Сонгуулийн хууль дахин барьцаанд орлоо

Хуучирсан мэдээ: 2011.06.27-нд нийтлэгдсэн

Сонгуулийн хууль дахин барьцаанд орлоо

Өнгөрсөн долоо хоногийн Монголын улс төрийн амьдрал үйл явдлаар дүүрэн өнгөрлөө. Энэ бүх үйл явдлын эхлэл болоод өрнөл нь долоо хоногийн дундуур хэлэлцэгдсэн Сонгуулийн хуулийн төсөлтэй холбоотой байлаа.

Ардчилсан нам хурлаа, МАН-ын бүлгийнхэн албаа хаяв

Сонгуулийн хуулийн өөрчлөлт дээр 50:26 буюу пропорциональ давамгайлсан хувилбарыг эхнээс нь зүтгүүлж байсан Ардчилсан намын бүлгийн саналын эсрэг МАН-ын бүлэг 24:52 буюу мажоритари давамгайлсан шинэ хувилбарыг тулгаснаас болж Ардчилсан намын бүлэг лхагва гаригийн чуулганаас завсарлага авч, хугацаагүйгээр хурал хаян УИХ-ын үйл ажиллагааг зогсоосон билээ.

Үүний дараа МАН-ын бүлгийн удирдлагууд асуудлыг гацаанд оруулсан 24:52 гэдэг саналаа эргэн харж, мажоритари суудлын тоог цөөлөх замаар Ардчилсан намтай дахин зөвшилцөл хийх санал гаргасан ч бүлгийнх нь ихэнх гишүүн эсэргүүцжээ. Үүний улмаас намын бүлгийн дарга нар сайн дураараа албан тушаалаа өгцгөөж бас нэг бяцхан “шоу” дэглээд амжив. Тэгвэл энэ нь үнэн хэрэгтээ Сонгуулийн хуулийн маргаанаас болсон ч хэрэг биш, угаасаа намынх нь дотоодод үүсээд байсан зөрчилдөөнийг тогтолцооны маргаанаар далимдуулан нэг тийш шийдвэрлэсэн хэрэг гэдгийг эх сурвалжууд хэлж байна. Тиймээс Д.Лүндээжанцан, Д.Дондог нарын ажлыг авсан Ө.Энхтүвшин, Су.Батболд нарын хувьд ч Ардчилсан намын бүлэгтэй дахин зөвшилцлийн ширээнд сууж, асуудлыг нааштайгаар шийдэж чадна гэдэг эргэлзээтэй.

Ардчилсан намын бүлэг чуулган хаяж, хуулийн хэлэлцүүлгийг зогсоосноос хойш хоёр өдрийн турш МАН-ын Удирдах зөвлөл болон УИХ дахь хоёр намын ажлын хэсгүүд хуралдсан ч одоогоор урагш алхсан зүйл алга. Учир нь баасан гаригт хуралдсан МАН-ын удирдах зөвлөл мөн адил 24:52 гэдэг хувилбараа дэмжсэн. Мажоритари тойргийн тоог олшруулах намын бүлгийн энэ шийдвэр хувь гишүүдийн амбицаас гадна жижиг намуудыг, ялангуяа шинээр байгуулагдсан МАХН-ыг барианд оруулахгүй байх намын удирдлагын бодлоготой давхцаж байгаа юм.

Ардчилсан намын зүгээс санал болгож буй 50:26 бол одоо байгаа 26 том тойрог, үлдсэн 50 суудлыг пропорционалиар буюу намын нэрээр авсан саналын дагуу хуваарилах ёстой. Харин МАН-ын зүгээс тавьж буй 24:52 нь одоо байгаа том мажоритари тойргийг тус бүр хоёр мандаттай болгож, үлдсэн 24 суудлыг намуудын авсан саналын тоогоор хуваарилах ёстой. Энэ нь нэг талаас мажоритариар сонгох суудлын тоо олон байх тусмаа намд нь хэрэгтэй, нөгөө талаас одоо байгаа тойргийн системийг хадгалж үлдэх боломжтой гэсэн гаргалгааг тэд хэлж байна. Хэрэв Ардчилсан намаас тавьж буй саналыг харгалзаж, хоёр талаас буулт хийн 38:38-аар сонгуулиа явууллаа гэхэд тойргийн хуваарилалтыг дахин хийх хэрэгтэй болно хэмээн тэд цааргалж буй юм.

Нөгөө талаас пропорциональ суудал 24 болсноор жижиг намуудын парламентад орж ирэх боломжийг ч бас хаах болно. Хамгийн багаар бодоход нийт сонгогчдын таван хувь, ихээр бодоход 10 хувийн санал авч байж жижиг намууд парламентад орж ирнэ гэж үзвэл ихдээ л хоёр, харин багаар бодоход нэг суудалтай болно гэсэн үг.

МАХН-ын бүртгэл МАН-ыг дахин нуман тулгуурт шахав

24:52 гэсэн хувилбарыг хадгалж үлдэх МАН-ын удирдах зөвлөлийн шийдвэртэй зэрэгцэн Улсын дээд шүүхээс МАХН-ын нэрийг улс төрийн намын жагсаалтад бүртгэсэн нь МАН-ын бүлгийг энэ шийдвэрээсээ буцах гарцгүй болгож байгаа бололтой.

Учир нь МАХН-ыг нэрийг бүртгэж авахаас гурван сар гаруйн хугацаанд татгалзсан Дээд шүүх гэнэт нэг өдөр уг намыг бүртгэж авсан нь, мөн үүнээс яг нэг өдрийн өмнө МАХН-ын дарга Н.Энхбаяр Алтай таван богдын оргилд гарч, намынхаа тугийг хатгасан зэрэг нь санамсаргүй зүйл биш байж таарна.

Баасан гарийгийн үдээс хойш 15.00 цагт Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж намын бүлгийн дарга нартай уулзаж, дөрвөн чиглэлээр санал тавьсан байгаа. Үүний нэгд Сонгуулийн хуулийг явуулах асуудал орсон бөгөөд тэрбээр “Хоёр нам энэ удаагийн сонгуулийг ард түмэн өөрсдөд чинь итгэл алдрахад хүрэхээргүй байдлаар зохион байгуулахыг” анхааруулсан. Ерөнхийлөгчийн энэ сануулгын цаана Дээд шүүхийн гаргасан шийдвэр ч бас давхар сануулга болсон юм биш биз гэж хардах хүн олон байна. Учир нь энэ явдал Дээд шүүхийн дарга буюу Ерөнхий шүүгчийг Ерөнхийлөгч шинээр томилсноос хойш анх удаагаа олон нийтийн анхааралд өртсөн шийдвэр боллоо.

МАХН Дээд шүүхэд бүртгүүлсэн явдал эрх баригч хоёр намыг аль алиныг хоёрдмол байдалд оруулж байна. Нэг талаас харвал жижиг намуудын авах суудал аль болох бага байх тусам эрх барьж байгаа хоёр намын аль алинд нь ашигтай. Сонгуулийн дүн яаж гарснаас үл хамааран олонхи болсон хоёр том нам өмнөхийн адил хамтраад Засгийн газраа байгуулаад явчих боломжтой гэсэн үг. Өнгөрсөн гурван жил явж ирсэн энэ зам улс орны эрх ашигт хэдий хохиролтой, парламентын хяналтыг алдагдуулсан, Үндсэн хуулийн бус шийдвэр гэж шүүмжлэгдэж ирсэн ч улс төрийн тогтвортой байдал, ялангуяа том намуудын нэгдэж бодлогоо явуулах тал дээр нэлээд урагштай байсан гэдгийг хэлэх хэрэгтэй. Цаашид ч энэ хоёр нам улс төрийн өрсөлдөгчид гэхээсээ илүү үг хэлээ илүү сайн ололцдог хэсэг нь нийлээд Засгийн газраа байгуулаад, шийдвэрээ гаргаад явчих талтай болсныг ажиглагчид хэлж байгаа.

Тиймээс Ардчилсан намын хувьд өнгөн дээрээ “Тогтолцооны шинэчлэл, пропорицоналийг давамгайлуулах” тал дээр хүч өгөн ярьж байгаа ч гэсэн цаг дээрээ тулахад “Манай намын рейтинг МАН-ынхаас дээгүүр байгаа учраас нам дугуйлах нь зөв” гэдгээс илүүгээр ач холбогдол өгч байгаа эсэх нь тодорхойгүй байна. Эцэст нь МАН олонхи учраас олонхийроо шийдээд мажоритари давамгайлсан хувилбараар явчихлаа гэхэд Ардчилсан нам ард нь нааш харж уйлж, цааш харж инээгээд л үлдэнэ. Үүнээс илүү гарч улс төр хийх боломжийг нь МАХН-ын нэрийг бүртгэж авсан Дээд шүүхийн шийдвэр үгүй хийчих шиг боллоо.

Ардчилсан нам яах вэ, хуучнаараа зүтгээд хурлаа хаясаар байлаа гэхэд ирэх сарын 1 гэхэд Сонгуулийн хуульд өөрчлөлт оруулах хуулийн хугацаа дуусчихаж байгаа юм. Тэгвэл тогтолцооны маргаанаас үүдээд Сонгуулийн хуульд оруулах бусад төрлийн өөрчлөлт нам зогсч, хуучин хуулиараа сонгууль явуулахаас өөр аргагүйд хүрнэ. Тэгвэл МАН-д л улам илүү ашигтай тусч, тогтолцооны шинэчлэлээс гадна сонгуулийг шударга явуулах талаар Ардчилсан намаас гаргасан бүх санал санаачилга, өнгөрсөн гурван жилийн ажил үр дүнгүй болж үлдэнэ. 

Өөрөөр хэлбэл, энэ удаад ирэх сонгуулийг шудрага явуулья, 2008 оны долдугаар сарын 1-ний хэрэг, өмнөх сонгуулиудын булхай луйврыг бүрмөсөн хаая гэвэл МАН-ын буултаас гадна Ардчилсан намынхны хувьд ч буулт хэрэгтэй болчихоод байна.

Б.СЭМҮҮН

Зохиогчийн эрх: "Ардын эрх" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж