Хятадын гараанд Баттон түрүүлж, багууд гацаанд оржээ

Хуучирсан мэдээ: 2010.04.19-нд нийтлэгдсэн

Хятадын гараанд Баттон түрүүлж, багууд гацаанд оржээ

Өчигдөр үд дунд ширүүн бороотой зэрэгцэн Шанхай хотноо болсон “Формула-1”-ийн улирлын дөрөв дэх гараа болох Хятадын гран-при уралдаанд дэлхийн аварга Женсон Баттон түрүүллээ. Хэдийгээр уралдаан өндөрлөсөн ч автоспортын элит ангилал болох “Формула-1”-ийн 12 багийн тамирчид, ажилтнууд өнөөх галт уулын өрхнөөс үүссэн үнсэн үүлний улмаас Европ руу буцаж чадахгүй, Шанхайд түгжигджээ. Уралдаан өндөрлөмөгц багууд ачаа тээшээ баглаж эхэлсэн боловч Европын агаарын зам хаалттай байгаа учир хэсэг хугацаанд нислэг хүлээх, эсвэл өөр арга зам бодохоос өөр аргагүйд хүрсэн байна. “Lotus” багийн Тони Фернандес өрсөлдөгчдөдөө тун аятайхан санал тавьсан нь Шанхайгаас Азийн агаарын замыг ашиглан Малайзын нийслэл Куала-Лумпур хүртэл нисээд, дараа нь Британийн “Stansted”-ийн онгоцонд сууж, Европт очих боломжийн санал гаргажээ. Учир нь үнсэн үүл эхнээсээ арилж байгаа учир Британи руу нисэх боломжтой болсон гэнэ. Ноён Фернандес өөрийн “Twitter” дэх блогтоо “Формула-1-ийн ихэнх баг тамирчид Азийн агаарын тээврээр зорчиж, дараа нь Европ руу нисэхээр болсон. Sauber, Ferrari, Toro Rosso, Renault болон Mercedes” хэмээн бичжээ.
Улирлын анхны гараа болох Бахрайн, улмар Австрали, Малайз болон Хятадад болсон гран-при уралдааны дараа багууд гурван долоо хоног завсарлаад Европын бүсэд уралдах юм. Харин Европын анхны гараа тавдугаар сарын 9-нд Испанид болох учиртай.
Уралдааны тухайд өнгөрсөн жилийн дэлхийн аварга Женсон Баттон түрүүлснээр дэлхийн аваргын төлөөх өрсөлдөөнийг ерөнхий дүнгээр тэргүүлж байна. “McLaren” багт харьяалагдаж буй Баттон багийн анд Льюис Хэмильтонгоос 1.5 секундээр урьтаж, барианд орсон бол Хэмильтон дөрөвдүгээрт хурдалжээ.Ингэснээр Баттон хамгийн ойрын өрсөлдөгч болох Нико Росбергээс 10 оноогоор тасарлаа. Росбергийн тухайд хоёрдугаарт барианд орж, шагналын тавцанд гарсан бол түүний багийн анд, дэлхийн долоон удаагийн аварга Михаэль Шумахер 10-рт барианд орсон байна.
“Формула-1”-ийн тамирчдын оноо/Дөрвөн гарааны дараах байдлаар/:
1.    Женсон Баттон /Их британи/McLaren – 60 оноо
2.    Нико Росберг /Герман/ Mercedes – 50 оноо
3.    Фернандо Алонсо /Испани/ Ferrari – 49 оноо
4.    Льюис Хэмильтон /Их британи/ McLaren – 49 оноо
5.    Себастьян Веттель /Герман/ Red Bull – 45 оноо
6.    Фелипе Масса /Бразил/ Ferrari – 41 оноо
7.    Роберт Кубика /Польш/ Renault – 40 оноо
8.    Марк Уэббер /Австрали/ Red Bull – 28 оноо
9.    Адриан Сутил /Герман/ Force India – 10 оноо
10.    Михаэль Шумахер /Герман/ Mercedes – 10 оноо
Зохион бүтээгчдийн цом төлөө:
1.    McLaren – 109 оноо
2.    Ferrari – 90 оноо
3.    Red Bull – 73оноо
4.    Mercedes GP – 60 оноо
5.    Renault – 46 оноо
6.    Force India – 18 оноо
С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж