аль ч салбарт бэлэн мөнгөөр дээрх хоёр нефть бүтээгдэхүүнийг худалдахгүй байгаа тухай маркетингийн менежер ярив. Тус компанийн талоныг гэрээтэй хэрэглэгчид худалдаж авах боломжтой бол карт нь Худалдаа хөгжлийн банкнаас гаргадаг “МТ” гэсэн карт буй гэнэ. Үүнийг энгийн хэрэглэгчид дээрх банкны аль ч салбараас авах боломжтой бөгөөд шинээр авахад 2500 төгрөгийн үнэтэй юм байна. Карт авах мэдүүлгээ гаргаснаас хойш ажлын 2-3 өдөрт багтан олгодог аж. Яагаад АИ-92-ын худалдааг хязгаарлах болсон тухайд “ОХУ-аас АИ-92 бензиний нийлүүлэлт эрс багассантай холбоотой” гэлээ.

“Петровис” компани байгаа нөөцдөө тулгуурлан, хиймэл хомсдол үүсгэхгүйн тулд урьдчилан сэргийлж хязгаарлалт тогтоон худалдаж байгаа гэлээ. Тус компани карттай болон гэрээт хэрэглэгчдэдээ АИ 92-ыг худалдаж байна.

Өнгөрсөн амралтын өдрүүдэд “Жаст ойл” компанийн гурван салбарт бэлэн мөнгөөр АИ-92 бензин худалдаж байсан ч өнөөдрөөс зогсоосон байна. Компанийн удирдлагууд нөөц, борлуулалтын дүнг харгалзан бэлэн мөнгөөр худалдах эсэхээ шийднэ гэлээ. Одоогийн байдлаар тус компани 100 мянга хүртэлх төгрөгийн талоныг борлуулж байгаа бөгөөд Хадгаламж банкны ямар ч төрлийн карттай хэрэглэгчид худалдан авалт хийх боломжтой юм байна. Гэхдээ карт болон талонтой хэрэглэгчдэд нэг удаа 20 мянган төгрөг хүртэлх барааны борлуулалт хийж байгаа ажээ.

“Шунхлай” компанийн борлуулалтын албаныхан “ОХУ-аас АИ-92 бензиний нийлүүлэлтийг сүүлийн хоёр сар хасалттай хийж байсан. Зургадугаар сард нийлүүлэлт бүр багассан байгаа. Тиймээс бид Газрын тосны газраас өгсөн даалгаврын дагуу байгаа нөөцдөө тааруулан худалдаж байна” гэсэн юм. Эднийх карт болон талонтой хэрэглэгчдэдээ АИ-92 бензинийг хамгийн дээд тал нь 20 мянган төгрөгт багтаан худалдаж байгаа гэнэ. Мөн шинээр карт гаргахгүй байгаа ажээ.


“Содмонгол” компанийн Тасганы овоо болон 32-ын тойрог дахь салбар АИ-92 бензинийг бэлэн мөнгөөр худалдаж байна. Гэхдээ үнийн тухайд хэтэрхий өндөр буюу 2000 төгрөг гэсэн ханштай. Мөн тус компанийнхан карттай хэрэглэгчдэдээ давуу тал олгож нэг удаа 50 хүртэл литр бензин, 75 000 төгрөгийн дизель түлш худалдаж байгаа юм. Компанийн Аи Си картыг худалдан авах үнэ өмнө нь 5000 байсан бол одоо 15 мянган төгрөг болж өсчээ. Картын төвийнхөн жолооч нарыг "наадам үзмээр байгаа бол картаа ав" гэж хэлдэг, тэд өөрсдөө зохиомол хомсдол үүсгэж өндөр үнэтэй карт шахаж, зах зээлд хэтэрхий давамгай байна хэмээн ихэд бухимдаж байгаа юм.   

Импортлогч компаниуд нийлүүлэлт буурч, нөөц муу байгаа тухайгаа ийн ярьж байна. Бараа, үйлчилгээний суурь үнийг тодорхойлогч шатахууны үнэ өөрчлөгдхгүй ч олдоц буурч байгаа нь иргэдийг түгшээж байна.

Б.СҮРЭН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж