Өнөө өглөөний 4 цагт Гитлер Орост довтоллоо

Хуучирсан мэдээ: 2011.06.27-нд нийтлэгдсэн

Өнөө өглөөний 4 цагт Гитлер Орост довтоллоо

… ӨНӨӨ ӨГЛӨӨНИЙ 4 ЦАГТ ГИТЛЕР ОРОСТ ДОВТОЛЛОО

Уинстон Черчиллийн хэлсэн үг, 1941 оны зургадугаар сарын 22

(“BBC”, Их Британи) Уинстон Черчилль (Winston Churchill)
 

… Өнөө өглөөний 4 цагт Гитлер Орост довтоллоо. Хоёр орны хооронд харилцан үл довтлолцох гэрээ баяр ёслолтойгоор хийгдэн цуцлагдаагүй байсан юм. Түүнийг биелүүлээгүй гэсэн ганц ч гомдлыг Герман гаргаж байсангүй. Түүгээр халхлан худал аюул гэгчийн эсрэг немцийн арми ер бусын их хүчийг Цагаан тэнгисээс Хар далай хүртлэх шугаманд тавин тэдний нисэх хүчин, хуягт танкийн дивизүүд аажмаар, хатуу эрэмбэ дараатайгаар байрлалаа эзэлсэн байв.
Дараа нь дайн зарлалгүйгээр, тулган шаардалт тавилгүйгээр гэнэтхэн немцийн бөмбөгүүд тэнгэрээс Оросын хотууд дээр унаж, немцийн цэрэг Оросын хилийг даван орлоо. Цагийн дараа, өмнөхөн нь оросуудад найрамдлаа, бараг холбоотон хэмээн үг хайрлахгүй амлаж байсан Германы эрчин Оросын Гадаад хэргийн сайдад Орос, Герман хоёр дайн байдалд орсныг мэдэгджээ.

Ийм маягаар, хүлээн зөвшөөрөгдсөн олон улсын гэрээ хэлэлцээр ба олон улсын хамтын нийгэмлэгийн итгэлийг Норвеги, Дани, Голланд, Бельги мөн Гитлерийн цөөвөр чоно, хамсаатан Муссолинийн Грект гаргаж байсан доромжлол, басамжлал хамаагүй илүү өргөн цар хүрээнд давтагдлаа.

Энэ бүгд нь миний хувьд сюрприз болоогүй. Үнэн хэрэгтээ би тодорхой бөгөөд ойлгомжтойгоор болох үйл явдлын талаар Сталинд сануулж байсан. Өмнө нь бусдад сануулж байсан шигээ л би түүнд анхааруулсан. Миний дохио анхааралгүй хаягдаагүй хэмээн найдах л үлдээд байна.

Яг одоо миний мэдэж байгаа зүйл гэвэл Оросын ард түмэн эр орныхоо хамгаалан тулалдаж, түүний лидерүүд нь эцсээ хүртэл эсэргүүцэхийг уриалаад байна.

Гитлер бол улай үзэх, дээрэм хийх хүсэлдээ ханаж цадашгүй хорон санаат мангас. Бүх Европ өсгийд нь гишгэгдсэн, эсвэл айдсын дор доромжлогдон захирагдаж байгаад сэтгэл ханаагүй тэр одоо яргалал, цөлмөлтөө Орос, Азийн хязгааргүй орон зайд үргэлжлүүлэхийг хүсч байна. Бид болон боловсон ертөнцийн хэсэг нозгойрон тэнэглэж, утгагүйгээр хов хоосноос жилээс жилд бүтээлгэх боломжийг нь фашист гангстерүүдэд олгосон дайны аймшигт машин зүгээр нэг зэврээд салан унана гэж хэлүүлэлтгүйгээр зогсонги байдалд байж чадахгүй. Тэрээр хүмүүсийн амьдралыг тээрэмдэн сая сая хүний эрхийг болон орон гэрийг нь гишэглэн үргэлжийн хөдөлгөөнд байх ёстой.

Түүгээр ч барахгүй түүнийг зөвхөн махаар ч бус нефтиэр хооллох ёстой. Ингэхлээр тэр цусанд дуртай тэнэмэл өөрийн механикжсэн армиа яргалал, дээрэм ба тонолтын шинэ талбарт оруулж байна. Оросын тариачид, ажилчид ба цэргийнхэн ямар ч ядуу байсан тэр тэдний өмх талхыг булаах ёстой. Тэр тэдний хагалагдсан талбайг хоосруулах ёстой. Тэр тэдний анжисийг хөдөлгөж байгаа нефтийг нь булаах ёстой. Ийм маягаар л хүн төрөлхтний түүхэнд байгаагүй өлсгөлөн даллаж байна.

Энэ цуст яраглал ба хоосрол нь түүнд орос хүмүүсийг ялсан ялалтыг авчирлаа гэлээ ч (хэрэв тэр яллаа гэхэд бас их зай байна), тэр нь Хятадад амьдарч байгаа 400-500 сая, Энэтхэгт амьдарч байгаа 350 000 000 хүнийг чөтгөрийн сүлд хас тэмдэг нь бахархалтайгаар хийсэх хүний доошлох ёроолгүй эргүүлэгт оруулах гэсэн оролдлогынх нь ээлжит шат нь болох юм.

Энэ тааламжтай зуны орой тэрбум хүний аз жаргал, амьралд нацистуудын араатны хүчирхийлэл заналхийлж байгаа цагт олон юм ярихыг төдийлөн хүсэхгүй байна. Зөвхөн энэ нь биднийг амьсгааг давчдуулж байна. Гэхдээ би нүднээс далд нуугдмал, Британи ба АНУ-ын амьдралын хэв жаягт шууд хамаатай зүйлд та нарын анхаарлыг заавал хандуулах ёстой болж байна. Нацист дэглэм нь коммунизмын муу шинжээс өөрчлөгдөөд байх зүйлгүй. Тэр нь үндсэрхэг дээрэнгүйллийн үзэн ядах хомхойрлоос өөр ямар нэгэн зарчим, үндэсгүй. Тэр нь хүний хорслын бүх хэлбэр, бүтээмжтэй харгислал ба догшин түрэмгийллээр соргоглосон байгаа. Сүүлийн 25 жилийн дотор над шиг коммунизмын эсрэг тууштай явсан хүн байхгүй. Би түүний тухайд хэлсэн ганц ч үгээ эргүүлэн татахгүй. Гэтэл одоо бидний өмнө өрнөж буй үзэгдлийн өмнө бүгд яльгүй юм шиг болж байна.

Өнгөрсөн үе гэмт хэрэгтэй нь, галзууралтай нь эмгэнэлтэй нь ухарлаа. Өөрийн төрөлх нутгийн босгон дээр, өвөг дээдсийнхээ эрт дээр үеэс боловсруулж ирсэн талбайгаа хамгаалан зогсч байгаа орос, өөрсдийн орон гэрээ хамгаалж байгаа тэднийг, тэдний эх, эхнэрүүд нь өөрсдийн хайртай хүнээ, тэжээгчээ, хамгаалагчаа эсэн мэнд эргэн ирээсэй гэж залбирч буйг би харж байна. Угийн хүний баяр баясгалан тогтон бүсгүйчүүд инээлдэж, хүүхэд багачууд тоглож ирсэн нутаг орондоо амьдрал нь маш хүнд тусч байгаа хэдэн арван мянган орос тосгоныг  би харж байна. Энэ бүгдэд өөдгүй нацист цэргийн машин өөрийн шпороо хангинуулсан дэгжирхсэн пруусс офицерүүдтайгаа, хэдэн арван улс орныг хөл, гараар нь баглан боож номхруулсан чадварлаг туршуулуудтайгаа халдан хөдөлж байгааг би харж байна. Би бас дуулгавартай, сургуулилалттай гуннын цэргэнцрийн саарал сүрэг царцааны нүүдэл мэтээр хөдөлж буйг харж байна. Англичуудаас авсан эдгэрээгүй шарх сорвитой, амархан ялах олзоо оллоо гэж баярлан хөөрсөн  герман бөмбөгдөгч ба сөнөөгч онгоцнуудыг би тэнгэрт нь харж байна. Энэ бүх дуу шуугианы цаана хүн төрөлхтөнд зовлонгийн энэ үерийг зохион байгуулж, төлөвлөж буй хэсэгхэн хорон санаатнуудыг  би  харж байна.

Ингээд миний ухаан санаа олон жилээр ухран Оросын цэрэг бидний холбоотон болон тэр үхэлт дайсны эсрэг асар их эр зориг, хатуужилтайгаар тулалдан ялалт байгуулж,  хэдийгээр бидний буруу байгаагүй ч ялалтынхаа үр дүнг амсахад тэдэнд саад болсон өдрүүдэд буцан очиж байна.

Би энэ бүгдийг даван туулсан хүн учраас хуучин дурсамжийн минь тэвдэн гаргаж байгаа сэтгэлийг минь та нар өршөөх ёстой. Харин одоо би Эрхэм дээдсийн Засгийн газрын шийдвэрийг мэдэгдэх ёстой. Бид ганц ч өдрийг алдалгүйгээр бүхнийг хэлэх ёстой бөгөөд энэ шийдвэрийг тухайн цагтаа түшээт улс орнууд зөвшөөрнө гэж би найдаж байна.  Би мэдэгдэл хийх ёстой, бидний бодлого ямар байх вэ гэдэгт эргэлзэж болно гэж үү?

Бидэнд зөвхөн цорын ганц зорилго байгаа. Бид Гитлерийг устгаж, нацист дэглэмийн бүх ул мөрийг арилгах зориг төгс байна. Бид хэзээ ч Гитлер ба түүний бүлгийн хэн нэгэнтэй тохиролцох буюу яриа хэлцэлд орохгүй. Бид түүнтэй хуурай газарт тулалдана. Тэнгис далайд ч агаар тэнгэрч тулалдах болно. Бурхны тусламжтайгаар дэлхийг түүний сүүдрээс арилгаж, ард түмнүүдийг түүний дарлалаас чөлөөлтөл тулалдах болно.

Нацизмын эсрэг тулалдаж байгаа ямар ч хүн, ямар ч улс бидний тусламжийг авах болно. Гитлертай хамт байгаа ямар ч хүн, ямар ч улс бидний дайсан болно. Тэр ньтөр засагт хамаараад зогсохгүй, өөрийн эх орон, өөрийн иргэдийн эсрэг хөдлөн  нацист дэглэмийн туршуул бөгөөд зэвсэг нь болсон Квинслингуудын хорлонт үндсэрхэгчуудын бүхий л төлөөлөөлөгч нарт хамаатай. Эдгээр Квинслингүүдийг бидэнд төвөг удалгүйгээр иргэд ньзайлуулсан байсан ч манай ялалтын дараа тэднийг тэр скунтэд нь Холбоотнуудын цэргийн шүүхэд шилжүүлнэ. Манай бодлого ийм, манай мэдэгдэл энэ байна.

Үүнээс үүдэн бид Орост, Оросын ард түмэнд чадах чинээгээрээ туслана. Бид дэлхийн өнцөг бүрт байгаа холбоотнууд ба манай найз нөхөдөд хандан ийм чиглэлийг барьж, бидний хийх гэж байгаа шиг эцсээ хүртэл тууштай бөгөөд хатуужилтай зогсохыг уриалж байна.

Бид Зөвлөлт Оросын Засгийн газарт түүнд үр ашигтай болох ямар ч техник эдийн засгийн чадах хэмжээний тусламжаа санал болгосон. Бид Германыг өдөржин шөнөжин улам нэмэгдэх цар хүрээгээр сараас сард улам бүр хүчтэй бөмбөгөөр бөмбөгдөн хүн төрөлхтөнд авчирсан гашуун зовлонгийн сар тутмын хурц тунг немцийн ард түмэнд амсуулж мэдрүүлэх болно…

Ойрын зургаан сарын дотор АНУ-аас бидний авах янз бүрийн цэргийн техник нэн ялангуяа хүнд бөмбөгдөгч онгоцнуудын жин мэдрэгдэх болно. Энэ бол ангийн дайн биш, Британийн эзэнт улс ба Үндэстнүүдийн хамтын нөхөрлөл, яс үндэс, сүсэг бишрэл эсвэл нам үл хамааран татагдан орсон дайн юм.

АНУ-ын үйлдлийн талаар би ярих хүн нь биш. Гэхдээ би хэлнэ, хэрэв Гитлер Зөвлөлт Орост халдаад түүнийг мөхөөхөөр шийдсэн нь агуу ардчиллын хүчин чармайлтыг сулруулж, зорилгод нь хагарал гаргаж байна хэмээн бодож байгаа бол тэр гүнзгий төөрөгдөж байна. Харин эсрэгээр тэр нь дарангуйллаас хүн төрөлхтнийг аврах гэсэн бидний эрмэлзэл ба бидний боломжийг сул­руулахгүй харин улам бэхжүүлэх юм.

Одоо өөрсдийгөө нэг нэгээр нь унагах боломжийг гаргасан, тухайн цагтаа нэгдсэн хүчин чармайлтаараа өөрийгөө болон дэлхийг энэ сүйрлээс амархан аврах байсан  улс орон ба Засгийн газрын алдааг ёс зүйжүүлэх цаг байхгүй. Гэхдээ би хэдхэн минутын өмнө Гитлерын бол улай үзэх, дээрэм хийх ханшгүй хүсэл нь түүнийг Орост энэ уйваагүй үйлдэлд түлхлээ гэж хэлж байхдаа үүний гүнзгий шалтгийг гаргасан юм. Тэрээр Оросын хүчин чадлыг устгаад зүүнээс цэргийн гол хүчээ манай арал руу чиглүүлэхээр найдсан гэдэгт эргэлзэх зүйлгүй. Учир нь тэр өөрийн гэмт хэргийнхээ төлөө тооцоо хүлээхгүйн тулд түүнийг эзлэх ёстойгоо мэдэж байгаа.

Орост довтолсон нь Британийн арлуудыг эзлэх урьтгалаас хэтрэхгүй. Тэр өвлөөс өмнө АНУ-ын флот, нисэх хүчин амжин оролцохоос өмнө Их Британийг амжуулан сүйрүүлэхээр найдаж байгаад эргэлзэх зүйлгүй. Тэр өөрийн эсрэг талынхнаа нэг нэгээр нь унагаж өөрт нь цэцэглэж, дэвжих цагийг өгсөн тэр үйлдлээ өргөн цар хүрээгээр давтахаар найдаж байна. Цохон хэлбэл дэлхийн Баруун хэсгийг өөрийн схем, эрмэлзэлдээ захируулах санаатай сүүлийн үзэгдэлдээ зориулагдсан тайзаа бүрэн цэвэрлэхгүйгээр түүний байлдан дагуулалт нь бүгд талаар болно гэсэндээ давталтаа хийхээр тэр найдаж байна

Тиймээс Орост учирч байгаа аюул нь бидэнд ба АНУ-д учирч буй аюул юм. Мөн л өөрийн гал голомт, орон гэрийнхээ төлөө тулалдаж байгаа орос бүр шиг энэ хэрэг бол дэлхийн өнцөг булан бүрийн чөлөөт хүмүүс, чөлөөт ард түмний үйлс юм. Тэгэхлээр, хатуу туршлагын би­дэнд зааж буй хичээлээ сурцгаая. Бидний хичээл зүтгэлээ дахин нэмэг­дүүлж, хүч, боломж байгаа цагтаа нэгдсэн хүчээр цохилт хийцгээе.

Ш.МЯГМАР

Зохиогчийн эрх: "Ардын эрх" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж