Монгол Улс ураны super region бүст багтжээ

Хуучирсан мэдээ: 2011.06.27-нд нийтлэгдсэн

Монгол Улс ураны super region бүст багтжээ

    Цөмийн энергийн газрын мэргэжилтэн Б. Мөнхтөр нь Олон улсын атомын энергийн агентлагаас зохион байгуулсан Цөмийн энергийн аюулгүй байдлын сэдвээрх хурлын Ураны бүс болон ураны хүдэржилтийн үүслийн талаарх техник, мэргэжлийн Бага хуралд оролцсон юм.

    Таны оролцсон салбар хуралдаанд ураны гол төлөв мэргэжлийн геологич, судлаачид саналаа илэрхийлжээ. Тухайлбал ямар сэдвүүдийг хөндөн ярив?

    Дэлхийн бөмбөрцөг дээрх ураны байршил болоод ураныг дагалддаг ашигт малтмалын тухай, түүнчлэн Азийн бүс нь ураны баялгаараа дэлхийд ямар үзүүлэлттэй явж байгаа талаар хөндөн ярилцлаа. Улс орнууд ураны чухам ямар тогтоц бүтэцтэй талаараа шинжээчдэд танилцуулдаг хурал гэсэн үг. Дэлхийн улс орнуудыг ураны баялгаар нь ач холбогдолтой, маш ач холбогдолтой, дундаж гэсэн гурван хэсэгт хуваасан байна. Хурлын дүгнэлтээс харахад маш ач холбогдолтой /super region/ гэсэн хэсэгт Төв Азийн бүс  оржээ. Үүнд Казахстан, Киргиз, ОХУ, Монгол болон Хятад гэсэн дараалалтайгаар нэрсийн жагсаалт гаргасан байна.
    Мөн хурлын үеэр ураны салбарт улс орнуудын баримталж буй бодлого, хайгуул болон олборлолтын түвшин, тухайн орны цөмийн энергийн салбарын өнөөгийн байдал зэрэг асуудлыг хэлэлцлээ. Өмнө нь дэлхий нийтээрээ  цөмийн эрчим хүчийг түлхүү хэрэглэе гэсэн бодлого баримталж байсан. Гэтэл Фүкүшимагийн ослын улмаас улс орнуудад тодорхой хэмжээгээр болгоомжлол үүсээд буй. Гэхдээ энэ байдал нь түр хугацааных гэж салбарын мэргэжилтнүүд үзэж байна. Өөрөөр хэлбэл улс орнууд цөмийн энергийн салбарын бодлогоо эргэн нягталж, илүү чамбайруулж байна гэсэн үг. Бид энэхүү хуралдаан дээр цөмийн энергийн салбарт баримталж буй бодлого, хайгуулын ажил, ойрын хугацаанд ямар орд газруудад үйл ажиллагаа эхлэх тухай танилцууллаа.

    Дэлхийн мэргэжилтнүүд ямар шинэ техник, технологийг энд танилцуулж байна вэ?   

   Улс орнууд газар нутагтаа байгаа ураны ордын төрлүүд, нөөц хэмжээ, чадавх, эрдэм шинжилгээний ажил судалгаа, шинэ технологиудаа танилцууллаа. Жишээ нь БНСУ сансрын системээр  газар зүйн зураглал дээр хийсэн сонирхолтой судалгаа гаргажээ. Их өндөр түвшинд хийгдсэн судалгаа байна. Манай улс ч үүнийг мөн судалж үзэх хэрэгтэй. Геофизик, гео газарзүй, хиймэл дагуулын мэдээлэл зүй гэх мэт олон янзын судалгаа, аргачлалын талаар мэдэж авлаа. Хөгжилтэй орнуудад олон жил хийгдэж байгаа ажлууд юм л даа. Бид ч мөн ийм технологийн ажилд хоцролгүй оролцож, өөрсдөө ойлгон, зэрэгцэн хийж эхлэх нь зүйтэй юм.

Э. Оджаргал, Вена

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж