Хөдөлгөөнийхнийг яагаад баривчилсан бэ?

Хуучирсан мэдээ: 2011.06.24-нд нийтлэгдсэн

Хөдөлгөөнийхнийг яагаад баривчилсан бэ?

“Гал үндэстэн” холбооны удирдах зөвлөлийн гишүүн Ц.Мөнхбаяр, О.Самбуу-Ёндон, Г.Төмөрбаатар, М.Баатархуяг  нарыг өчигдрөөс цагдан хорих 461 дүгээр ангид, Г.Болдбаатар, Г.Дашдэмбэрэл, Ц.Энхбаяр нарыг 30 хоногийн хугацаатай албадан саатуулаад  байгаа юм. Тэднийг ямар үндэслэлээр буруутгасан талаарх албан ёсны мэдээллийг цагдаагийн байгууллагаас өнөөдөр өглөө.

УМБГ, Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтсээс хөдөлгөөний гишүүдийг цагдан хорьж, албадан саатуулсан үндэслэлээ ийн тайлбарлав. “Гал үндэстэн” холбооны Удирдах зөвлөлийн гишүүн Ц.Мөнхбаяр, О.Самбуу-Ёндон, Г.Төмөрбаатар нарт энэ сарын 22-нд Өвөрхангай аймгийн Уянга суманд үйл ажиллагаа явуулдаг “Гурван тамга” компанийн усан бууны генератор руу буудаж, бусдын өмч хөрөнгөд санаатай халдсан гэх үндэслэлээр Эрүүгийн хуулийн 153.2 зааснаар хэрэг үүсгэсэн байна.  Тэд өнгөрсөн оны есдүгээр сарын 2-нд Сэлэнгэ аймгийн Мандал суманд үйл ажиллагаа явуулж байсан “Пураам” компанийн техник рүү 22 удаа, “Сентерра гоулд” компанийн техник хэрэгсэл рүү гурван удаа буудсан хэмээн эрүүгийн хэрэгт татагдаад  байсан юм. Өмнө нь үйлдсэн хэрэг эцэслэн шийдэгдээгүй,  хэрэгт холбогдогчид батлан даалтад гадуур байцаагдаж байхдаа дахин гэмт хэрэг үйлдсэн нь цагдан хорих үндэслэл болсон байна.

Харин М.Баатархуяг, Д.Төмөрбаатар нарыг энэ сарын 03-нд Сүхбаатарын талбайд жагсаал цуглаан зохион байгуулахдаа Төрийн ордны гурван давхрын 36 тоот өрөөний цонх руу нум сумаар харваж танхайрсан хэрэгт буруутгаж, эрүүгийн хуулийн 181.3-т зааснаар Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст эрүүгийн хэрэг үүсгэжээ. Хөдөлгөөнийхний төрийн ордон руу нум сумаар харвасан үйлдлийг Тагнуулын Ерөнхий газарт шалгуулахаар өгч, тус газраас СБД-ийн прокурорын газраас тус дүүргийн цагдаагийн хэлтэст харьяалал тогтоон, шилжүүлжээ.

Харин албадан саатуулах 111-т саатуулагдаад буй Г.Болдбаатар, Г.Дашдэмбэрэл, Ц.Энхбаяр нарыг өнгөрөгч дөрөвдүгээр сарын 19, энэ сарын 03-25-ны өдөр Сүхбаатарын талбайд жагсаал цуглаан зохион байгуулахдаа Жагсаал цуглаан зохион байгуулах тухай хуулийн 15.3 дахь заалтыг зөрчсөн гэх үндэслэлээр 30 хоног баривчлах шийтгэвэр гаргасан аж.

Цагдан хорих төвд гэмт хэргээ давтсан үйлдсэн гэх үндэслэлээр  саатуулагдаад буй Ц.Мөнхбаяр нарын өмнөх хэрэг шийдэгдээгүй байсан тул тэд шүүхээс зөвшөөрөл авч, орон нутаг явах ёстой байсан аж. Мөн нутаг чөлөөлөх ажиллагааг хийх болохгүй тухай анхааруулсан шаардлага, хүсэлтийг цагдаа, хууль хяналтын байгууллагаас удаа дараа тавьсан байна.

Харин бусад иргэний хөдөлгөөний зүгээс хууль бус үйл ажиллагаагаа нуун далдлахын тулд шударга үнэний төлөө явсан хүмүүсийг толгой дараалан цагдан хорьж, хэлмэгдүүлж байна гэж  үэзж байгаа. Тиймээс цагдаагийн байгууллагад тэднийг суллах шаардлага хүргүүлэхээ мэдэгдээд байгаа юм.

С.Отгон

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж