Аи Вей Вей Бээжингээс гарч болохгүй

Хуучирсан мэдээ: 2011.06.24-нд нийтлэгдсэн

Аи Вей Вей Бээжингээс гарч болохгүй

Хятадын гадаад хэргийн яам өчигдөр батлан даалтад гарсан тэрс үзэлтэн
зураач Аи Вей Вейг урьдчилан мэдэгдэлгүйгээр Бээжингээс явахыг
хориглосон байна. Хятадын  хууль сахиулагчид 54 настай зураачийг
өнгөрсөн дөрөвдүгээр сард Хонконгийн нисэх буудлаас тодорхой
шалтгаангүйгээр баривчилсны дараа  татвараас зайлсхийсэн хэрэгт
буруутган хорьж байсан юм.

Аи Вей Вейг хэвлэл мэдээлэлд ямар ч
тайлбар, мэдээлэл өгөхгүй байхыг хатуу анхааруулсан байна. Зураачийг 80
хоногийн турш нууц цагдан хорих газарт ямар ч өмгөөлөгчгүйгээр байцааж,
гэр бүлийнхэнтэйгээ уулзахыг ч хориглож байсан юм.

Хятадад
сүүлийн хэдэн сард хүний эрхийн төлөө тэмцэгч, эрх баригчдын төрийн
бодлогыг эсэргүүцэгч тэрс үзэлтнүүдийг баривчлах нь улам ширүүсч байгаа
ажээ. “Шувууны үүр”-ийн зохион бүтээгчдийн нэг Аи Вейг Вейг баривчилсан
нь Хятадад олон жилийн өмнө эхэлсэн улс төрийн баривчилгаа,
мөрдлөгүүдээс хамгийн их шуугиан дэгдээсэн нь юм. Аи Вей Вейг
баривчлахад Барууны засгийн газрууд болон олон улсын хүний эрхийн төлөө
тэмцэгчид зураачийг суллахыг шаардаж эхэлсэн билээ. Өчигдөр Хятадын
гадаад хэргийн яамны төлөөлөгч зураач Аи Вей Вейн батлан даалтын хугацаа
12 сар үргэлжилнэ гэж мэдэгдсэн байна.

"Энэ хугацаанд Аи Вейн
Вейн хэргийн мөрдөн байцаалт үргэлжлэх бөгөөд хууль сахиулагчдын
зөвшөөрөлгүй Бээжингээс явахыг хориглоно” гэжээ.

Германы Канцлер
Ангела Меркел “Зураач Аи Вей Вейг батлан даалтад гаргасан нь Хятадын
эрх баригчдын зүгээс хийж буй эхний алхам. Гэвч түүнд яагаад ийм ял
тулгаж, буруутгаж байгаагаа Хятадын эрх баригчид тайлбарлах ёстой” гэж
мэдэгдсэн байна.  Олон улсын хүний эрхийн байгууллага “Эмнести
интернэйшнл” зураачийг тодорхой шалтгаангүйгээр буруутган удаан
хугацаагаар баривчлан хорьсноор Хятадын хууль сахиулагчид өөрсдөө хуулиа
зөрчсөн гэж үзэж байгаа юм.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж