“E.coli” Францад дэгдлээ

Хуучирсан мэдээ: 2011.06.27-нд нийтлэгдсэн

“E.coli” Францад дэгдлээ

Германд тархаж 46 хүний аминд хүрсэн гэдэсний халдварт “E. coli” өвчний дэгдэлт хэсэг зуур намжаад байсан ч Францад дахин дэгдлээ. Одоогийн байдлаар Францад найман хүн халдвар авч, Бордо хотын хоёр эмнэлэгт хуваагдан хэвтэж эмчлүүлж байгаа ажээ. Өвчний халдвар авсан хүмүүсийн долоо нь хүүхдийн паркийн нээлтийн арга хэмжээнд оролцсон бөгөөд тэдний зургаа нь буурцгийн соёолж идсэн болох нь тогтоогджээ. Арга хэмжээний үеэр хүнсэнд хэрэглэсэн буурцгийн соёолжийг Францад тарьж ургуулсан ч үрийг Их Британийн үрийн компаниас импортолсон байна. Гэсэн хэдий ч импортын үр өвчний эх үүсвэр гэх хангалттай баримт болж чадахгүй гэж үзсэн тул мэргэжилтнүүд хяналт шинжилгээгээ цааш нь үргэлжлүүлж байгаа ажээ.

Өвчний дэгдэлт дахин идэвхжсэнтэй холбоотой Францын Эрүүл мэндийн яамнаас иргэддээ хандаж буурцгийн төрлийн хүнсний ногоонуудыг сайтар угааж цэвэрлэн болгож хүнсэндээ хэрэглэхийг зөвлөж байна. Түүнчлэн халуурах, гүйлгэх, гэдэс орчимд хүчтэй өвдөх шинж тэмдэг илэрвэл яаралтай эмнэлэгт хандахыг анхааруулжээ. Францын Бордо мужийн эмнэлгүүдэд Германд “E. coli” өвчний үед хэрэглэж байсан эм, эмчилгээний аргыг хэрэглэж байна. 

Б.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж