Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын иргэн 31 настай эрэгтэй Б энэ сарын 20-ны өдөр өндөр халуурсан шинж тэмдэгтэй сумаасаа аймгийн эмнэлэгтээ хүргэгдэн ирж хэдэн цаг эмчилгээ хийлгэж байгаад нас баржээ.
Түүнд анхан шатны үзлэг хийсэн эмчийн дүгнэлтээс үзвэл талийгаач нь боом өвчний халдвараар нас барсан байж магадгүй байгаа аж. Энэ оноштой холбогдуулан тус аймгийн Байгалийн голомтот халдварт өвчинтэй тэмцэх хэлтсээс Сүхбаатар суманд шинжилгээ хийлгүүлэхээр ажлын хэсэг томилон явуулсан байна. Түүнчлэн талийгаач боом өвчнөөр нас барсан эсэхийг эцэслэн тогтоохоор нийслэлийн Байгалийн голомтот халдварт өвчинтэй тэмцэх газрынхан тус суманд ажиллаж буй гэнэ. Одоогийн байдлаар шинжилгээний эцсийн хариу гараагүй байна.
Боом өвчний шинж тэмдэг илэрсэн тус суманд ажлын хэсэг ажиллаж, хөл хорио тогтоожээ хэмээн “iNET” мэдээллээ.