Эл түүхийг сонссон монгол хүн бүрийн самсаа шархирдаг гэж би боддог. Тэгвэл цаг хугацаа урссаар Олноо өргөгдсөний 100 жилийн ойг бид энэ жил тэмдэглэж байна. Ханд вангаас хойш 100 он улирч Монгол Улс дэлхийд хүлээн зөвшөөрөгдөж, НҮБ-ын бүрэн эрхт гишүүн болж өнөөх Америктай чинь дипломат харилцаа тогтоогоод 25 жил болох нь. Энэ хугацаанд манай үе үеийн Ерөнхийлөгч нар тус улсад айлчилж, худалдаа наймаа өргөжиж бид андууд болжээ. Гэвч Америк улс дэлхийн хамгийн хүчирхэг гүрэн болж чадсан байна. Өдгөө дэлхийн бодлогыг тэд тодорхойлж байна. Ертөнц тэр чигээрээ АНУ-г хэрхэх бол гэж чимээгүйхэн чагнадаг болж. Тэгвэл бид ядруухан хэвээрээ. Нэгэн цагт ертөнцийг донсолгож явсан гэхээс өөр товойх гавьяа байхгүй гэж бодсоор явлаа. Гэтэл үгүй юм байна. Их гүрэнтэй эн тэнцүү байхын ухааныг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн АНУ-д хийсэн албан ёсны айлчлалын үеэр мэдэрлээ. 100 жилийн өмнөх Ханд вангийн мөчөөрхөлийг санагдуулам энэ айлчлал эрхэмсэг агаад хүчирхэг байсан. Азийн жижигхэн Монголоо Америк улстай эн тэнцүү байлгаж андын ёсоор ярилцаж чадсан гайхам амжилтыг нүдээр харж, чихээр сонсоод ирсэн тул үүнийг бичиж байна.
Америк Монгол хоёр адилхан юм байна. Хоёулаа хоёрхон хөрштэй. Дэлхий дээр ийм хоёрхон хөрштэй улс хуруу дарам цөөн гэнэ. Монгол Хятад, Орос гэдэг хоёр улсын дунд ардчиллыг хөгжүүлж байгаа бол Америк Канад, Мексик хэмээх хоёр хөрштэй. Бас л ардчиллыг ч хамгаалж, хөгжүүлэх гэж ядаж яваа орон. Монгол, Америк хоёр хоёулаа тероризмтэй тэмцэж энхийг сахиулж буй. Хоёулаа л дэлхийн халуун цэг рүү цэрэг эрсээ илгээсээр хэдэн оныг үджээ. Бас Монгол, Америкийн Ерөнхийлөгч нар хоёулаа Харвардыг төгссөн. Школ нэгтэй гэж монгочууд ярих дуртай даа. Тэгэхээр Ц.Элбэгдорж, Б.Обама хоёр нэг сургуулийн бүтээгдэхүүн байх нь. Мөн хоёулаа анх удаа Ерөнхийлөгчөөр сонгогдсон бөгөөд хоёулаа ардчилсан орны Ерөнхийлөгч байх хувь тавиланг эдэлж явна. Харин эл үгийг Б.Обама өөрөө бахархалтайгаар хэлсэн юм шүү. Энэ мэт адилхан тал байвч ялгаатай зүйл бас байна. Ц.Элбэгдорж хоёр удаа Ерөнхий сайдаар ажиллаж байсан бол Б.Обама ердөө ганцхан удаа л сенатад сонгогдож байжээ. Ц.Элбэгдорж ардчилсан хувьсгалын удирдагч байсан бол Б.Обама бэлэн ардчилал дээр эрхэлж явжээ. Тэгэхээр улс төрийн лидерийнхээ хувьд хурааж хуримтлуулсан туршлагаараа манай Ерөнхийлөгч хамаагүй илүү байх нь. Ийнхүү тоочоод байвал их гүрэнтэй эн тэнцүү байх шалтгаан манай талд олон байна.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж АНУ-д айлчлахынхаа өмнө буюу зургаадугаар сарын 10- нд “Вашингтон пост” сонинд ярилцлага өгчээ. Тус сонины тоймч Эндрю Хиггинс манай улсын Ерөнхийлөгчтэй уулзсан уулзалтынхаа талаар 13-ны өдөр “Чингис хаанаас АНУ-д өгөх зөвлөлгөө” гэсэн нэртэй нийтлэл бичсэн нь багагүй шуугианы эхлэл байсныг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Гэхдээ хамгийн сонирхолтой нь эл нийтлэл хэвлэгдэхээс өмнө Цагаан ордон “Вашингтон пост”-д юу гарахыг урьдчилаад мэдчихсэн, Ерөнхийлөгчийн ажлын албаныхантай утсаар холбогдож эхэлсэн явдал юм. Ерөнхийлөгчийг АНУ-д хийх айлчлалынхаа үеэр Тавантолгойн оператор компани сонгон шалгаруулах явцад “Пибоди”-г дэмжихээ илэрхийлнэ гэж тэд бодож байж. Мэдээж Ерөнхийлөгч ийм зүйлд барьц алдана гэж байхгүй. Өмнө нь Японд хийсэн айлчлалынхаа үеэр ч ам алдаагүй. Энэ удаа ч америкчуудад ганц нааштай үг хэлээгүй явсаар ирсэн. “Монголчуудын андын нөхөрлөлөө хэзээ ч мартдаггүй. Гэхдээ бид хуулиа л баримтална. Хуулиас дээгүүр яриа хэлэлцээ гэж байх ёсгүй” гээд ярьчихсан нь сонинд хэвлэгдэхээсээ өмнө манай гуравдагч хөрш АНУ-ын сонорт хүрчихэж. Хэвлэлийн эрх чөлөө зөвхөн Америкт л байдаг байх гэсэн гэнэн мөрөөдөл минь ийнхүү бут үсрэв. Эндрю Хиггинс бичих гэж буй материалынхаа талаар төр засагтаа “хов зөөсөн” нь сэтгүүлчийн ёс зүйг уландаа гишгэсэн явдал мөн шүү дээ. Түүнээс нь болж Цагаан ордон Б.Обаматай уулзсны дараа гаргах хамтарсан мэдэгдэлдээ заавал “Пибодиг дэмжинэ” гэсэн өгүүлбэр хавчуулах гэж бяцхан “тулгалт” хийж Вашингтон хотод айлчлалын ажлын хэсгийнхэнтэй хоёр шөнө дараалан хэлэлцээ хийсэн байдаг юм. Зөвхөн тэр өгүүлбэрийн төлөө айлчлалын хөтөлбөрт жижигхэн өөрчлөлт хийж хоёр Ерөнхийлөгчийн уулзалтад зураглаач оруулахыг хориглосон билээ. Бүр Ерөнхийлөгчийн гадаад бодлогын зөвлөхийг “Орос школтой учраас Оросын талыг баримталж байна” гэж “зэмлэсэн” сураг ч чих дэлссэн юм. Гэвч энэ бүхнийг давсаар Цагаан ордонд АНУ-ын. Ерөнхийлөгч Барак Обаматай уулзаж найрсаг атлаа алсын хараатай ярилцаж чадсан юм.
Ерөнхийлөгчийн айлчлалын үеэрх хамгийн сонирхолтой хэсэг бол мэдээж Б.Обаматай уулзах мөч байлаа. Дэлхийн 150 орны төрийн тэргүүн уулзах хүсэлтээ тавиад буй энэ эрхэмтэй уулзах, уулзалтын богинохон хугацаанд амжуулж Монгол улсыг төлөөлж ярина гэдэг яавч амаргүй. Гэхдээ Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг Б.Обамагийн өмнө зогсох тэр мөч хүртэл манай ажлын хэсгийнхэн болон АНУ-ын Сенатын гадаад харилцааны хороо, Худалдааны танхим, Брүүкингсийн хүрээлэн, Азийн сан зэрэг байгууллагууд эрвийх дэрвийхээрээ ажилласан юм. Брүүкингсийн хүрээлээнд уншсан түүний лекц, Сенатын Гадаад харилцааны хороон дээр болсон уулзалт ярилцлага, Азийн сангаас хүртсэн “Төрийн гарамгай зүтгэлтэн ” хэмээх хүндтэй шагналыг Нобелийн энхтайвны шагналтан Хэнри Киссинжертэй хамт хүртсэн зэрэг дуулиант мэдээ аль хэдийнэ Цагаан ордонд хүрсэн нь тодорхой байлаа. Ялангуяа гадаад харилцааны хороон дээр болсон ярилцлагын үеэр Өвөрмонголын тухай асуултуудаас хэрхэн эвтэйхэн сугарч гарсан зэрэг нь америкчуудад таалагдсан нь ойлгомжтой. Гадаад худалдааны танхим дээр болсон уулзалтад “Бид 20 жилийн өмнө Монгол руу хэрхэн яаж хөрөнгө оруулалт татах вэ гэж толгойгоо гашилгадаг байсан бол одоо хөрөнгө оруулалтыг хэрхэн зохицуулах вэ гэдэг дээр бодлого гаргадаг боллоо” гэх зэрэг ихэмсэг атлаа үнэн үгтэй илтгэлүүд америк ноёдын гайхшийг төрүүлж байсан биз ээ.
Ингээд айлчлалын оргил үе ирлээ дээ. Сэтгүүлчдийг багагүй хугацаагаар “хорьж” байсан дээс суларч цагаан гантиг хаалга алгуур нээгдлээ. Гэрэл цалгисан өрөөнд гүйж ормогц америк ардчиллын хар бэлгэдэл Б.Обама манай Ерөнхийлөгчтэй зэрэгцэн хээв нэг хөлөө ачиж суугаад инээмсэглэн юм ярьж байна. Зургийн аппаратны шар шар хийх дуун ердөө 10 хором л үргэлжилсэн байх. Хэн нэгэн “Thank you, everybody” гэснээр энэ удаагийн түүхэн мөчийг сурвалжлах, зураг авах хугацаа дуусах нь тэр. Дэлхий дахины анхааран , бишрэн хүндэтгэдэг Б.Обамаг үүдэн хоймрын зайнаас харах мөч ердөө л 10 -хан хором. Амьдралдаа ийм богинохон хугацаанд сурвалжлага хийж үзээгүй явжээ. Тун цэвэрхэн царайтай, урт чацтай, дүрэлзсэн нүдтэй, гарын алга нь нэлээд том байрын Б.Обама бидэн рүү инээмсэглэн гар дохисоор цагаан гантиг хаалга дахин хаагдлаа. Монголчууд гарын алга томтой хүнийг уужим сэтгэлтэй өгөөмөр гэдэг дээ. Б.Обама тийм хүн байж магадгүй л юм. Харин хоёр Ерөнхийлөгч хоорондоо юу ярьсныг дараа нь хэвлэлийн төлөөлөгч бидэнд мэдэгдсэн. Б.Обама Монгол улсад хөгжүүлж буй ардчиллын түүхийг бишрэн хүндэтгэдэг тухайгаа, хоёр орны харилцааг улам бэхжүүлэхийг зорьдгоо, Ц.Элбэгдоржийн улс төрийн туулж ирсэн замналыг бахархан хүндэлж явдгаа хэлсэн байсан. Мөн хоёр орны харилцаа иж бүрэн түншлэлийн хүрээнд хөгжиж байгааг ч дурдсан юм билээ. Харин манай улсын Ерөнхийлөгч “Бид АНУ-тай худалдаа, эдийн засгийн харилцааг эрчимжүүлэх сонирхолтой байна. Өнөөдөр манай улсын Иргэний агаарын тээврийн компани “Боинг” компанитай хамтран ажиллахаар тохирч байна. Олон улсад нэр хүндтэй уул уурхайн зарим компани манай орны уул уурхайн тодорхой томоохон төслүүд дээр хамтрах хүслээ илэрхийлж, энэ чиглэлд ажиллаж байна. Мөн “Женерал электрик” зэрэг томоохон компаниуд хөрөнгө оруулж, хамтран ажиллахаар тохирлоо. Ингэж өндөр технологитой, өндөр хариуцлагатай, өндөр нэр хүндтэй компаниуд монголыг сонирхож байгаа нь бидний хүсэл сонирхолд нийцэж байгаа юм. Монгол, Америк улсуудын хооронд худалдааны ил тод байдлын гэрээ байгуулах чиглэлд хоёр талаас ажиллаж байна. Удахгүй ажил хэрэг болох нь дамжиггүй” гэжээ.
Айлчлал бүрийн араас ёс мэт дагадаг “Хоёр орны харилцааг шинэ шатанд гаргалаа”, “Түүхийн шинэ хуудас нээлээ” гэх үг, өгүүлбэрийг энд тавих ёстой байх л даа. Гэхдээ тэгмээргүй байна. Мэдээж энэ айлчлал ач холбогдолтой болсон. МИАТ маань хөнгөлөлттэй нөхцөлөөр гурван онгоц үнийг нь төлж авахаар боллоо. Монголд хөрөнгө оруулалт хийж буй хийхээр сонирхож буй компаниудын хувьд Монголыг таниулах том сурталчилгаа хийгдэв. Зарим томоохон компаниуд манай улстай хамтран ажиллахаар тохиролцов. АНУ-ын томоохон хэвлэл мэдээллийнхэн манай талаар давс хужир нь таарсан нийтлэлүүд бичиж, Сан францискод манай улс Консулын газраа нээж, манай Ерөнхийлөгчөөс дэлхийн томоохон агентлагууд ярилцлага авлаа. Ялангуяа Тавантолгойн оператор шалгаруулах тендерийн өмнө болсон эл айлчлал манайд гэхээсээ илүү АНУ-д ач холбогдолтой тусах нь гарцаагүй. Мөн дэлхий нийтэд Монгол хэмээх улс АНУ гэдэг гуравдагч хөрштэйгээ андын ёсоор гар бариад ирсэн тухай мэдээлэл өвсөнд ассан түймэр шиг дүрэлзээд өнгөрлөө. Ядруухан ч гэсэн ялж яваа, ертөнцийн анхаарлыг улам бүр татсаар байгаа манай орны Ерөнхийлөгч их гүрэнтэй эн тэнцүү байхын ухааныг, Монголын төрт ёсны бодлогыг, хэрхэн өвлөж түүнийгээ тунхаглаж чадаж байгааг харлаа. Хамгийн гол нь АНУ хэмээх энэ хүчирхэг гүрний өмнө толгой гудайн царайчлах биш харин ч тэднийг өөрсдийг нь царайчлуулж яваад ирсэн нь айчлалын юугаар ч үнэлшгүй үр дүн, ач холбогдол нь гэж бодном. Төрийн тэргүүний албан ёсны айлчлалын үеэр сэтгүүлчийн богцонд, бас зүрх сэтгэлд хуримтлагдах бүхнээр аян замын тэмдэглэл хийх эрх жаахан “хаалттай” байдаг юм. Учир нь хоёр улсын албан ёсны харилцааг сурвалжлах үүрэг хүлээсэн болохоор өөртөө цензур тавиад байдаг билээ. Гэхдээ айлчлал дуусаагүй ээ. Одоо Нью-Йорк үлдлээ. Тэнд сэтгүүлчийнхээ эрх чөлөөг бүрэн дүүрэн эдлэх сонин хачнаар дүүрэн жинхэнэ аян замын тэмдэглэл хөврөх болно. Маргааш эргэн уулзацгаая.