Тэднээс битгий айгаарай …

Хуучирсан мэдээ: 2011.06.27-нд нийтлэгдсэн

ТЭДНЭЭС БИТГИЙ АЙГААРАЙ…
Хавдартай, хүнд өвчтэй, орон гэргүй хүмүүс, хүүхдүүдэд эмчилгээ, сувилгаа, асаргаа үзүүлдэг Христийн сүм “Дөлгөөн нуур”-ын ойролцоо байдаг гэсэн сургаар тус газрыг зорилоо. Ингээд Сүхбаатар дүүргийн есдүгээр хорооны нутаг дэвсгэрт, гэр хорооллын дунд байрлах  “Найдвар” хосписийн гадаа очсон юм. Хуучирч муудсан, намхан банзан хашаатай хоёр давхар, улаан тоосгон байшин бол “Найдвар” эмнэлгийн байр байв. Байшингийн ханан дахь эмнэлгийн хаяг дээрх  “Миний өгөх ус тэр хүний дотор мөнх аминд хүртэл оргилох булаг болно. Есүс христ” гэж бичжээ. Хэдийгээр энд сүм байдаггүй ч шашны холбогдолтой газар гэдэг нь үүдэн дэх хаягаас нь ийнхүү тодорхой болов. Гадаа нь цагаан өнгөтэй түргэн тусламжийн машин зогсож байсан. Яагаад ч юм “Хэн нэгнийх нь бие муудаагүй байгаа даа” гэсэн бодол тэрхэн зуур төрсөн юм. Харин сүүлд сонсохнээ эмнэлгийнхэн гадны байгууллагаас санхүүжилт авч түргэн тусламжийн ийм машинтай болсон нь аж.

Эмнэлгийн хаалгаар орлоо. Эмнэлгийнхэн улаан тоосгон байшингийн хоёрдугаар давхарт өвчтөнүүдээ хүлээн авдаг байна. Шатаар өгсч явахдаа хуучирч, энд тэндээ шавар нь ховхорсон ханыг хараад “Эмнэлэг гэхэд орчин нь тийм ч цэвэрхэн биш юм” гэсэн бодол төрж байлаа. Гэхдээ хоёр давхар нь гял цал биш ч боломжийн, цэвэрхэн. “Найдвар” хосписийн их эмч Б.Бүрэнжаргалд ирсэн учраа хэлэхэд эмнэлгийн үйл ажиллагаатай танилцахыг зөвшөөрөв. Уг эмнэлгийг хавдартай, хүнд өвчтэй хүмүүст хөнгөвчлөх тусламж, үйлчилгээ, асаргаа, сувилгаа үзүүлэх зорилгоор 2003 онд байгуулжээ. Ерөнхийдөө өвчний улмаас нас барах нь бараг тодорхой болсон хүмүүст эмнэлгийн тусламж үзүүлж, амьдралынх нь сүүлчийн өдрүүдэд харж ханддаг гэж ойлгож болно. Эмнэлэг байгуулагдсан цагаагаасаа хойш 3000 гаруй өвчтөнд тусламж, үйлчилгээ үзүүлээд байгаа ажээ.  Хавдар нь эцсийн шатандаа орсон хүмүүсийн өвдөлтийг юутай ч зүйрлэх аргагүй гэсэн. Төрөх гээд өвдөж буй эмэгтэйнхтэй л дөхөж очно. Тиймээс ч хавдартай хүмүүст хөнгөвчлөх эмчилгээ хийх зайлшгүй шаардлага гардаг байна. “Найдвар” хосписийнхон анх Хавдарт өвчин судлалын үндэсний төвийн Хөнгөвчлөх эмчилгээний тасгийнхнаас хавдартай хүмүүсийн хаягийг авч, гэрээр нь очиж үздэг байжээ. Хүмүүс эмнэлгийг нь төдийлөн мэддэггүй байсан болохоор тэр.  “Гэрийнх нь хаалгыг цохиод “Танай гэр бүлийн хүнийг асарч, сувилъя. Хөнгөвчлөх эмчилгээ хийе” гээд л ордог байж. Хүмүүс эхэндээ итгэдэггүй гэнэ. “Бидэнд хандсан хүмүүс өвчин, шаналалаа мартаж, нүүрэндээ инээмсэглэл тодруулдаг” хэмээн эмнэлгийн ажилчид хуучилсан. Харин одоо бол хүмүүс нэг, нэгнээсээ сонсоод, асууж сураглаад ирдэг болжээ. Гэхдээ уг эмнэлэг яг ч хүн бүрт үнэ төлбөргүй эмнэлгийн тусламж үзүүлдэггүй юм билээ. Орон гэргүй хүмүүс,  хүүхдүүдээс л төлбөр авдаггүй гэсэн. Харин бусад хүмүүс нь хоногийн 19 мянган төгрөг төлж уг эмнэлэгт хэвтдэг ажээ. Хэдий тийм ч зарим үед аль болох төлбөр, мөнгө авахгүйг хичээдэг гэдгийг эмнэлгийнхэн хэлж байлаа. Б.Бүрэнжаргал эмч “Эмнэлгийнхээ санхүүжилтийг бид өөрсдөө олдог. Ялангуяа төрөөс ямар нэг туслалцаа, дэмжлэг авдаггүй. Би энэ эмнэлэгт зургаан жил ажиллаж байна. Анх “Гадаадын санхүүжилттэй, шашны, буяны үйл ажиллагаа явуулдаг гоё байгууллага” гэдэг сургаар ирж байсан. Гэсэн ч ирснийхээ дараа  ямар ч гадны байгууллагын хөрөнгө оруулалт байхгүй, хэдхэн монгол хүн эмнэлгийг ажиллуулж байгааг мэджээ. Гэсэн ч эмнэлгийн хаяг, өрөөний хаалган дээрх “Бурхан биднийг ивээг” гэсэн бичиг, хуанли дээр “Цуглаантай” гэж тэмдэглэснийг нь үзвэл уг эмнэлэг аль нэг Христийн сүм, шашны байгууллагын дэмжлэгтэйгээр үйл ажиллагаа явуулдаг юм шиг санагдсаныг нуух юун. Эднийхтэй ижил төрлийн үйлчилгээ үзүүлдэг шашны байгууллага нийслэлд хэд, хэд байдаг ажээ.

Б.Бүрэнжаргал эмч биднийг өвчтөнүүдийн өрөөгөөр дагуулж орсон юм. Хамгийн эхэнд тархины усжилттай  болсон Б.Энхтөр хүүгийн хэвтэж буй өрөөнд оров. Зарим хүмүүс түүнийг эчнээ таних байх. Б.Энхтөр хоёр ортой өрөөнд одоогоор ганцаараа хэвтэж байгаа аж. Эмч “Битгий айгаарай. Хүнд өвчтэй, тархины усжилттай хүмүүсээс зарим хүн айж, цочоод байдаг юм” гэж сануулсан. Тархи, толгой нь усаар дүүрч, томорсон болохоор тэр гэнэ. Гэхдээ юунаас ч айх билээ. Тэр одоо 14 настай.  Хэдий хүнд өвчтэй ч ямар нэгэн зовиур нүүрэнд л харагдсангүй. Хүүд хэн нэгэн жижигхэн хар радио авчирч өгчээ. Түүгээрээ хип хоп дуу сонсоод хэвтэж байлаа. Дэрнийх нь хажууд “Хүүхдийн Библи” гэсэн ном, ууттай самар байна.  Эргэж ирсэн хүмүүс чихэр, жимс өгдөг аж. Эмнэлгийнхний хэлж буйгаар хүүг гэрт нь гаргах ямар ч боломж байхгүй гэсэн.  Бид эмнэлгийн бусад өрөөгөөр ч орсон. Гэхдээ царайнаас нь л зовиур мэдрэгдэх хүмүүсийн дунд эмнэлгийн үйлчилгээ энэ, тэрийг бидэнтэй ярилцах боломжтой хүн нэг ч байгаагүй юм. 

Т.УРАНГЭРЭЛ

Зохиогчийн эрх: "Улс төрийн тойм"

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж