Хотын төвөөс 30 гаруй км буюу Баянзүрх хайрханы доод хормойг эмжин урсах Туул голын эрэг. Эрээн мяраан майхан эгнүүлсэн машин тэрэгтэй хүмүүс эрэг даган багширах нь “Аль даншиг болоод байна аа” гэмээр. Тэд яг надтай адил төсөөлж, машин техник хөлөглөн, мөн дээрхийн адил төсөөлөлтэй энд ирцгээсэн биз. Инээд ч хүрэх шиг. Хоноц хоноцдоо дургүй гэгчээр тэд суурьшсан эргээ эзэгнэцгээн сүүлд ирсэн нэгэндээ дүргүйлхэх янзтай. Хэсэг явсаар эсгий гэрийн буурийн чинээ газар олж арайхийн тухаллаа. Идэх хүнсээ дэлгэн тойрч суугаад байгалийн сайхныг ам мэдэн магтаж гарлаа. Бидний тухалсан эргээс баруун талд арван алхмын зайд хаяа залган орших хөршийнхөн бүр хонох янзтай майхан саваа дэлгээд, гал түлж, идээ ундаа зэхэх. Хүүхдүүд нь бөмбөг өшиглөж, моддын дунд нуугдаж тоглоно. Харин томчуул салхинд гарсан улсууд хойно “уламжлалаа дагаж” хатуу сархад, пиво шимэнгээ хорхог, боодог эргүүлнэ. Зарим нэг нь загасчлах санаатай уурга, дэгээ шидсэн шигээ тухалжээ. Нөгөө талын хөрш залуус гоё ганган машины хөгжмийн аянд галзуурсан аятай дэвхцэн бүжнэ. Бас болоогүй ээ, хоорондоо гар зөрөх хэмжээний багахан зодоон үүсгээд авна. Энэ мэтээр цаадахын цаадах хөршүүд хаяа залган үргэлжилнэ. Бидний гурван “хөрш” нар хэвийх үест зөндөө хог хаягдал үйлдвэрлэсэн. Авах нь аваад, үлдээх нь үлдээгээд явсан биз.
Цааш голын эрэг даган алхлаа. Усанд сэлэх, наранд биеэ шарах, унтаж амрах, тоглох, болзох, уух, наргих гээд амрагчдын зугаа барагдахгүй. Тэднийг ерөнхийд нь “болхи” гэж ганц үгээр хэлж болно. Нэг нь усанд орж байхад нөгөө нь халамцуухан голын ус руу “морь харж” байх жишээтэй. Наахан талд нь нэгэн эр машинаа голын сайр руу оруулж угаана, зүлгэнэ. Доохон талд нь бяцхан хүүхдүүд голын ус цалгиулан наадна. Бас уусан ундаа, идсэн хоолны саваа хаа сайгүй хаялсан ч харагдах шиг. Том, багагүй голоос холгүй модны ёроол, хотгор гүдгэрээр орон “морь харцгаана”. Тухалсан газраа цэвэрлэж, хогоо уутлаад буцаж буй амрагчийг дөрвөн цаг саатах хугацаанд олж харсангүй.
Голын сайрт гоё машинаа угаан зогсох залууд жаахан “атаархлаа”. Гол, ус бохирдуулахаа болиоч гэвэл “Ганц би биш шүү дээ. Энэ хавиар дүүрэн машин угааж байна. Торгууль шийтгэлийг тавьдаг хүн нь тавихаас бус жирийн хүний хэлэх надад сонин биш” гэж загнуулдаг юм байна. Асгарсан тос масло, үгүйдээ л эрэг шураг боолтны тос угаасан усаар дамжин голын бохирдолыг нэмэгдүүлж байгаа нь мэдээж. Түүнд гоё ганган машинаа өнгөлөг байлгах нь чухал болохоос биш Туулын ус бохирдох хамаагүй аж. Бохирдсон усыг крантаар дамжуулан би эргүүлээд хэрэглэнэ, хордоно, өвдөнө гэж өчүүхэн ч бодохгүй байгаа нь илт.
Шуудай үүрэн, шил, лааз түүж яваа нэгэн өвөөтэй таарлаа. Тэрээр гурван жил дараалан дулааны улиралд Туул голын эрэг даган хуванцар сав, архины шил, лааз түүж, амьжиргаандаа нэмэрлэх сэргэлэн санаа олж. Түүнийг Г.Балданпүрэв гэх бөгөөд 60 гаруй настай. Өглөө эртлэн Туул голын эрэг дагаад алхахад 7-8 том шуудай буюу 8000 төгрөгийн цэвэр ашгийг өдөрт олдог аж. Харин түүнд даваагаас пүрэв гаригт орлого муухан. Учир нь энэ хугацаанд ажлын өдрүүд таардаг тул голын эргээр амрагчид цөөн. Өвөө голын урсгал усанд мах угааж зогссон хятадтай таарсан гэнэ. “Болохгүй” гэж хэлээд хариуд нь гараа хуга цохиулаад хөөгдөж байснаа сэтгэл эмзэглэн ярина. Тэрээр өдий наслахдаа ийм муухай ус бузартуулсан хүн үзсэнгүй гээд нүдэнд нь нулимс цийлэгнэнэ. Бас хатуу сархад хүртэж, халамцсан залуус зодолдож, хутга мэс болдог ч цагдаа нар огт үзэгддэггүй гэснээр бид хоёрын яриа өндөрлөлөө. Ерөнхийдөө худалдаж авч болох бүхий л хог хаягдлыг Балданпүрэв өвөөтэй адилхан улсууд түүж цэвэрлэдэг ч бохир заваан байдал энэ голын эрэг тохойд тоймоо алдлаа.
Хотын төвөө байг гэхэд урсгал усны эх болсон Гачуурт, Хар усан тохой хавьд амралтын өдрөөр эрэг тохойд нь сэрүүцэгчид хатан Туулаа угаалгын машин, зугаалгын газар мэт төсөөлөх энэ гаж байдалд хяналт тавьдаг газар манайд байна уу. Угаалга, уусан идсэний бохир эргээр нэг хөглөрч, зарим нэг нь салхиар хөөгдөн урсгал уснаа хөвж харагдана. Зуны улиралд амралтын өдрүүдээр яг л ийм дүр төрх энэ голын эрэг даган үзэгдсээр олон жилийг үджээ. Хотын төв дагуу гол бараадах хэн нэгэн голд машин тэрэг, эд зүйлсээ угаах, арчих аваас торгууль, шийтгэл хүртэх хэмжээний дүрэм журам батлагдснаар замбараагүй гол даган сэрүүцэх эрхмүүдийн цуваа бага зэрэг хумигдсан гэж хэлж болно. Гэтэл хүний хөлөөс зайдуу, тэр тусмаа Гачуурт буюу Хар усан тохой хавьд хумигдах биш суурьшсан юмсанж. Хүний хэлээр ярьдагсан бол Туул гол Улаанбаатар хотын иргэдэд амралтын өдөргүй болгож өгөөч гэж бурхнаас гуйх байсан биз.
Зохиогчийн эрх: "Ардын эрх" сонин