Хотын дарга цэрэгт татагдав

Хуучирсан мэдээ: 2011.06.27-нд нийтлэгдсэн

Хотын дарга цэрэгт татагдав

Нийслэлийн удирдлагууд өнгөрсөн амралтын өдрүүдэд Тавантолгойд буун дуу хадааж, танк хөлөглөн давхилдав. Хотын мэр Г.Мөнхбаяр танк жолоодох, их буу сумлахыг кино, шийнээс бусад тохиолдолд үзээгүй учир нэг л эмээнгүй, зүрх муутайхан хандаж байгаа нь илт. Харин хотын даргын орлогч Да.Ганболдод танк жолоодох ихэд таатай байгаа бололтой. Бүхээгээс буух тун дургүй. Энэ сарын  25,26-нд нийслэлийн Засаг дарга, түүний орлогч нар, дүүргийн Засаг дарга нарын “Цэрэг страгегийн бэлтгэл, сургалт” болж өнгөрлөө. Цэрэг, дайчил­гааны үед хэрхэн зохион байгуулалттай ажиллах эрдэмд суралцахаар хоёр хоногийн туршид бэлтгэл сургуулилт хийж, сургалтанд хамрагдсан нь энэ.

Зэвсэгт хүчний жанжин штабын дэргэдэх Тавантолгой цэргийн сургалтын нэгдсэн төв нийслэлээс баруун урагш 40 гаруй км зайд байр­ладаг. Тус сургалтын төвд хоргодох нуувч, шүхэр, буудлага, жолоодлогын талбайгаас гадна цэрэг дайны зориулалтаар ашиглах зэвсэг, техникүүд бүгд бий. Олон улсын энхийг сахиулах ажиллагаанд оролцогч цэргийн албан хаагчид энэ төвд бэлтгэл сургуулилтаа базаадаг. Сүүлийн жилүүдэд нэр хүнд нь өсч буй манай улсын энхийг сахиулагчдын мэдлэг, ур чадварыг ахиулахад энэ төвийн сургалтын бааз суурь ихээхэн нөлөө үзүүлж буй нь мэдээж. Яг иймэрхүү сургалт төрийн албаны удирдлагуудын дунд хоёр жилд нэг удаа болдог гэнэ.

Эхний өдөр цэрэг, дайчилгааны үед хэрхэн зохион байгуулалттай ажиллах онолын талаар сургагч багш нар хичээл заасан бол хоёр дахь өдөр жинхэнэ утгаар цэрэг, дайны зориулалт бүхий техник хэрэгсэлтэй “танилцах” үест сандарч будилах үе олонтаа тохиож байв. Өглөө эртлэн босч, талбай тойрон гүйх, дасгал хийх зэрэгт өдөр тутамд машинаар угтуулж, үдүүлэн төрийн ажил алба залгуулдаг эрхмүүдэд зарим нэгд нь хэцүүхэн даваа. Эдгээр шинэ цэргүүдийн хувьд дийлэнх нь эр цэргийн алба огт хаагаагүй нь илт. Тиймээс ч ухамсарын шанаа амталж үзээгүй учраас ихээхэн хэнэггүй. Хэрэв жинхэнэ шинэ цэргүүд буу сумлах, буудахыг огт мэдэхгүй гээд буугаа тавиад цааш алхвал нударганы амт үзэх нь энүүхэнд.  Гэтэл “амралтын өдрийн” энэ шинэ цэргүүдийн хувьд чадахгүй гээд цааш нуруугаа үүрээд алхахад хэн ч, юу ч хэлэхгүй. 

Буудлагын талбай. Зэрэгц, ноо-м-хон, сул зогс команд өгөхтэй зэрэгцээд эв хавгүйхэн нэг эгнээнд уван цуван нэгдэн жагслаа. Шинэ цэргүүдэд буудлагын бууны хүчин чадал, хэрхэн сумлах, байг онохын тулд овоо харааг хэрхэн тааруулах, аюулгүй ажиллагааны дүрэм журмыг танилцуулснаар буудлага эхэллээ. Хамгийн тү­рүүнд хотындарга. Тэрээр буугаа нэг л эв муутай­хан барьж буудснаар байгаа оносонгүй. Дараагийн буудлагыг сургагч багшийн тусламжтай буудсан ч ахиад л оносонгүй. Гурав дахь удаагийн буудлага арайхийн амжилттай байнд туслаа. Ер нь муу байлдагч юмсанж. Дараагийн цэрэг Да.Ганболд. “Бууг тун цөөн удаа барьсан” гэх боловч гурван удаагийн буудлагын хоёр нь байндаа тусав. Ингээд буудлага Баянзүрх дүүргийн Засаг дарга Б.Батзориг, Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Ц.Болд гэх мэтээр үргэлжилэв. Энэ удаагийн буудлагад Д.Ганболд, Баянзүрх дүүргийн Засаг дарга Б.Батзориг нар хашир туршлагатай мэргэн буудагчаар шалгарав.

Дараагийн сорилт жолоодлого. Өгсөн командын дагуу ярсхийтэл жагсахгүй байгаад сургагч багшийн урам нь хугарсан уу энэ удаад тэднийг командласангүй. Тэд энгийн авто техник хөлөглөх бус танк, их бууны нүсэр хөлөг жолоодонгоо орчны байдлыг хянаж мэдээлэх маягаар бартааг амжилттай туулах ёстой. Гурван танкийн цуваа тэднийг хүлээн бариан дээр сойгоостой. Хотын мээр танк гээчийг харахаас бус жолоо мушгина гэж зүүдлээ ч үгүй явсан нь илт. Тэрээр үүргээ гүйцэтгэн барианд орж ирснийхээ дараа Т72 маркийн танкны бүхээгнээс хүнд байна гэсээр гарч ирлээ. Гадаа хувингаар цутгаж буй аятай бороо шаагина. Муу эр дайнд хөөрөв гэгчээр Д.Ганболд эхлээд олон дугуйтай Витер 80-ийг хөлөглөж, дараа ньТ72 маркийн танкуудыг сэлгэн унаж, өдөржин дайны даалгавар гүйцэтгэсэн ч уйдахгүй байгаа бололтой. Бусад дүүргийн Засаг дарга нар үүргээ гүйцэтгэн гурван километр зайд жолоо мушгицгаав.  Эдгээр техникүүд 100 км-т нэг бүр нь 60 литр түлш залгилна гэж тооцохоор түлш хомсдоод буй энэ цаг үед нийслэлийн удирдлагуудыг “цэрэгжүүлэх”-эд хэчнээн шата­хуун зарцуулж орхив доо, мэдэхгүй.

Батлан хамгаалахын сайд Л.Болд сургалтанд хамрагдсан нийслэлийн удирдлагуудад сертифкат гардуулах ёслолын үеэр “Монгол Улсын Үндэсний аюулгүй байдалтай нийслэл хот салшгүй холбоотой. Хүн амын дийлэнх хувь нь төвлөрсөн Улаанбаатар хотын хувьд түүнийг удирдаж буй удирдлагууд цэрэг, дайчилгааны сургалтад хамрагдаж, онолын болоод практикийн мэдлэгтэй байх нь чухал. Иймээс цэргийн амьдралаар амьдарч, дайчилгааны цаг үед хэрхэн зохион байгуулалтай ажиллах эрдэмд суралцаж байгаа нь бидний хамтын ажиллагааны үр дүн байх ёстой” гэдгийг онцолж байв. Бэлтгэл сургуулилтын дүн гарахад Улаанбаатар хотын захирагч Г.Мөнхбаяр бэлтгэл хурандаа, Д.Ганболд бэлтгэл дэслэгч цолны болзол хангасан байх юм. Хоёул эрдэм номын мөр хөөснөөс бус цэргийн алба огт хаагаагүй гэдгээ ч нуухгүй байгаа. Г.Мөнхбаяр дарга цэргийн бэлтгэл сургуулилт гээчийг ерөнхий боловсролын сургуульд байхдаа цэрэгжилтийн хичээлээр бага сага мэддэг болсон гэх мэтээр “хөөрхөн” яриа үүсгэсэн бол Д.Ганболд 2011 оны шинэ цэрэг хэмээн хээв нэг хариулж орхив. Энэхүү цолыг авахын тулд цэргийн албан хаагчид хэчнээн жилийн хүч, хөдөлмөрөө зарцуулдаг билээ. Удирдах төвшний ажилтнуудад энэ хээрийн дадлага, туршлага солилцох хэрэгтэй. Харин заавал цол олгох хэрэгтэй байсан эсэхийг хэлж мэдэхгүй юм.

Д.ДОЛГОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж