Б.Хурцыг Германы талд шилжүүлэх үү?

Хуучирсан мэдээ: 2011.06.26-нд нийтлэгдсэн

Б.Хурцыг Германы талд шилжүүлэх үү?

Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын албаны дарга Б.Хурцын давж заалдах шатны шүүх хурал энэ сарын 23, 24-нд Английн Лондон хотноо боллоо. Анхан шатны шүүх хурал болсноосхойш дөрвөн сарын дараа болсон давж заалдах шатны шүүүхийн эцсийн шийдвэр гарсангүй. Шүүгч шүүхийн шийдвэрийг ирэх сарын 12-нд гарна гэж манай талд мэдэгджээ. Өмнөх шиг шүүх хурлыг завсарлуулах, эсвэл нэмэлт баримт оруулах тухай огт яригдаагүй гэнэ.  “Хэрэв шүүхийн шийдвэр эерэг гарсан бол тухайн өдөр нь шийдвэрийг танилцуулдаг уламжлал Англи улсын шүүхэд бий. Харин Б.Хурцын шүүх хурлын шийдвэрийг тухайн үед мэдэгдээгүй нь түүнийг Германы талд шилжүүлэх анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр баталсан байж магадгүй гэх хардлагыг төрүүлж байна” гэж  зарим эх сурвалжууд хэлж байна. Монгол Улсын  Гадаад харилцааны яам Б.Хурцыг эх оронд нь авчрах асуудалд анхаарал хандуулж, ажлын хэсэг байгуулсан. Ажлын хэсгийн ахлагч Б.Болор “Давж заалдах шатны шүүх хуралд манай талаас чухал баримтуудыг өгсөн. Бид хүнээ авна гэж найдаж байгаа”  хэмээн мэдээлж байв. Шүүх хуралд манай талаас Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Цогтбаатар, Монгол Улсын Засгийн газрыг  төлөөлж профессор Сэр Э.Лаутерфахт,  Монгол Улсаас Их Британи улсад суугаа Элчин сайд Б.Алтангэрэл, ЭСЯ-ны зөвлөх, консул Н.Батаа, Б.Хурцын эхнэр н.Сарнай нар оролцсон. Гэхдээ шүүх хурлын явцад өрнөсөн мэтгэлцээнд Б.Хурцын өмгөөлөгч Алан Жонсоос өөр манай талаас үг хэлэх эрхтэй хүн байхгүй. Хуралд оролцсон Б.Хурцын эхнэр н.Сарнай  хэвлэл мэдээллийнхэнд ярилцлага, мэдээлэл өгөхгүй гэдгээ монголд байх гэр бүлийнхнээрээ дамжуулан хэлжээ. Мөн Б.Хурцын төрсөн эгч Б.Болортой холбогдоход “Сарнай шийдвэр нь гараагүй байна гэхээс өөр юм хэлээгүй. Нэгэнт шийдвэр гараагүй байгаа болохоор яриад байх юм алга. Хүлээж  л байя. Хууль тогтоомжид хэрхэн заасныг мэдэхгүй ч Англи улс үнэхээр хүнд сурталтай, хүний эрхийг зөрчдөг орон юм байна” гэсэн бол Яруу найрагч Ц.Хулан “Эхнэр нь хэвлэлд ярилцлага өгөхгүй гэсэн. Нялх хүүхэдтэй  эх хүнд хэцүү байгаа нь ойлгомжтой. Гэхдээ шүүхийн шийдвэр гараагүй байхад бид юу хэлэх вэ” гэв.

Үнэхээр Б.Хурцыг Германы талд шилжүүлэх болоод шийдвэрээ танилцуулахгүй байна уу, эсвэл шүүгч аль талд шийдвэрээ гаргах талаар тунгаах хугацаа хэрэгтэй байв уу. Английн хуулийн практикаас харахад шүүх хурлын шийдвэр эерэг гарсан тохиолдолд  шийдвэрийг тухайн үед нь танилцуулдаг аж. Харин сөрөг гарсан юмуу, эргэлзээтэй бол шийдвэр гарах хугацааг сунгадаг юм байна. Хэрэв Б.Хурцыг Германы талд шилжүүлэхээр болвол асуудал цааш үргэлжилнэ.

Түүнд холбогдох хэргийн анхны хурал өнгөрсөн оны аравдугаар сарын 18-ны өдөр болж “2003 онд С.Зориг агсны хэрэгт холбогдуулан Франц улсаас баривчилж ирсэн Д.Энхбатыг хууль бусаар хулгайлсан хэрэгт холбогдуулан баривчилсан тухай” танилцуулсан байдаг. Гэхдээ Англи улс Б.Хурцын хүн хулгайлсан гэх гэм бурууг шүүх бус Германы талд шилжүүлэх эсэхийг л шийднэ. Шилжүүлсэн тохиолдолд хууль бусаар хүн баривчилсан эсэх зэрэг асуудал  сөхөгдөнө гэж олон нийт таамаглаж байна.

С.Отгон
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж