Эрхэм гишүүд "Тогтолцооны аль хувилбарыг дэмжиж байна вэ?" /Асуулгад оролцоогүй гишүүдийн байр суурийг намынх нь бүлгийн байр сууриар тооцсон болно/
гэсэн асуултад ийн хариулж байна.З.Алтай: -Миний бодлоор 2008 оны томсгосон мажоритар хэлбэрээр явах болов уу л гэж харж байна. Аль хэдийн нүхээ ухчихсан, тойрогтоо дөрвөн тэрбумын хөрөнгө оруулалт хийчихсэн улсууд юу гэж ийм сайхан боломжоосоо салахыг бодох вэ дээ. Гэхдээ миний хувийн байр суурь ойлгомжтой. АН-ын бүлгийн гаргасан пропорциональ давамгайлсан хувилбарыг дэмжинэ
Н.Алтанхуяг: -Пропорциональ давамгайлсан 50/26
Р.Амаржаргал: -Пропорциональ давамгайлсан 50/26
Д.Арвин: -Мажоритар давамгайлсан тогтолцоог би дэмжиж байгаа. Удирдах Зөвлөлийн шийдвэр ч ингэж гарсан. Үндсэн хуулинд ч нь иргэд өөрсдийнхөө төлөөллийг шууд сонгохоор заасан учраас мажоритар давамгайлсан хувилбарыг дэмжиж байна.
Х.Бадамсүрэн: -Ардчилсан нийгмийг төлөвшүүлэх гол ажил бол сонгууль. Тэгэхээр Сонгуулийн тухай хуулийг маш төгөлдөр болгох хэрэгтэй. Миний бодлоор сонгуулийн тогтолцоог улс орныхоо хөгжил дэвшлийн түвшинтэй уялдуулах хэрэгтэй гэж бодож байгаа. Хуучин жижиг тойргууд байлаа, Өнгөрсөн 2008 оны сонгуулиар тэдгээр тойргуудыг арай томсгосон байдлаар явуулсан нь манайд нэг алхам болсон гэж үзэж байгаа.Гэхдээ гэнэтхэн пропорциональ системд орох нь учир дутагдалтай. Тийм учраас одоогийн яригдаад байгаа холимог системээр явах нь оновчтой юм. Аажимдаа бол пропорциональ системдээ орох нь зүйтэй.
Х.Баделхан: -Мажоритар давамгайлсан 52/24
Д.Балдан-Очир: -Мажоритар давамгайлсан 52/24
Б.Батбаяр: -Шууд нэг тогтолцооноос нөгөө тогтолцоонд шилжих нь хэцүү. Пропорциональ тогтолцоог сонгоход үүсэх асуудал ч нилээдгүй байгаа. Сонгуулийн тогтолцоог өөрчлөхийн тулд багаас нь эхлэх нь зөв. Мэдээж үүнээс цааш улам гүнзгийрүүлэх ёстой. Манай намын бүлгээс пропорциональ давамгайлсан байх шийд гарсан ч би хуучнаараа явсан ч яадаг юм бэ гэж хувийн байр сууриа илэрхийлж байгаа нь энэ. Шууд том өөрчлөлт хийх нь эрсдэл ихтэй л зүйл.
Д.Кёкүшюзан Батбаяр: -Миний хувьд аль ч тогтолцоотой болсон нь, холимог, мажоритар, жижигсгэсэн мажоритар тог-толцоонд хүрсэн нь хамаагүй. Хамгийн гол нь дахиж долдугаар сарын 1-ны өдрийн үйл явдал дахиж давтагдахгүй байх нь чухал. Автоматжуулах гэж байгаа нь ч бас л хүндрэл үүсгэж болзошгүй. Ямар нэгэн алдаа гарч болзошгүй тул давхар хяналттай байх хэрэгтэй. Ард түмний өгсөн санал зөв л үнэлэгдэж байвал сонгуулийн тогтолцоо нь сонин биш.
Н.Батбаяр: -Пропорциональ давамгайлсан 50/26
Ц.Батбаяр: -Сонгуулийн тогтолцоо хамгийн гол биш. Хамгийн гол нь иргэд саналаа өгч чадаж байна уу. Сонгуулийн үр дүнд тухайн хүний дэмжсэн хүн гарч чадаж байна уу гэдэг л байна. Түүнээс биш саналыг зөв тоолвол сонгууль асуудалгүй. Мөнгөөр биш өөрийнхөө үзэл бодлоо шударгаар илэрхийлэх тийм л үзлийг бий болгох естой
Су.Батболд: -Манай нам “Мажоритари давамгайлсан холимог тогтолцоогоор явъя” хэмээх шийдвэр гаргасан. Ингэснээр сонгуулийн тогтолцоог шинэчлэх алхам хийж чадлаа. Ер нь шинэчлэл хийнэ гэдэг нь өмнө байснаа 100 хувь өөрчлөхийн нэр биш шүү дээ. Тэгээд ч сонгууль бол улс төрийн нам болон улстөрчдөд зориулагдсан биш, сонгогчид Үндсэн хуульд заасан эрхээ эдлэхэд зориулагддаг. Сонгогчид хэнийг сонгохоо өөрсдөө мэддэг байх ёстой. Энэ бол тэдний эрх. Тиймээс тэрхүү эрхийг нь сонгогчдод үлдээмээр байна шүү дээ. Харин аль нэгэн улс төрийн нам булаан авч “Улстөрч бидэнд ашигтай юм байна” гээд пропорциональ тогтолцоог сонгож болохгүй.
Сү.Батболд: -Мажоритар давамгайлсан 52/24
Ж.Батсуурь: -Холимог хувилбарын хувьд ярьж шийдвэрлэх зүйл байгаа. Монгол Улс нь харьцангуй цөөн хүн амтай тул тойргын төлөөлөл зайлшгүй байх нь зохимжтой. Учир нь хөдөө орон нутаг, алслагдсан бүс нутаг, сумын асуудлыг мэддэг хүн хэрэгтэй. Нөгөө талаас хэт их улс төржилтөөс ангижрахгүй бол төр засгийн ажил цалгардах олон асуудал ард түмний нийтлэг эрх ашигт зөрчилдөж байна.Өнгөрсөн 2008 оны сонгууль хагарал бутралыг дуудсан. Нэг намаас нэр дэвшсэн улсууд намаараа ч гэлтгүй нэр дэвшсэн тойрогтоо тэргүүн байр эзлэхийн тулд өрсөлдөж, үүнээс нь болж сонгогчид мөргөлдөх зэрэг хүндрэл дагуулсан. Ямар ч тогтолцоотой байсан мөрдөж чадвал үр дүнд хүрнэ.
Я.Батсуурь: -Холимог тогтолцоотой болох талаар дэмжиж буй гишүүд олон байх шиг байна. Миний хувьд холимог тогтолцоо нь тийм ч муу зүйл биш, бас хамгийн сайн нь ч биш. Гэхдээ сонгуулийн тогтолцоо тийм ч ач холбогдолтой биш. Манайхан алдаагаа буруу газраас хайгаад байх шиг байна. Тогтолцооноос болж долдугаар сарын 1 болсон зүйл байхгүй. Будлиантай, луйвартай, мөнгөтэй сонгуулийг хааж чадахгүй бол ямар ч тогтолцоотой байсан нэмэргүй. Үүнийг өөрчлөхийн тулд хариуцлагын тогтолцоог чангатгаж өгөх хэрэгтэй. Сонгуулийн хууль зөрчсөн, оролцсон этгээдэд хатуу хариуцлага оноодог байх нь зөв. Энэ талаар Эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг байх хуулийн төслийг нэр бүхий гишүүдээс өргөн барьсан нь туйлын зүйтэй. Техникжүүлэх, өндөр технологи ашиглах талаар яригдаж байгаа нь зөв ч хүмүүсийн ухамсрыг дээшлүүлэх нь илүү үр нөлөөтэй. Зарим оронд манайхаас дор зохион байгуулалттай байдагт ч сонгуулийг луйвардах зүйл гардаггүй. Хууль нь чанга учраас хэн ч тэгж бодож, хийдэггүй.
Г.Батхүү: -УИХ-ын гишүүдийн байр суурь янз бүр байгаа. Зарим нь 50:26 гэсэн хувилбар зөв гэж байхад 38:38, бүр 24:52 гэсэн харьцааг сонгох ёстой гэсэн гишүүд бий. Миний хувьд 50:26 буюу 50 нь пропорциональ, 26 нь мажоритар байх ёстой гэсэн хатуу байр суурьтай байна. Энэ нь намын нэрээр санал авах 50, одоо байгаа 26 тойрогт нэр дэвшигчдийг сонгох хувилбар. Давуу тал нь жендерийн асуудлыг шийдвэрлэх бололцоотой. Улстөрийн намууд 26 тойрогт нэр дэвшүүлэхдээ, мөн намын нэрээр санал авах жагсаалтад эмэгтэйчүүдийн нэрийг оруулах боломж илүү бүрдэнэ. 50:26 гэсэн харьцааг сонгосноор мажоритар буюу олонхийн, пропорциональ буюу хувь нийлүүлсэн тогтолцооны аль алиных нь давуу талыг авна гэсэн үг. Ер нь хувь нийлүүлсэн тогтолцоо илүү давамгайлах ёстой. Бид нэгэнт мажоритар тогтолцооны сул тал, үүнээс үүдсэн сөрөг үр дагаврыг хангалттай мэддэг болсон. Энэ байдлыг өөрчлөх гэж байгаа л бол пропорциональ тогтолцоо илүү жин дарах шаардлагатай.
Б.Бат-Эрдэнэ: -Мажоритар давамгайлсан 52/24
С.Баяр: -Мажоритар давамгайлсан 52/24
Х.Баттулга: -Мажоритар тогтолцоо нь өргөн уудам нутагтай, сийрэг суурьшилтай улсад тохиромжтой гэсэн бодол бий. Намын олонхи юу гэж үзэж байгааг бас харъя гэж бодож байна.
Э.Бат-Үүл: -Хоёр намын хамтын ажиллагааны гэрээнд сонгуулийн тогтолцоог өөрчлөх асуудалд хоёр тал хамтран ажиллахаар заасан. Пропорциональ давамгайлсан байхыг бусад намууд, жендерийн квотын талаар төрийн бус байгууллагын төлөөлөгчид шахаж байж ажлын хэсгийн саналт тусгаж байсан. Мажоритар давамгайлсан тогтолцоонд шилжинэ гэдэг нь тэр шинэчлэлээс ухарч байна гэсэн үг. МАН нь ийм байдлаар хариуцлагагүй хандаж болохгүй.
Г.Баярсайхан: -Сонгуулийн хуулийг өөрчлөх асуудлыг сүүлийн гурван жил ярьлаа. Ингээд пропорционалийн оролцоотой холимог, мажоритарын аль нэгээр нь явья гэж байна. Сонгуулийн хуулийг бид өөрчлөхийн тулд хоёр хувилбарын сайн муу талыг дэнслэж үзэх хэрэгтэй. Долдугаар сарын 1 –ны дараагаар гэнэт мажоритар тогтолцоог муу юм гэж ярьж эхэлсэн. Харин энэ сонгуулийн санал тоололт нь учир дутагдалтай байсан. Булхай орох боломжууд байсан. Миний хувьд ард түмний хамгийн сайн шүүлтүүрийг мажоритар тогтолцоо гэж хардаг. Харин санал тоололтыг шударга явуулах, техник технологи ашиглахдаа илүү анхаарах хэрэгтэй.
Ц.Баярсайхан: -Мажоритар давамгайлсан 52/24
С.Баярцогт: -Мажоритар давамгайлсан 52/24
Л.Болд: -Пропорциональ давамгайлсан сонгуулийн тогтолцоог сонгоно гэдэгт итгэлтэй байна. Яагаад гэвэл энэ нь иргэдийн саналыг УИХ-д илүү зохистой тусгаж өгнө шүү дээ.
Р.Буд: – Монгол Улс ардчилал, зах зээлийн харилцаанд шилжсэнээс хойш олон хувилбарыг сонгуулийн хуульд тусгаж, хэрэгжүүлж ирсэн. Нэг үеэ бодвол Монголын эдийн засаг сайжирлаа. Эдийн засгийн өсөлт жил ирэх тусам нэмэгдэх төлөв харагдаж, иргэдийн амьжиргаа дээшилж байна. Одоо жалга, довны асуудал ярихаас илүү улс орны том эрх ашиг, хөгжлийн тухай ярих хэрэгтэй болж байна. Ийм үед сонгуулийн холимог тогтолцоо, пропорциональ систем зайлшгүй хэрэгтэй болr байна.Тэгэхгүй бол томсгосон болон жижиг мажоритар ялгаагүй шууд сонголт хийдгээрээ давуу талтай ч, нөгөө талаас тухайн тойргоос нэр дэвшиж сонгогч УИХ дахь төлөөллийн хувьд тойргийнхоо эрх ашгийг ярихаас аргагүй болчихдог. Улс орны том эрх ашгийн үүднээс сонгуулийн холимог тогтолцоог сонгож, пропорциналь элементийг түлхүү хэрэглэх нь зүйтэй
С.Бямбацогт: -Мажоритар, пропорциональ, холимог системийн энэ нь сайн, тэр нь байвал зүгээр гэж иргэд ярихгүй байна. Сонгогчид сонгуулийн тогтолцооноосоо илүү сонгууль шударга болохыг, хэрэв шударга бус боллоо гэж үзвэл шалгаж, тогтоох, санал өгсөн хүмүүсийн үр дүн нь тэр хэвээрээ гардаг байгаасай гэдгийг л ярьж байгаа юм. Өөрөөр хэлбэл, санал давхар өгөх гэж оролдох, саналын хуудас будлиантуулсан этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг байх ёстой. Хэрэв сонгууль будлиантай боллоо гэж үзвэл өрсөлдөгчид буюу ялагдсан тал нь гомдол гаргаж, саналыг дахин тоолдог болох зэргээр сонгуулийн зохион байгуулалтад өөрчлөлт хийх хэрэгтэй. Ямар ч систем байсан сонгуулийг шударга явуулах үйл явцыг нь зохицуулж өгөх ёстой юм. Миний хувьд сонгуулийн аль систем нь надад ашигтай байх вэ гэдэг үүднээс асуудалд хандахгүй байгаа. Хүн бүр өөртөө ашигтай байлгах гээд сонгуулийн систем ийм байх нь зүйтэй гэж ярих хэрэггүй.
Н.Ганбямба: -Мажоритар давамгайлсан 52/24
Л.Гансүх: -Пропорциональ шинж давамгайлсан тогтолцоо илүү тохиромжтой. Яагаад гэвэл энэ нь УИХ-ын гишүүдийг хариуцлагатай болгоход чухал үүрэгтэй.
Л.Гантөмөр: -Мажоритар давамгайлсан 52:24 гэдэг нь буцаад 52 жижиг тойрог руу явуулах санаа давамгайлж байна гэсэн үг. Уг нь хуучин 76 жижиг тойрог байсныг бид задлаад 26 том тойрог болгосон. Гэвч үүнээс буцаж байна, өнгөрөгч гурван жилд хийсэн бүтээн байгуулалтыг гишүүд “Би олж ирсэн” гэж сонгогчдод ойлгуулахыг хичээсээн байна. Сонгуулийг шударга явуулъя гэж байгаа мөнгөний амлалтгүй, бага мөнгө зарцуулдаг тогтолцоо руу явах ёстой. Бидний пропорционалийг аль болох их хувьтай байлгах гээд байгаа нь мөнгөөр биш үзэл бодлоороо л уралдмаар байна
Д.Ганхуяг: -Пропорциональ давамгайлсан 50/26
Р.Гончигдорж: -Пропорциональ давамгайлсан 50/26
Л.Гүндалай: -Пропорциональ давамгайлсан 50/26
Ц.Даваасүрэн: -Сонгуулийн хууль гэдэг чинь гишүүдийн эрх ашгийг шууд хөндөж байгаа учраас дор бүрнээ өөрийн гэсэн бодлоор хандах нь гарцаагүй үнэн. Өөрөөр хэлбэл, улс нэг тойрог болбол олонд танигдаагүй хүмүүс болгоомжилж. жижиг тойрог өөрт нь ашигтай ч гэсэн хувилбарыг илүү бодох жишээтэй.Тэгэхээр гишүүд янз бүрийн байр сууринаас хандаж байгаа болов уу. Холимог, пропорциональ элемент оруулна гээд байгааг нам, нэр дэвшигчийн нэрийг хамтад нь дугуйлаад хамгийн их санал авсан нь намын авсан хувьд дээр гишүүнээр сонгогдоно гэж ойлгож байгаа. Харин хэдэн хүний нэр нам төлөөлнө гэж жагсаагаад нам шууд сонгоно гэвэл Үндсэн хууль зөрчигдөхөд хүрэх юм.
Д.Дамба-Очир: -Ирэх сонгуулиар холимог тогтолцоотой байх нь зөв гэж бодож байгаа. Пропорциональ тогтолцооны зарим элемен¬тийг оруулж байж намаа бэхжүүлэх ёстой юм болов уу. УИХ-ын 2008 оны сонгуулийг харсан ч, сонгуулийн дараах будилааныг бодсон ч Сонгуулийн тухай хуулийг өөрч¬лөх шаардлагатай. Намын нэр дугуйлах бус, нэр дэвшигчээ дугуйлахгүй бол Үндсэн хууль зөрчсөн болох байх. Тиймээс зарим нь пропорциональ хувилбараар нэр дэвшдэг, харин бусад нь мажоритараар орох нь зүйтэй.
Ц.Дашдорж: -Мажоритар давамгайлсан 52/24
Д.Дондог: –Би энэ асуудлаар зөндөө ярьсан даа. Ажлын хэсгийнхэн зөвшилцөж байх үед нь гишүүд байр сууриа илэрхийлэх нь тийм ч зүйтэй биш. Хувь гишүүнийхээ хувьд өмнө нь ярьсан байр суурь хэвээрээ л байгаа.
Д.Дэмбэрэл: -Мажоритар давамгайлсан 52/24
Х.Жекей: -Дэлхийн улс орнуудад сонгуулиа гурван хэлбэрээр явуулж байх шив дээ. Холимог, мажоритар, пропорциональ гэж. Мажоритар дотроо том, жижиг гээд янз янз байна. Пропорциональ тогтолцоо ч дотроо олон янз байгаа. Гэхдээ энэ бол ерөөсөө намд санал өгөх хэлбэр гэж ойлгоод байна.Тэгэхээр энэ тогтолцоо руу шууд шилжинэ гэхээр Үндсэн хуулийн заалт зорчих гээд байгаа юм. Үндсэн хуульд УИХ 76 гишүүнтэй, Тэднийг Монгол Улсын иргэн шууд сонгоно гээд заагаад өгчихсөн байгаа. Яах вэ пропорциональ бол байж болох хувилбар. Гэвч Үндсэн хуулиа зорчиж болохгүй шүү дээ.
Д.Загджав: -Мажоритар давамгайлсан 52/24
Г.Занданшатар: -Мажоритар давамгайлсан 52/24
Д.Зоригт: -Пропорциональ давамгайлсан 50/26
Д.Зоригт: -Намын бүлгийн байр суурийг дэмждэггүй хүн гэж хаана байх вэ дээ. Холимог тогтолцоог сонгоно гэдгээ тохиролцчихсон. Энэ бол чухал. Бүх тогтолцоог өөрчлөх гээд байгаа хамгийн гол шалтгаан нь хүмүүсийн өгч буй санал намуудын авч буй санал хоёр ялгаатай байгааг өөрчлөх гээд байгаа хэрэг. Нийгэмд маш олон янзын үзэл бодол байр суурь байсаар байтал УИХ-д хоёр гол нам давамгайлаад, давамгайлсан байдал нь авсан саналын тоонд илэрхийлэгддэггүй. Хэдэн хувьтай байх зэрэг тоо бол намуудын тохиролцоод л шийдэх зүй л. Энэ тийм айхтар бие биенийхээ хорон санааг илрүүлэх гээд сонин хэвлэлээр яваад байгаа шиг зүйл биш. Гэхдээ миний хувийн байр суурь ойлгомжтой. АН-ын бүлгийн гаргасан пропорциональ давамгайлсан хувилбарыг дэмжинэ
С.Ламбаа: -Пропорциональ давамгайлсан 50/26
Д.Лүндээжанцан: -УИХ дахь Ардын намын бүлэг олон түмнийхээ санаа бодлыг хүндэтгэж, холимог тогтолцоог сонгон авч байгаа. Намын Удирдах зөвлөл “Мажоритари давамгайлсан холимог тогтолцоог сонгох нь зүйтэй” гэдэг чиглэл өгсөн. Ер нь мажоритари тогтолцоог илт үгүйсгэх шаардлагагүй. Учир нь монголчууд энэ тогтолцоогоор олон удаа санал өгсөн. Тиймээс хүн болгонд энгийн ойлгомжтой, тухайн тойрог дээр хэнийг сонгох вэ гэдгээ иргэд чөлөөтэй шийдэх боломжтой. Тэгээд ч иргэд “Хэнийг сонгохоо бид өөрсдөө шийдье” гэдэг хүсэлт их тавьдаг. Тийм учраас ард түмэнд мажоритари тогтолцоо л тун ойлгомжтой хэлбэр юм. Ард түмний санаа бодлыг байнга судалж, сонсон хууль тогтоох үйл ажиллагаандаа тусгахад ч энэ нь давуу талтай. Намын нэрсийн жагсаалтаар санал хураахад олон түмэнд таалагдаагүй, сонгохыг хүсээгүй хүмүүс нэлээд их орж ирдэг учраас сонгогчид “Хүнээ сонгоё” гэсэн байр суурьтай байгаа. Ийм учраас бид хүн сонгох гэдэгт гол анхаарлаа хандуулж байна. Учир нь Ардын нам бол олон түмний нам. Тиймээс мажоритари давамгайлсан тогтолцоог сонголоо.
Э.Мөнх-Очир: -Мажоритар давамгайлсан 52/24
Ц.Мөнх-Оргил: -Мажоритар давамгайлсан 52/24
Х.Наранхүү: -Мажоритар давамгайлсан 52/24
Ц.Нямдорж: -Мажоритар давамгайлсан 52/24
Д.Одбаяр: -Улс төрд байгаа хүн сонгуулийн тогтолцоо ямар байхаас айх хэрэггүй. Улсын хөрөнгө завшчихаад хуулийн ард нуугдах хүсэлтэй л биш бол сонгуулийн ямар ч тогтолцоо байсан шалгуураар нь орох бэлтгэлтэй байх учиртай. Тиймээс миний хувьд сонгуулийн тогтолцооны хувьд энэ нь, тэр нь надад ашигтай гэдэг талаас нь харахгүй байна. Харин парламентыг хэрхэн үр дүнтэй байлгах, иргэдийн сонголтыг хууль тогтоох байгууллагад яавал зөв, шударга тусгах вэ, сонгуулийг будлиангүй шударга явуулах вэ гэдэг талаас нь сонгуулийн тогтолцоон дээр ач холбогдол өгч байна. Энэ талаас нь харахад холимог тогтолцоо нь зөв болов уу гэж бодож байна. Жижиг мажоратори гэж яриад байгаа ганц нэг нөхрийг харахад УИХ-д дөнгөж орж ирээд улсын хөрөнгөөс завшсан хэдийгээ цацахад жижиг тойрог нь дээр гэж бодоод байх шиг санагддаг. Энэ асуудлыг олонхоороо л шийдэх учиртай.
Д.Одхүү: -АН-ын бүлгийн байр суурийг дэмжиж байгаа. Парламентын систем гэдэг нь өөрөө хатуу сахилга баттай, Хариуцлагатай намын бүлгийн тогтолцоон дээр суурилдаг. Пропорциональ буюу сонгогдох гишүүний тоо олон байж хариуцлага ярина. Миний хувьд пропорциональ буюу хариуцлагын тогтолцооны төлөө саналаа өгнө.
Д.Очирбат: -Мажоритар давамгайлсан 52/24
С.Оюун: -Сонгуулиас сонгуульд иргэдийн оролцоо, өгч байгаа санал 10-20 хувиар хэлбэлздэг. Бид сонгуулийн үр дүнг харьцуулж нягталж үзсэн. 10-20 хувийн иргэдийн санал хэлбэлзлээ гэхэд суудлын тоо нь 60 хүртэл хувиар савалж байх жишээтэй. Пропорциональ тогтолцоог нэвтрүүлснээр улс төр нь савлахгүйгээр хэлбэлзэлтэй болж тогтворжино. Мөн гишүүд тойргоо өмчлөхөөсөө илүү мөрийн хөтөлбөрөөр өрсөлдөнө. Сонгуулийн хуульд пропорциональ элемент оруулбал мажоритарийн сөрөг тал багасах байх. Мэдээж, төгс тогтолцоо гэж байхгүй. Иймээс пропорциональ элемент оруулж байгаа нь бас л дэвшил.
Д.Оюунхорол: -Мажоритар давамгайлсан 52/24
Р.Раш: -Сонгогчдын өгсөн санал Улсын их хуралд төлөөлөл болохоор туссан байх нь хамгийн чухал. УИХ-ыг намууд бүрдүүлж байгаа тул намууд хүчтэй байж төрийн тооно тогтвортой байна гэсэн үг. Мөнгөөр санал худалдан авах, сонгогчдийг татах явдлыг зогсоохгүй бол төрийн өвчин бий болно. Жижиг тойргийн асуудал нь үнэхээр савлагаатай. Цөөн тооны санал суудлын тооны харьцаанд нөлөөлдөг. Хамгийн гол нь энэ асуудлыг шинэ оноос өмнө амжуулахгүй бол хэлэлцсэн асуудал хэрэггүй зүйл болно. Асуудал уг нь тодорхой болчихсон юм чинь ам хэлээ түргэхэн олчихмоор байна. Үүнийгээ шийдчихвэл санал тоолох зэрэг бусад жижиг асуудлыг шийдчих боломжтой.
Ч.Сайханбилэг: -Ардчилсан намын бүлгийн хувьд эргэлзэх зүйлгүйгээр холимог тогтолцоо буюу 26:50 гэсэн пропорциональ тогтолцоогоор сонгууль явуулах нь зүйтэй гэж гишүүдийн олонх нь үзэж байгаа
Ш.Сайхансамбуу: -Мажоритар давамгайлсан 52/24
Ж.Сүхбаатар: -Одоо байгаа мажоритар системээс урагш ахих нь зүйтэй гэдэг дээр санал нэг байна. Яаж пропорциональ системийн болоод мажоритар системийн давуу талыг энэ хосолмол системд оруулах вэ гэдгийг тооцох хэрэгтэй. Мажоритар систе¬мийн давуу тал нь маш ойлгомжтойг. Пропорционалийн давуу тал нь намд тулгуурлаж мөрийн хөтөлбөрийг чухалчилж томоохон үр дүнд хүрч чаддаг. Үүний сул тал нь эргэх холбоо сулардаг. Иймд энэ хоёр системийн сайн талуудыг нь шингээж, саар талуудыг нь арилгах болж байна. Иймд ачааны хүндийг үүрч буй парламентад суудалтай МАН, АН болон бусад улс төрийн намын удирдлагууд харилцан буулт хийж, улс төрийн хариуцлагатай шийдвэр гаргах хэрэгтэй.
Ц.Сэдванчиг: -Пропорциональ давамгайлсан 50/26
А.Тлейхан: -Сонгуулийн тогтолцоо өөрчлөгдөх ёстой гэдэгт санал нэг байгаа. Хамгийн гол нь санал өгөх, тоолох, дүн гаргах асуудалд илүү анхаарал хандуулах ёстой. Мэдээж аажимдаа пропорциональ тогтолцоонд шилжих байх. Гэхдээ өнөөдрийн нөхцөлд байдалд мажоритар, пропорциональ тогтолцооны аль алиных нь шинжийг тусгасан холимог тогтолцоо нь илүү тохиромжтой гэж бодож байна. Сонгогчдын ойлголтоо бодсон ч нэг туйлаас нөгөө туйл руу шууд шилжих нь хүндрэлтэй байх. Миний хувьд нэг зүйлийг анхаарах ёстой гэж үздэг. Энэ нь үндэсний цөөнхийн асуудал. Баян-Өлгий аймгийн казак иргэд 1924 оноос хойш төрийн эрх барих байгууллагад гурван хүн суулгаж байсан уламжлалтай. Ямар ч тогтолцоонд шилжсэн энэ уламжлал алга болчихож болохгүй.
Х.Тэмүүжин: -Ямар ч байсан Ардын намынхан өөрсдийнхөө ашиг сонирхолд хатуу зогсон гэдгээ мэдэгдэж байна. Тэд ирэх сонгуулийг мөнгөний сонгууль болгох, долдугаар сарын 1-нээс сургамж аваагүй гэж байна. Хэрэв дахиад долдугаар сарын 1 болвол улс төрийн хувьд үнэхэхээр тогтворгүй байдалд хүрнэ. Иймд эхлээд сонгуулийн хуулийн асуудлаа шийдээд явах нь илүү чухал учраас Ардчилсан нам завсарлага авч байгаа хэрэг. Гишүүд улс орны асуудлыг томоор харах ёстой. Иймд ирээдүй рүүгээ харсан шийдвэр гаргах байлгүй дээ.
Д.Тэрбишдагва: -Мажоритар давамгайлсан 52/24
Ч.Улаан: -Мажоритар давамгайлсан 52/24
Д.Хаянхярваа: -Би хувь хүнийхээ хувьд сонгуулийг шударга явуулж чадах юм бол сонгуулийн ямар тогтолцоотой байх юм онц чухал биш. Сонгуулийн тогтолцоо өөрчлөгдсөн ч булхай луй-вар, мөнгө төгрөгөөр, бүртгэлээр сонгуулийн санал луйварддаг зүйл нь байх юм бол хэрэг байхгүй. Сонгуулийн тогтолцооноос илүү хууль талаас нь асуудлыг харах нь чухал.
Ч.Хүрэлбаатар: -Мажоритар давамгайлсан 52/24
Ц.Цэнгэл: -Жижиг мажоритар тогтолцоотой нилээдгүй хугацааг өнгөрөөлөө. Одоо цаашид ямар тогтолцоотой байх нь зүйтэй вэ гэдгээ хоёр том нам хамтарсан Засгийн газрыг барьж буй үед шийдэх нь чухал асуудал гэж би бодож байна.
Б.Чойжилсүрэн: -Манай намын бүлэг шийдвэрээ гаргачихсан. Би ч хувь гишүүнийхээ хувьд намын бүлгийн саналыг дэмжиж байгаа. Мэдээж хүн бүр өөрийнхөө сонгож авсан хувилбарын давуу талыг хэлэх байх. Монгол орон өргөн дэлгэр газар нутагтай. Орон нутгийн төлөөллийг хамгийн сайн хангах нь мажоритар давамгайлсан тогтолцоо шүү дээ. Мөн манай хүчин төгөлдөр үйлчилж буй Үндсэн хуулиар УИХ-ын гишүүнийг шууд сонгоно гэж заасан. Хэрвээ пропорционалиар сонгууль хийвэл Үндсэн хуультайгаа зөрчилдөх болно. Ялагдсан нам нь Үндсэн хуулийн цэц дээр маргаан үүсгэх хэрэг үү. Ингэвэл долдугаар сарын 1 байтугай болохыг ч үгүйсгэхгүй.
О.Чулуунбат: -Мажоритар давамгайлсан 52/24
Ц.Шинэбаяр: -Ер нь Монголд сонгуулийн ямар ч систем байсан хамаагүй шүү дээ. Улс төрд улиг болсон хэсэг нөхдүүд л сонгуулийг будлиантуулдаг.Тэд л “ажлаа” хийхгүй бол сонгууль пропорциональ байна уу, мажоритар байна уу хамаагүй. Сонгуулийн будилаан системдээ байгаа юм биш. Хэсэг бүлэг хүмүүсийн хийдэг л зүйл
Ж.Энхбаяр: -Бодлогын хоёр л зүйл байна. Иргэд эрх барих дээд байгууллагад өөрсдийгөө төлөөлөх хүнээ хүн сонгох уу эсвэл нам сонгох уу л гэдэг асуудал. Үүн дээр хоёр нам нийгэмд судалгаа сайн хийж, рейтингээ үзчихээд өөртөө давуу тал олгохыг хичээгээд байна. Тиймээс надад нэг горимын санал байна. Маш хурдан зохион байгуулалт хийж, ард түмний санал асуулгыг хийчих. Сонгууль гэдгийн үнэт зүйл нь энэ. Засгийн эрх барих, төр төлөөлүүлэх эрхээ хэнээр төлөөлүүлэх вэ гэж байна. Үндсэн хуулийн зарчим бол хүнээ сонгох гэж байгаа. Иргэд өөрийнхөө хамгийн том эрхээ нэг намд өгнө гэдэг хэцүү. Яг өнөөдөр Монголын улс төрийн намууд бүрэн төлөвшөөгүй, эдийн засагт гадна дотны оролцоо ихтэй, хиймэл намууд маш олноор үүссэн цагт Монголчууд ямар ч байсан хүнээ таньсан болов уу гэж бодож байна. Миний болоод МАН-ын зарчим бол хvнээ сонгох байгаа. Өнөөдөр намын ард хэн ч төрд гарч магадгүй.
Д.Энхбат: -Уг нь пропорциональ тогтолцоо нь жендерийн асуудал, гадаадад буй монголчуудын сонгууль өгөх боломжинд ээлтэй. Пропорциональ нь илүү ардчилсан. Пропорционалийнхаа жагсаалтыг бүрдүүлэхийн тулд нам дотроо хуралдаж шийдвэрээ гаргадаг. Сонгуулийн эхний шат нам дотор явагдана гэсэн үг. Аль намын хүн нөгөө намын хүнээс айдаггүй, харин нам дотроо өрсөлдөхөөс л айдаг. Нам доторх өрсөлдөөн хүчтэй болох нь улс төрийн намыг эрүүлжүүлэхэд эерэг нөлөөтэй. Харин мажоритар давамгайлсан тогтолцоотой үед ийм боломж тун бага. Өнөөдөр судалгаагаар гуравдагч намуудаас парламентад зургаан хувийн санал авч байгаа ганцхан нам бий нь ИЗ-НН. Дараагаар нь Н.Энхбаярын үүсгэн байгуулах гэж байгаа нам таван хувийн санал авсан байна. Бусад жижиг намуудын эзлэх хувь 1,2 хувь ч хүрэхтэй үгүйтэй байна. Үүгээр жишээ болговол, хэрвээ гуравдагч хүчин зургаан хувийн санал авбал 24:25 ийн хувилбараар нэг л гишүүн сонгогдох нь. Үүнийг нь бодсон ч улс төрийн шинэчлэл хийгдэхгүй гэсэн үг
З.Энхболд: -Пропорциональ давамгайлсан 50/26
М.Энхболд: -Мажоритар давамгайлсан 52/24
Н.Энхболд: -Пропорциональ хэлбэр давамгайлах нь нийгмийн хүлээлтэд илүү нийцнэ гэж би хувь хүнийхээ хувьд үздэг.
С.Эрдэнэ: -Одоо яригдаж байгаа сонгуулийн тогтолцоог дэмжихгүй байгаа. Бараг л пропорциональ тогтолцоог баталчих юм бол сонгууль шударга явагдах юм шиг яриад байх юм. Энэ худлаа. Харин ч пропорциональ тогтолцоо батлагдсанаар намуудын дарга нарын эрх мэдэл улам өргөжнө. Олон удаа парламентад сонгогдсон, сонгогчдод эл дол болсон нөхөд намын нэрийн ард нуугдаж дахин сонгогдох боломж бүрдэнэ. Гэхдээ хувь тэнцүүлсэн пропорциональ тогтолцоогоор шийдэх нь нэг алхам юм. Зөв зүйтэй гэж үзэж байгаа ч гэсэн өнөөдөр энэ тогтолцоог шийдэх цаг мөн үү, биш үү гэдэгт эргэлзэж байна.
Ө.Энхтүвшин: -Бүлэг 24/52 ийг дэмжиж байгаа. Миний байр суурь өөр. Намын бүлгийн даргын хувьд зөвшилцөл дуусч нэгдсэн шийдвэр гарахаас өмнө өөрийн байр суурийг илэрхийлэх боломжгүй байна.
П.Алтангэрэл: -Энэ хуулийн хувьд намын бодлого гэж байх ёстой. Хувь хүний хувьд бол жижиг 76 тойрогтой хувилбар нь хамгийн сайн хувилбар. Яагад гэвэл, Монгол орон бол өргөн уудам газар нутаг, тархай бутархай хүн амтай. Харин УИХ-ын гишүүн бол ард түмнийг төртэй холбох гүүр болохоор энэ систем тохиромжтой. Сонгогчид тодорхой хүнийг сонгож төрд илгээгээд тухайн хүнтэйгээ ярих болж байгаа. Пропорциональ системээр санал хураах юм бол иргэн хүн намтай тулах болно. Жижиг мажоритар системээр сонгууль явуулах юм бол тухайн гишүүн ядаж жилд хоёр удаа уулын мухарт очиж сонгогчидтойгоо уулзалт хийнэ. Энэ талаасаа иргэдтэйгээ ойрхон ажиллах нь сайн талтай. Пропорциональ болон холимог тогтолцоог сайн гэж хэн баталсан юм. Харин тааруухан байгаа хувилбараа цоорхойг нь нөхөж улам сайн болгоод тэр хувилбараараа цааш явах хэрэгтэй. Одоо хэн ч мэдэхгүй, хэн ч ойлгохгүй хувилбарыг манайхан ярьж байна. Ямар утга санааны үүднээс энэ хувилбарууд яригдаад байгааг мэдэхгүй.