”Том толгойтнууд” үерт урсаж л байг, яадаг юм

Хуучирсан мэдээ: 2011.06.24-нд нийтлэгдсэн

”Том толгойтнууд” үерт урсаж л байг, яадаг юм

 “ТОМ ТОЛГОЙТНУУД” ҮЕРТ УРСАЖ Л БАЙГ, ЯАДАГ ЮМ

“Борооны өмнө шороо” гэдэг байсан бол одоо эсрэгээр нь хэлэхэд болохоор байна. Хотын төв юм уу, Аль нэг аймгийн төв үү, ялгахаа ч байлаа. Гудамж, зам хаа сайгүй шороо манарч байна. Тэнгэр, хангай хур хайрлаж, хэд хоног уйлагнасан ийм үед харин ч сайхан болмоор юм. Гэтэл тэгсэнгүй. Сая орсон бо­роо­ноор Улаанбаатар усанд ав­тах шахлаа. Шахлаа ч гэж дээ, зарим газар гамшиг нүүрлэсэн. Нарийндаа бол өнөөх л улигт сэдэв. Жил бүр сүр дуулиан болж, төсвөөс баахан мөнгө зарлагадаж байдаг үерийн сургамж дахиад давтагджээ. Суваг, шуудуунуудыг хогоор дүүргэсэн учраас хальсан ус нь хотын зам, талбайгаар  нэлийлээ. “1966, 1983 онд болсон аймшигт усан галав шиг юм болж дээ” гэж бодохоор бас арай ч тийм биш аж. Зөвшөөрөлтэй бүсэд мөрөөрөө амьдарч байгаа хэсэг нь зүгээр өнгөрсөн байх юм. Хайлааст, Толгойт, Шархад зэрэг төвлөрсөн гэр хорооллын “хууччууд” болохоор яагаа ч үгүй байна. Байнга хэл ам таталж байдаг хөдөөнөөс “зуг­таж” ирсэн улсыг л голдуу түүгээд урсгачихжээ. Амьдрах газ­раа сонгох эрхээр далайлгаж, сүүлийн жилүүдэд булан, то­хой бүрийг бөглөн дураараа буусан айлуудын хувьд л үер болсон аж. Өвөл нь өөрсдөө усны суваг битүүртэл хог, үнс овоолчихоод зун болж хэдэн дусал юм орохоор л “SOS” гэж хашгирна. Одоо л ойлголоо. Намган дээр, усны далан дотор буучихсан “том толгойтнууд” л нийгмийг ингэж цочроогоод байгаа юм байна. Зүгээр хараад сууж болдоггүй байх. Онцгой байдлынхан л ойрын хэд хоног нойргүй хонох шиг боллоо. Ер нь ийм хүмүүсээс ухамсар нэхээд нэмэргүй гэдэг нь нэгэнт тодорхой байна. Тийм болохоор одоо ч усанд боогдсон хэвээр байгаа гэх айлуудыг тэнд нь “хатаавал” ямар вэ. Жил бүр хогийг нь очиж цэвэрлээд уснаас өөрсдийг нь гэр, хогшилтой нь гаргаж өгөөд байхаар бүр даварч байна биш үү. Яадаг юм, гэр  нь хөвж байгаа усыг хөрсөнд шингэтэл нь хүлээлгэе. Та зөв ойлгосон. Тэднийг хашраамаар байна. Үнс, хог хаявал өөрсдөө сүйрнэ гэдгийг, болохгүй газар буувал хэн ч туслахгүй болохыг мэдрүүлмээр байна. Хотын захиргаа, онцгой байдлынхан  нэг удаа ч гэсэн ингэж “том толгойлох” хэрэгтэй. Газрын зөвшөөрөл, хог, цахилгааны төлбөр төлсөн эсэх гээд бүх зүйл нь OK байвал гар сунгадаг болмоор байна. Ингэж байж л бусдын эрхээр өөрийн эрх хязгаарлагддаг гэдгийг тэд ойлгоно. Эзгүй, зэлүүд талд биш суурин газарт амьдарч буйг нь ингэж л бодитоор мэдрүүлмээр санагдана. Тэ­гэхгүй бол нийслэлчүүд ний­тээрээ “Ус үзэлгүй гутал тайл­даг” болох нь. 

Н.МӨНХТӨВШИН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж