Хуучирсан мэдээ: 2011.06.27-нд нийтлэгдсэн

Аи-92-т асуудал гарлаа

Аи-92 автобензиний үнэ хөөрөгдөж өнгөрсөн амралтын өдрүүдэд 1500-аас 2000 төгрөгт хүрчээ. Эндээс харахад Монголд нүүрлэсэн автобензинийн хомсдол дээд цэгтээ хүрч байгаа нь илэрхий. Импортлогчид зөвхөн талонтой болон гэрээт хэрэглэгчдэдээ шатахуун зарах болсон нь хэрэглэгчдэд багагүй айдас төрүүлж байгаа. Өнгөрсөн сараас эхлэн Монголд Ай-92 автобензиний олдоц ховордох болсон бөгөөд өнгөрсөн амралтын өдрүүдэд шаглагдах дээрээ тулав. Тавдугаар сарын турш нүүрлэсэн дизель түлшний хомсдолоос болж Монголын эдийн засаг донслоход хүрсэн бий. Уул уурхай, газар тариалан, барилга, нийтийн тээвэр, зам засвар гээд олон салбарын ажил зогсоход тун ойртсон нь  Эрдэс баялаг, эрчим хүчний сайдыг дизель түлшний эрэлд мордуулж, их гүрнүүдээс гуйлга гуйхаас өөр аргагүйд хүргэсэн билээ.  Тэгвэл энэ удаад Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Аи-92-ын асуудлаар тархиа гашилгахад хүрч магадгүй нь. Учир нь төрийн өндөрлөгүүдийн, сайд дарга нарын, УИХ-ын гишүүдийн унадаг “төмөр хүлгүүд” идэх хоолгүй сойгдож, эрхэм гишүүд явган таваргаж магадгүй нь байна шүү.

Хомсдолоор дамжуулан зарим иргэд их хэмжээгээр дизель түлш шаглах болсон. Үүнээс сэрэмжилж  “Петровис”,”Жаст ойл”, “Магнай трейд” компани карттай хэрэглэгчид болон гэрээт аж ахуйн нэгжүүддээ  тодорхой хэмжээгээр  Аи-92-ыг зарж байгаа юм байна.  Хэрэглэгч зөвхөн авто машиныхаа шатахууны саванд хийлгэж авахаас канистр болон поошигонд савлаж авах боломжгүй гэнэ. Энэ нь шатахууны дамлалтын эсрэг авч байгаа арга хэмжээ аж. “Петровис” компанийн хувьд шинээр карт нэмж олгохоо түр зогсоогоод байгаа бол “ Жаст ойл”-ын картын хэрэглэгч болохын тулд Худалдаа хөгжлийн банкинд хандаж болох гэнэ.  Харин “Сод Монгол” компанийн хувьд карт, гэрээт гэх шалгуурыг тавилгүйгээр хэрэглэгчдэд хэвийн үйлчилж байна. Зарим хэрэглэгчид хомсдолоор далимдуулан импортлогчид картаа зарж, мөнгө тонших гэсэн ов мэх гаргаж байна хэмээн хардаж буй аж. “Петровис”-ын карт 10 мянган төгрөг бол “Магнай трейд”-ынх 3500, “Сод Монгол”-ынх 5000 төгрөг байна. “Сод Монгол” компанийн хувьд  бусад импортлогчдыг бодвол  Аи-92-ын нөөц харьцангуй  сайн байгаа аж.

Монголын дотоодын зах зээлд үүсээд байгаа Аи-92-ын хомсдол ОХУ-ын нефть бүтээгдэхүүний үйлдвэрүүд засварт орсонтой холбоотой гэнэ. Тус улс Аи-92 автобензинийнхээ чанарыг сайжруулж евростандарт руу шилжүүлэх алхмыг хийж байгаа юм. Аи-92-ыг евростандарт руу шилжүүлэхийн тулд үйлдвэрүүддээ дахин нэг дамжлагын бааз барьж байгаа аж.  ОХУ  нь Аи-92-ын үйлдвэрлэлд өөрчлөлт хийн, европ стандартад шилжүүлж, Евро-3 автобензин үйлдвэрлэхээр болсонтой холбоотойгоор дотоодынхоо хэрэгцээнээс илүү гаргаж Монголд тодорхой хэмжээний Аи-92 авто бензин экспортлохоос биш, ихээхэн хэмжээгээр өгөхөд хүнд байгаагаа өнгөрсөн сард манай холбогдох яам, агентлагт  уламжилжээ. Өөрөөр хэлбэл, ОХУ-аас зургаа, долдугаар сард Аи-92  автобензин нийлүүлэх өөр эс үүсвэр хайхыг монголчуудад мэдэгдсэн байна. 

Хойд хөршийн эдийн засаг жилээс жилд тэлж, шатахууны хэрэгцээ өдрөөс өдөрт өсч байгаагаас эрхбаригчдынх нь зүгээс нефть бүтээгдэхүүний гадаад худалдаандаа хязгаарлалт хийх бодлогыг баримтлах болсон гэнэ. Цаашдаа ч ОХУ-аас Евро-3 автобензинийн экспортоо хязгаарлах бодлого баримталж магадгүй бололтой.  Евро-3 автобензин нь Аи-92-оос илүү чанартай учраас үнэ, өртөг ч өндөр байх аж.

Монгол Улс Хятадаас сард 10 мянган тонн дизель түлш худалдан авах гэрээ байгуулсан. Үүний дараахан тус улс шатахууныхаа экспортыг хязгаарлахаа зарласан билээ. Хятадаас нийлүүлж байгаа шата¬хуун, ОХУ-аас орж ирж буй нефтийн бүтээгдэхүүнээс харьцангуй өндөр үнээр орж ирж байгаа гэнэ.  Хятадаас Аи-92 автобензин авлаа гэхэд тодорхой хольцтой, Оросынхыг бодвол чанар муутай байдаг аж. Ийнхүү Аи-92 автобензин өнгөрсөн түүх болон үлдэж, өндөр үнэтэй, чанар сайтай Евро-3 автобензин  хэрэглээнд нэвтрэх нь бололтой. Энэ болтол Аи-92 тасарчихвал хотын түгжрэл буурч, харин автобусны орлого нэмэгдэх байх даа. Ядаж л наадмаар шатахуунаар суучихгүй баярлах юмсан даа.

Д.Амарсайхан: Аи-92 автобензиний 13 хоногийн нөөцтэй


Газрын тосны газрын дарга Д.Амарсайханаас цөөн асуултад хариу авлаа.

-Импортлогч компаниуд  өнгөрсөн амралтын өдрүүдэд Аи-92 автобензиний борлуулалтаа зогсоосон. Аи-92 автобензинийн нөөц өнөөдрийн байдлаар ямар байна?

-Өнөөдрийн байдлаар Монгол Улс Аи-92 автобензинийн 13 хоногийн нөөцтэй байна.  Мөн монголчуудын 17 хоногийн хэрэглээг хангах дизель түлшний нөөц байна. Харин хамгийн сайн  нөөцтэй шатахуун бол Аи-80 автобензин байна.

 Дизель түлшний хангамж нэг үеэ бодоход сайжирсан. Аи-92 автобензиний тухайд ОХУ нефть боловсруулах үйлдвэрүүддээ засвар хийж Евро-3 автобензин үйлдвэрлэх болсонтой холбоотой. Энэ нь Аи-92 автобензинийнхээ чанарыг сайжруулж, Европын төвшинд хүргэж байгаа гэсэн үг. Тэгэхээр цаашдаа ОХУ-аас Монголд нийлүүлэх Евро-3 автобензин өндөр үнээр орж ирэх болов уу гэсэн таамаглал байна. 

-Импортлогчид зөвхөн карттай буюу гэрээт хэрэглэгчдэдээ Аи 92 автобензин өгч байгаа. Танай газраас импортлогчдод ийм даалгавар өгсөн юм уу?

-Дизель түлш ховордонгуут иргэд канистр, поошигоор түлш худалдан аваад түүнийгээ шаглах үзэгдэл нэлээд гарсан. Үүнээс сэргийлэх үүднээс импортлогчид зөвхөн карттай эсвэл гэрээт аж ахуйн нэгждээ үйлчилнэ гэдгээ бидэнд мэдэгдсэн. Энэ нь зөв. Зохиомол хомсдол үүсгээд хожоо олохоос нэг ёсондоо хаалт хийж байгаа арга хэмжээ юм даа.

-ОХУ-аас нийлүүлэхээр амалсан шатахуун бүгд орж ирсэн үү?

-Монгол руу зогсоо зайгүй ачаад л байгаа гэсэн.

-Баяр наамдын үеэр шатахууны хомсдол нүүрлэж, баярлах манатай л болох юм биш байгаа?

-Гайгүй биз дээ. Тийм юм болгохгүйн тулд импортлогчид худалдаандаа хязгаарлалт тавиад байгаа юм шүү дээ.

Ж.ЭРХЭС

Зохиогчийн эрх: "Ардын эрх" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж