Гайхамшиг бэлэглэсэн “Балетын үдэш”

Хуучирсан мэдээ: 2011.06.27-нд нийтлэгдсэн

Гайхамшиг бэлэглэсэн “Балетын үдэш”

Дэгжин хувцасласан ноёд хатагтай нар Улсын дуурь бүжгийн эрдмийн театрт цуглажээ. Тэд энэ үдэш дэлхийн шилдгүүдийг бүжих  гала тоглолтыг үзэхээр ирсэн нь энэ аж. Мэдээж олны танил эрхмүүд ч энд ирсэн байв. Зургадугаар сарын 24, 25-нд болсон энэхүү “Балетын үдэш” гала тоглолтод таван тивийн шилдэг бүжигчид бүжнэ гэдгээрээ хэдийнэ хүмүүст хүлээлт үүсгээд байсан. Ирсэн зочид хэдийнэ суудлаа эзэлсэн хойно Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хамгаалагч нарын хамт танхимд хүрэлцэн ирлээ. Учир нь энэхүү олон улсын балетын фестивалийг Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулж байгаа аж. Тоглолт одоо л эхлэх нь. Урлагийн гавьяат зүтгэлтэн, театрын ерөнхий удирдаач Н.Туулайхүү симфони найрал хөгжмийг удирдаж эхэлэхэд бяцхан сахиусан тэнгэрүүд тоглолтыг нээв. УДБЭТ-ын дэргэдэх балетын студийн хүүхдүүд “Суворочууд”-ыг бүжиж, ирээдүйд шилдэг бүжигчид болохоо харуулж үзэгчдээс өндөр үнэлгээг авсан. Бяцхан хүүхдүүдийн бүжгээр эхэлсэн “Балетын үдэш” тоглолтын гол эзэд болох шилдэг бүжигчдийг эхнээс нь танилцууллаа. Монгол Улсаа төлөөлж Гавьяат жүжигчин Д.Алтанхуяг, театрын шинэ хун хэмээгдэж байсан Б.Саруул, О.Ганцоож нар оролцсон бол Колумбаас Карлос Молина, Аргентин улсаас Эрика Корнехо, Кубаас Родриго Алмаралес, Япон улсаас Миса Куранага, Рие Ичикава, Өснөд Африкийн бүжигчин Андилье Ндлову, АНУ-аас Уитни Женсон нар оролцож, Монголын үзэгчдэд балетын урлагийг гайхамшгийг мэдрүүлэв. Эдгээр бүжигчид хэдийнэ монголчуудын танил болжээ. Учир нь тэд өнгөрсөн долоо хоногт нь П.И.Чайковскийн “Хунт нуур” балетад гоцолж, монголчуудтай уулзсан юм. Үзэгчдэд “Хунт нуур” балетад Алиа салбадайд тоглосон Андилье Ндловуд хамгийн их таалагдсан байх. Түүнийг тайзнаа гарч ирэх бүрт халуун алга ташилтаар угтаж байсан юм. Гэхдээ тэд бүгд дэлхийн шилдгүүд шүү дээ. Бүгд өөр өөрийн гэсэн онцлогтой, онцгой бүжигчид. “Балетын үдэш” балетчин Д.Алтанхуяг, Уитни Женсен нарын А.Аданы “Косар-Па де-де”-гээр үргэлжлэв. Тайзнаа Д.Алтанхуяг гарч ирэхэд танхимд суугаа үзэгчид бүгд түүнээр бахархаж, “Энэ манай Д.Алтанхуяг үнэхээр гоё шүү” хэмээн хоорондоо ярилцаж байгаа нь сонсогдоно.

Уран хөдөлгөөн, хүчирхэг хөгжим, сэтгэлийн их хөдөлгөөн гээд энэ бүхнээс их эрч хүч, гоё энергийг үзэгчид мэдэрч байсан биз. Мэдээж үдшийн эзэн Д.Алтанхуяг гайхамшигтай бүжгээрээ олон үзэгчдийг өөртөө дурлуулсан. Бүр бүрэн ховсдсон ч гэж хэлж болно. Түүний Японы бүжигчин Рие Ичикаватай хамтран бүжиглэсэн “Rhyme” үзэгчдийг суудлаас нь босгосон. Тайзны гэрэл унтарч, юу ч харагдахгүй харанхуй үзэгчдийг нөмөрхөд, хөгжимчид ч чимээгүй болов. Анир чимээгүй, харанхуй орчинд үзэгчид автлаа. Дээрээс тайзны нэг буланд гэрэл тусгахад Рие Ичикава яг л агаар дээр алхаж байгаа юм шиг, тайлагдашгүй уран зураг үзэж байгаа ч юм шиг. Энэ тайлагдашгүй зургийг Д.Алтанхуяг, Рие Ичикава нар уран нарийн хөдөлгөөнөөрөө үзэгчдэд мэдрүүлж, хоёр хүн яг л нэг хүн шиг хөдлөх тэдний хөдөлгөөн бүрийг үзэгчид шагшин магтана. Гэхдээ үгээр хэлэмгүй тийм нэгэн онцгой бүжиг. Бас нэгэн онцгой бүжгийг АНУ-ын иргэн Жон Лайм бүжив. Улаан бариу тирко, цээж нүцгэн, цагаан маск зүүсэн залуу тайзнаа зогсоно. Яагаад ч өөрийгөө хайгаад байгаа ч юм шиг. Эвсэл өөр хэн нэгнийг эрээд байгаа ч юм шиг. Түүнийг бүжиглэхийг харах бүрт гунигтай хэдий ч нүдээ салгаж чадахгүй зөвхөн түүнийг л харна. Өөрийн эрхгүй сэтгэл догдолж, гуниж, уйлмаар ч юм шиг. Танхимд чив чимээгүй зөвхөн Жон Лаймын амьсгалах чимээ л сонсогдоно. Тэр үзэгчдийн сэтгэлийг эзэмджээ. Тэр чив чимээгүй бага багаар алхсаар тайзны ар руу орчихлоо. Браво, браво… үзэгчид дахиулахыг хүсч байна. Гэвч тэр дахин гарч ирсэнгүй. Дараагийнх нь хэн байх бол ямар бүжгээр дахиад л үзэгчдийг гайхшруулах бол. Харин энэ удаад Андилье Ндлову цагаан срочка, хар зангиа зүүсэн, хар өмдтэй гарч ирлээ. Ажил хэрэгч залуу. Тэр бүжгээрээ яг л их хотын амьдралаас залхсан, ажлаасаа гараад зугтмаар, эрх чөлөөг тэмүүлж байгаа ч юм шиг. Гэхдээ энэ бүхэн зөвхөн таамаглал. Түүний бүжсэн бүжгийн нэр нь “Хүүхэд насны мөрөөдөл” гэсэн. Тэгэхээр тэр магадгүй ирээдүйд бизнесмэн болохыг хүсч байсан юм болов уу. Одоо бодоход. Андилье Ндловугийн үсрэлт бүхэн яг л тэнгэрт дүүлэн нисэх шувуу шиг. Тэр тайзан дээр дүүлэн нисч байна. Хүн биш шувуу шиг. Тэр хүн шувуу байх гэж бодогдмоор. Бас нэгэн гайхамшгийг Родриго Алмаралес үзүүлсэн. Тэр тайзыг эзэгнэж байсан ч УДБЭТ-ын тайз түүнд хэтэрхий бага санагдсан байх. Учир нь түүний эргэлт, үсрэлт, бүжиглэх хөдөлгөөн бүр нь далайн давалгаа шиг хүчтэй, өргөн уудам тал нутаг шиг далайцтай, хуй салхи эрчилсэн байсан. Родриго Алмаралес бол эрч хүч тэмүүлэлээр дүүрэн хүн гэдэг нь түүний бүжгээс үргэлж мэдрэгддэг. Тэр тайзнаа гарч ирсэн бол яг л “Үзүүлээд өгий” гэж байгаа юм шиг хүчтэй байсан.

Их хүчийн дараах бас нэг хүч “Спартак” балет байв. Ирэх жил театрынхан “Спартак”-ийг тавихаар бэлтгэж байгаа. Тэр ч утгаараа энэ балетын хэсгээс Эрика Корнехо Карлос Молина хоёрыг бүжиглэхэд шимтэн үзлээ. Бослогын удирдагч Спартакийн гуйлтын дахин дахин бодох Фригея бүсгүй. Хайртай залууд минь муу зүйл битгий болоосой хэмээн бодож, залбирч байна. Харин Спартак түүнийг тайвшруулж, ямар их хайртайгаа илэрхийлнэ. Гэсэн ч Фригеяг муу совин шаналгасан хэвээр байв. Тэд нэг нэгэндээ дэндүү их хайртай. Спартак Фригея хоёр салахыг хүсэхгүй байгаа ч Спартак явах ёстой. Эмгэнэлт хайрын түүхийг дэлгэсэн Эрика Корнехо Карлос Молина хоёр амьдрал дээр эхнэр нөхөр хоёр гэсэн. Тийм болоод ч тэр үү тэдний бүжиг улам амьд, бодитой мэт. Нэг нэгэн рүүгээ тэмүүлэх сэтгэл, үнсэх үнсэлт, харц бүр нь бодит. Дэлхийд үнэлэгдсэн дээрх бүжигчдийн бүжгийг үзэх гайхалтай байлаа. Бүгд л шилдэг гэдгээ харуулж байсан. Дэлхийн шилдгүүдтэй хамт театрын энэ цагийн хамгийн үзэсгэлэнтэй хун Б.Саруул, ханхүү О.Ганцоож тайзнаа гарч ирлээ. Монголчууд үнэхээр үндсэрхэг хүмүүс гэдэг нь анзаарагдсан шүү. Өөрсдийнхөө бүжигчдийг гараад ирэнгүүт илүүтэй алга ташиж байсан. Тэд “Хунт нуур” балетын хар хунгийн хэсгээс бүжив. Б.Саруул алдарт 32 эргэлтийг гайхалтай сайн гүйцэтгэж, О.Ганцоож тайзыг эзэгнэн дүүлэн нисч Монголын балетын хөгжлийг харуулав. Тэд бусад бүжигчдээс огтхон ч дутахгүй сайн бүжиглэж байсан. Дахин баяр хүргэе. Тоглолт ч өндөрлөх дөхөж байгаа бололтой Д.Алтанхуяг өнөөх цагаан хунд тоглож байсан Японы балетчин Миса Куранагатай хамт тайзнаа гарч ирэв. Тэд энэ удаад “Дон кихот” балетын хэсгээс бүжих гэж байна. Үзэгчдэд цагаан хунгаараа танил болсон Миса Куранага харин энэ үдэш сэргэлэн цовоо, зальжин испани бүсгүй болжээ. “Хунт нуур”-аас гадна 32 эргэлттэй бас нэг балет нь “Дон Кихот” байдаг. Харин эрэгтэй бүжигчдийн хувьд хамгийн их ур чадвар, техник шаарддаг балет нь “Дон кихот” байдаг гэдэг. Тиймээс энэ балетыг сонгож тэд бүжиглэсэн биз. Д.Алтанхуяг. Тэр илүү бардам, өөртөө итгэлтэй тайзнаа бүжнэ. Түүнийг маш үндсэрхэг хүн хэмээн найз нөхөд нь тодорхойлж хэлдэг. Тийм болоод ч тэр үү гала тоглолтын төгсгөлд Ж.Чулууны “Уран хас” балетын вальсийг гала тоглолтод оролцсон бүх бүжигчид бүжиж, симфони найрал хөгжмийг АНУ-ын удирдаач Марк Черчель дохив. Сэтгэл догдлуулсан мөч. Ингээд тоглолт дуусав уу гэтэл тайзнаа УДБЭТ-ын найрал дуучид гарч ирэн Төрийн дуулалыг дуулж эхэллээ. Үзэгчид ч босч хүндэтгэл үзүүлэхэд тайзны хойморьт Монгол Улсын далбаа дэлгэгдлээ. Ийнхүү төрийн дуулалаар тоглолт өндөрлөж, хөшгөө хаалаа. Жаахан гунигтай ч Д.Алтанхуяг ирэх долдугаар сарын 3-нд дахин “Хунт нуур” балетад бүжиглэнэ гэдгийг нь бодохоор баяртай байна. Баярлалаа, дэлхийн шилдгүүдийг танилцуулсанд. Монголын балетын урлагийг хөгжүүлэхийн төлөө хүчин зүтгэж байгаад нь бас дахин баярлалаа. Монголын балет, сонгодог урлаг мандтугай.

М.Дөлгөөн
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж