МАХН-ынхан батламжаа гардав

Хуучирсан мэдээ: 2011.06.24-нд нийтлэгдсэн

МАХН-ынхан батламжаа гардав

Монгол Ардын Хувьсгалт Нам нэрээр улсын бүртгэлд бүртгүүлэх тухай улс төрийн намын хүсэлтийг Улсын Дээд шүүх өнөөөдөр  хянан хэлэлцээд, намын нэрийг бүртгэх шийдвэр гаргалаа. Улсын дээд шүүхээс гаргасан  шийдвэрт “Улс төрийн намуудын улсын бүртгэлд Монгол Ардын Хувьсгалт Нам буюу МАХН нэртэй нам байхгүй тул Монгол Ардын Хувьсгалт Нам гэсэн бүтэн, МАХН гэсэн товчилсон нэртэй намыг улсын бүртгэлд бүртгэх нь Иргэний хууль, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль, Улс төрийн намын тухай хуулийн холбогдох зүйл заалтад харшлахгүй” гэсэн байна.

Улс төрийн намын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.6.-д заасан зохицуулалтын  “нам энэ хуульд заасны дагуу … нэрээ өөрчилсөн тохиолдолд түүний … нэр …-г дээрх шийдвэртэй санал нийлээгүй тус намын гишүүн болон бусад иргэн, хуулийн этгээд аливаа хэлбэрээр өмчлөх, үргэлжлүүлэн хэрэглэхийг хориглоно” гэсэн хэсэг Үндсэн хууль зөрчөөгүй гэж Үндсэн хуулийн цэцийн  энэ сарын 15-ны өдрийн 02 дугаар дүгнэлт гарсан тул Үндсэн хуульд нийцсэн, хүчин төгөлдөр хуулийн зүйл, заалтыг шүүх бүрэн эрхийнхээ хүрээнд тайлбарлан хэрэглэх үндэслэлтэй гэж Улсын Дээд шүүх дүгнэж, хуулийн дээрх заалт өөр намын урьд авч байсан нэрийг шинээр байгуулагдаж буй нам дахин хэрэглэх тохиолдолд хамаарахгүй гэж тогтоолдоо заасан байна.

Улсын Дээд шүүх шинээр байгуулагдсан МАХН-д Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хуулийн дагуу үйл ажиллагаагаа явуулахыг даалгаж, батламж бичгийг гардуулан өглөө. Үүний дараа МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Удвал “Улсын дээд шүүх хуулийн хүрээнд үнэн зөв шийдлээ. Бид МАХН гэх нэрийг бүртгүүлэх гэж багагүй саад бэрхшээл, цаг хугацаа туулсан. Өнөөдрөөс хууль эрх зүйн хувьд бие даасан  байдлаар үйл ажиллагаагаа явуулах боломжтой боллоо. Баяртай байна” гэсэн юм. Харин МАХН-ын бүртгэлийн асуудалд хуулийн зөвлөгөө өгч байсан хуульч О.Баасанхүү “Анхнаасаа намын нэрийг бүртгэх нь хууль зүйн хувьд зөв байсан. Дээд шүүх хуулийн хүрээнд зөв шийдлээ гэж үзэж байна. Үндсэн хуулийн цэц намыг бүртгэх  тухай асуудлыг бус Улс төрийн намын тухай хуулийн 15.6 заалт Үндсэн хууль зөрчсөн эсэхийг  хэлэлцсэн юм.  Улс төрийн намын тухай хуулийн 15.6, 6.6 дахь зүйл заалт нь хоорондоо ялгаатай, өөр заалтууд юм” гэв. Хуралд УИХ-ын гишүүн Ц.Шинэбаяр оролцоогүй. Тэд нэрээ бүртгүүлсэн учир ирэх долоо хоногийн эхээр энэ тухай хэвлэлийн хурал зарлаж, дэлгэрэнгүй мэдээлэл хийх юм байна. 

С.Отгон
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж