Хятад инфляцийг ялснаа зарлав

Хуучирсан мэдээ: 2011.06.27-нд нийтлэгдсэн

Хятад инфляцийг ялснаа зарлав

Инфляцитай тэмцэх Хятадын бодлого үр дүнгээ өгч эхэлсэн байна. Энэ тухай БНХАУ-ын ерөнхий сайд Вэнь Жябао мэдээлсэн гэж “The Financial Times” сонин бичжээ. Ерөнхий сайд тус оронд үнийн өсөлт дээр хатуу хяналт тогтоосон гэж хэлсэн байна.

2011 оны тавдугаар сард Хятадын инфляци жилийн дүнгээр 5,5 хувьд хүрсэн нь сүүлийн 34 сарын дотор гараагүй дээд үзүүлэлт болсон бөгөөд шинжээчид удахгүй зургаан хувь хүрнэ гэж байсан юм. Албан ёсны урьдчилсан дүнгээр энэ жилийн төгсгөл рүү үнэ дөрвөн хувиар өснө гэсэн юм.

Инфляцитай тэмцэх зорилгоор мөнгөний урсгалын хэмжээг бууруулахын тулд Хятадын Төв банк нэг биш удаа суурь ханшаа нэмэгдүүлж, банкуудын нөөцийн хэмжээнд хатуу хяналт тогтоолоо. Тухайлбал, энэ жилийн дөрөвдүгээр сард суурь ханшийг дэлхийн хямрал эхэлснээс хойш дөрөв дэх удаагаа нэмэгдүүлсэн юм. Зургадугаар сарын эхээр Хятадын Төв банк нөөцийн хэмжээг жилийн эхнээс зургаа  дахь удаагаа нэмсэн байна.

Bloomberg тэмдэглэснээр FT сонины нийтлэл хэвлэгдсэний дараа Хятадын хөрөнгийн үндсэн индексүүдийн нэг Shanghai Composite 0,7 хувиар өсөн 2707 пунктад хүрчээ. Өмнө нь буюу өнгөрсөн дөрөвдүгээр сард жилийн доод үзүүлэлтээс 12 хувиар унаж байсан юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж