Энэтхэгт 17 настай охиныг төрсөн эцэг нь мөнгөний төлөө эрчүүдэд худалддаг байсныг илрүүлжээ. Одоогийн байдлаар охиныг 200 орчим эр хүчирхийлсэн нь тогтоогдоод байгаа аж. Энэтхэгийн өмнөд Керала мужийн цагдаа нар охины эцэг болон өөр 29 залууг хүчирхийлэл үйлдсэн хэргээр хоёр долоо хоногийн өмнө баривчилсан байна. Охиноо худалддаг байсан эцэг олон нийтийн өмнө тайлбар хийхээс татгалзсан бөгөөд цагдаа нар хэрэгт холбоотой этгээдүүдийг илрүүлэхээр ажиллаж байна. Охины эцэгт мөнгө төлж, хүслээ хангадаг байсан эрчүүдийн тоонд хуулийн мэргэжилтэн, кино продюссер, цагдаагийн ажилтан хүртэл багтжээ.
Охины цагдаа нарт өгсөн мэдүүлэгт хамгийн анх эцэг нь эхнэрийгээ эзгүйд охиноо хүчирхийлж, улмаар дараа дараагаар нь гэрээсээ авч яваад өөр газруудад биеийг нь үнэлүүлдэг болсон тухай хэлсэн байна. Ээж нь охиноо хэцүү байдалд орсныг олж мэдсэн ч эцэг нь эхнэрийнхээ аминд хүрнэ гэж заналхийлснээр хэнд ч хэлж чадалгүй одоог хүртэл нууцалсаар иржээ. Уг хэргийг охины хамаатнууд мэдэж, цагдаагийн газарт мэдэгдсэн ба цагдаагийн хяналтан дор охины сэтгэл санааны хямралыг эмчлэхээр эмнэлэгт хэвтүүлээд байгаа ажээ.
Б.Энх