Попын хааныг эргэн дурсахуй

Хуучирсан мэдээ: 2011.06.26-нд нийтлэгдсэн

Попын хааныг эргэн дурсахуй

Домогт попын хаан Майкл Жексон нас бараад хоёр жил өнгөрлөө. Гэвч Жексоны үхлийн шалтгаан, түүнд хэн буруутай зэрэг нь одоо хүртэл тодорхойгүй байсаар л байна. Энэ бүхнээс үүдэн түүний хөрөнгө залгамжлалын асуудал ч бүрхэг хэвээр байна. Анх 2009 оны зургадугаар сарын 25-нд Лос Анжелосын шүүх эмнэлгийн тогтоолд Жексоны цусанд мэс заслын үед хэрэглэдэг “Пропофол” гэх нойрсуулагчийн тун их хэмжээгээр илэрсэн нь түүний үхлийн шалтгаан болжээ гэж дүгнэсэн байдаг. Зарим нөлөө бүхий хүмүүс Жексоны хувийн эмч Конрад Муррэйг эмийн тунг хэтрүүлэн өгч, дуучны аминд хүрсэн хэмээн буруутгаж байсан ч, эмчийн өмгөөлөгч нь Майкл Жексон нойрсуулагч үйлчилгээ бүхий эмийн тунг дур мэдэн хэтрүүлэн хэрэглэсэн хэмээн мэдүүлсэн байдаг.

Жексоны эгч нарын нэг Латояа Жексон өнгөрсөн долоо хоногт CNN-д өгсөн ярилцлагынхаа үеэр Жексон нас барахаасаа өмнө түүнд ойр байдаг хүмүүс аминд нь хүрэхийг санаархаж байсан тухай дэлгэж хэсэг шуугиан дэгдээжээ. Жексоны ээж Катерин хүүгийнхээ үхэлд “AEG Live” группийг буруутгаж байгаа ба эрүүл мэндийнх нь байдал дорой байхад тоглолтын бэлтгэл сургуулилтыг цаг наргүй хийлгэж байсан нь хүүгийнх нь аминд хүрэх гол шалтгаан болсон гэж үзжээ. Түүнчлэн Жексон амьсгал хураахаасаа нэг сарын өмнөөс мартамхай, амархан түгшдэг, огцом ууртай, толгой нь эргэж унадаг болсон байсан тухай ч ээж нь мэдэгдсэн байна. Энэ мэтээр Жексоны үхэл жам ёсных биш гэдгийг нотлох гэсэн олон таамаг нотолгоонуудыг дуучны гэр бүлийнхэн өгсөөр байгаа ба хэргийг дахин шалгуулж, үнэн мөнийг тодруулна гэж мэдэгдсээр байгаа юм.

Жексоныг өнгөрсөн цагаас хойш нэрийг нь мөнхлөх олон хөшөө дурсгал, шагнал урамшил, дуу хөгжмүүд ар араасаа урган гарах болсон. Түүнийг нас барсны хоёр жилийн ойн хүрээнд дэлхийн одуудын оролцсон олон тооны арга хэмжээнүүд зохион байгуулагдаж байна. Хамгийн сүүлийн мэдээгээр Жексоны аав Жо Жексон хүүгийнхээ мөрөөдлийг биелүүлэхээр “Аз жаргалын орон” нэртэй цэнгэлдэх хүрээлэнгүүдийг дэлхийн олон оронд барьж байгуулах ажлыг эхлүүлэх гэж байгаа тухай мэдэгджээ. Майкл Жексон хорвоогоос одсон ч цаг үргэлж хүн бүрийн сэтгэл зүрхэнд амьд хэвээрээ.

ЗУРГИЙН ЦОМГИЙГ ЭНД ДАРЖ ҮЗНЭ ҮҮ.

Б.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж