Уул уурхай эрчимжиж, эдийн засаг халж байна

Хуучирсан мэдээ: 2011.06.27-нд нийтлэгдсэн

Уул уурхай эрчимжиж, эдийн засаг халж байна

Монголын эдийн засаг өндөр халуунтай байна. Одоогийн байдлаар мөнгөний нийлүүлэлт өмнөх оныхоос 67 хувиар буюу 4 их наяд 955 тэрбум төгрөгөөр өсчээ. Энэхүү үзүүлэлтээс харвал Монголын эдийн засаг хүчтэй халж, хямралын өмнөх үеийн хэмжээнд хүрсэн байна. 

Эдийн засаг ийн халахад нөлөөлж буй нэг хүчин зүйл нь уул уурхайн салбарын хөрөнгө оруулалт юм. Гадаадын шууд хөрөнгө оруулалт 625 сая ам.долларт хүрч, өнгөрсөн оны мөн үеийнхээс 3.4 дахин өсчээ. Үүнээс уул уурхай, ашигт малтмалын салбарт орсон гадаадын шууд хөрөнгө оруулалт 439 сая ам.долларт хүрч, өмнөх оны мөн үеэс дөрөв дахин нэмэгджээ. Уул уурхайгаас гадна барилгын салбар хөрөнгө оруулалт өмнөх оныхоос гурав дахин өссөн байна. Түүнчлэн төмөр замын салбарын хөрөнгө оруулалт өсчээ.

Гадны хөрөнгө оруулалтыг татахын тулд хамаг таатай бүхнээ амлаж, хууль эрх зүйн орчныг нь цэцэг тарьсан ч ургахаар торддог байсан цаг бий. Харин одоо хөрөнгө оруулалт хүзүүгээр татлаа. Үр дүнд нь үйлдвэрлэл, үйлчилгээний өсөлт хурдасч буй ч хөрөнгө оруулалтын зориулалт нь жил ирэх бүр уул уурхайд шилжиж байгаа нь анхаарлын тэмдэг юм. Энэ хэрээр бусад салбарын өсөлт хязгаарлагдаж, өрсөлдөх чадвар нь уруудах аюултай. Экспорт, үйлдвэрлэл, өрсөлдөх чадвар нь буурна гэдэг тухайн салбар уналтад орно гэсэн үг. Монгол Улс эдийн засгийн олон тулгуурт бүтэцтэй байж үндэсний аюулгүй байдлаа баталгана гэж бид Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалдаа тусгасан. Тэгвэл эдийн засаг уул уурхай гэх ганцхан тулгууртай, өөр бүтэцгүй шахам болох аюул ойрхон байна. Эдийн засагчдын нэрлэдгээр “Голланд өвчин”-ий шинж тэмдэг юм.

Тоогоор илэрхийлбэл, гадаадын шууд хөрөнгө оруулалтын 71 хувийг уул уурхай, 8 хувийг барилга, гурван хувийг банк, санхүү, мөн гурван хувийг төмөр замын салбар эзэлж буй. Хөрөнгө оруулалт нэмэгдсэнээр үйлдвэрлэл үйлчилгээний өсөлтийг хурдасгах нөлөөтэй боловч хөрөнгө оруулалтын зориулалт нь жил ирэх бүр уул уурхайд шилжиж байна. Ингэснээр бусад салбарын өсөлтийг хязгаарлаж, өрсөлдөх чадваргүй болгодог. Эрдэс баялгийн бус үйлдвэрлэлийн өрсөлдөх чадвар буурсанаар экспорт, үйлдвэрлэл нь буурч тухайн салбар хүнд байдалд ордог. Энэ нь эдийн засагчдийн нэрлэдэгээр “Голланд өвчин”-д тусч байгаагийн шинж тэмдэг.

Нийт гадаадын шууд хөрөнгө оруулалтын 71 хувийг уул уурхай, 8 хувийг барилга, 3 хувийг банк санхүү, 3 хувийг төмөр замын салбар тус тус эзэлж байна. Энэхүү хөрөнгө оруулалт дотоодын жижиг, дунд үйлдвэрлэл, боловсруулах салбарт бус харин уул уурхай, барилгын салбарт чиглэж байгааг дагаад үүсэх өөр сөрөг нөлөөлөл нь юу вэ? Мэдээж бусад салбарын ажиллах хүч, хөрөнгө оруулалт, өсөлт зэрэг нь уур уурхай, барилгын салбар руу татагдах аюул. Товчхондоо бол  дотоодын үйлдвэрлэл үйлчилгээний “төрөлжилт” гэх зүйл байхгүй болж, хугацаа өнгөрөн тусам гадаад эдийн засгийн хараат болох нөхцөл бүрдэнэ гэсэн үг.

Эдийн засаг нь эрдэс баялгаас хамаардаг байхын гол аюул нь гэвэл тэдгээр түүхий эдийн үнийг бид өөрсдөө биш, биднээс үл хамаарах хүчин зүйлс тогтоодогт л оршино. Тэр тусмаа төсвийн халамж голлодог Монголд дэлхийн зах зээл дээр зэсийн үнэ буурч, нүүрсний экспорт тасалдахад л эдийн засгийн хямрал нүүрлэх аюултай юм. Өнөөдрийн байдлаар нүүрсний экспорт өмнөх оныхоос 146.5 хувиар өсч, 546.9 сая төгрөгт хүрч, нийт экспортын 35 хувийг эзэлж байна. харин эзсийн баяжмалын экспорт 32.6%-иар өсөн 420.7 сая ам.долларт хүрч нийт экспортын 27%-ийг эзэлж байна.

Уул уурхайгаас хараат болох аюулыг удирдан жолоодох эрх, үүрэг бүхий хүмүүс ямар арга хэмжээ авч байгаа, тэдгээр нь хэр үр дүнд хүрч буй нь эргэлзээтэй, бас найдваргүй. Өөрөөр хэлбэл, аюулын араас аюул залгах вий гэдэг л хамгийн том айдас болчихоод байна.

Гадаадын хөрөнгө оруулалтыг энэ оны эхний хагасын байдлаар авч үзвэл хонгконгчууд манлайлж байх аж. Гадаадын шууд хөрөнгө оруулалтыг орноор нь авч үзвэл 43 хувийг Хонгконг, 10 хувийг ОХУ эзэлж байна. 

Ер нь гадаадын шууд хөрөнгө оруулалт жилээс жилд нэмэгдсээр байгаа аж. Ингэснээр дотоодын зах зээл дэх гадаадын валютын нийлүүлэлт нэмэгдэж эсрэгээр манай төгрөгийн үнэ цэнэ өсч бусад валюттай харьцах ханш дагаад чангарч буй.

З.БОРГИЛМАА

Зохиогчийн эрх: "Ардын эрх" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж