УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Ө.Энхтүвшин 16.00 цагийн үед сэтгүүлчдэд мэдэгдэл хийнэ гэсэн зар тараасан ч түүнийгээ хойшлуулсан бололтой, одоо хүртэл сэтгүүлчид түүнийг хүлээж байна. Энэ зарыг дуулгах үетэй Улсын дээд шүүхээс МАХН-ынханд нэрийг нь өгч, батламж гардуулсан үйл явдал давхацсан юм. Тиймээс Монгол Ардын Хувьсгалт нам гэдэг нэрийг Н.Энхбаяр даргатай МАХН-ын буурийг сахиж үлдсэн төлөөлөл эзэмших болсонтой холбоотойгоор МАН-ын Удирдах зөвлөл шуурхай хуралдаан зарласан. Улсын дээд шүүхээс МАХН-ынханд нэрийг нь өгч, батламж гардуулсан явдал нь УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүдэд хүнд цохилт болсон бололтой. Ажлаа тараад байсан гишүүд нь хүртэл Төрийн ордонд эргэн ирж, Удирдах зөвлөлийн хуралдаандаа оролцож байна. Хуралдаан хоёр цаг орчим үргэлжилж байгаа ба удахгүй дуусах төлөвтэй байна. Гэхдээ Ө.Энхтүвшин даргын мэдэгдэл хийх эсэх нь одоогоор тодорхойгүй байгаа юм.