Тавдугаар цахилгаан станцын тендерийн ажил эхэллээ

Хуучирсан мэдээ: 2011.06.24-нд нийтлэгдсэн

Тавдугаар цахилгаан станцын тендерийн ажил эхэллээ

Улаанбаатар хотод 450 МВт-ын хүчин чадалтай тавдугаар цахилгаан станцыг төрийн болон хувийн хэвшлийн түншлэлээр байгуулах ажлын зөвлөхөөр Монгол Улсын Засгийн газар Азийн хөгжлийн банкийг сонгов. Агаарын бохирдлыг багасгах зорилгоор хуучин станцуудыг солих гэж буй энэ үед хотын өсөн нэмэгдэж буй дулаан, цахилгааны хэрэгцээг ДЦС-5 хангах юм. Амжилттай хэрэгжвэл энэ нь Монгол Улсад зонхилж буй уул уурхайн салбараас гадна хувийн хэвшлийн оролцоотой дэд бүтцийн хамгийн том төсөл болно.

Төр, хувийн хэвшлийн түншлэлийн дагуу шинэ цахилгаан станц барьж байгуулах олон улсын тендерийн ажлыг зохион байгуулах харилцан ойлголцлын санамж бичигт Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт, Төрийн өмчийн хорооны дарга Д.Сугар, Азийн хөгжлийн банкны Монгол дахь суурин төлөөлөгчийн газрын Төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт хариуцсан тэргүүлэх мэргэжилтэн Шэйн Розентал нар өчигдөр гарын үсэг зурав.

Азийн хөгжлийн банк ДЦС-5-ыг барихад хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг татах үүднээс тендерийн болон гэрээний баримт бичгийн загварыг боловсруулан Монгол Улсын Засгийн газарт дэмжлэг үзүүлэх юм. Санамж бичгийн дагуу хууль эрх зүй, санхүү, техникийн чиглэлээр АХБ-ны сонгон шалгаруулсан гурван баг энэ сард ажлаа эхлэх аж.

Тэд олон улсын тендерийн бичиг баримт боловсруулах, зарлах, үнэлэх, дүгнэх ажлыг энэ онд багтаан дуусгахаар төлөвлөж байна. Үүний дараа тендерт шалгарсан компанитай Концессийн гэрээ байгуулснаар шинэ эх үүсвэрийн барилгын шат эхлэх юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж