Аргагүй шантарлаа даа

Хуучирсан мэдээ: 2011.06.24-нд нийтлэгдсэн

Аргагүй шантарлаа даа

Д.Лүндээжанцан гишүүнийг хүү­­хэд байхад аав нь “Хэзээ ч бүү шантар” гэж сургадаг байсан гэдэг. Тэрбээр үүнийг байнгын ажил­лагаатай парламентын түүхт ойн өдрөөр “Хэзээ ч бүү шантар” хэмээх шинэхэн номоо өлгийдөн авахдаа хуучилсан санагдана. Тэрбээр төдийгөөс өдий хүртэл аавынхаа хэлсэн үгийг ягштал биелүүлж шантралгүй зүтгэсэн гэх. Ардчилсан хувьсгал 1990 онд ялснаас хойш тасралтгүй 20 жил парламентын гишүүн байсан. Ямар ч цаг үед өвөрхангайчууд түүнийг сонгодог байлаа. Тэрбээр “парламентаас баталсан хууль бүрийг Д.Лүндээ­жанцан, Ц.Нямдорж хоёр л гаргадаг”  гэсэн сэтгэхүйг нийгэмд төрүүл­тэл ажилладаг. Одоо ч хүч нь саарч гал нь бөхөлгүй зүтгэж л байна. Гэхдээ тэр өчигдөр амьдралынхаа афоризм болсон “Хэзээ ч бүү шантар” гэдэг үгнээс зөрсөн, үйлдэл хийв. “Зөвшилцөлд шинэ удирдлагатай орох нь зөв” гэж хэлээд УИХ дахь Ардын намын бүлгийн даргын суудлаа өгч байгаа нь сонин байв. Сонгуулийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл түүнээр сор залуулж орхив бололтой. Уг нь тэр гавьяат хуульч, хууль зүйн шинжлэх ухааны доктор цолтой хүн. Суудлаасаа буух шалтгаан байсан л байх. Ер нь аавын захиасыг хүртэл умартуулдаг улс төр гэж сүрхий ч ажил аа даа. Өрсөлдөгч намынхаа сөргөлдөгчдөд өвдөг шороодож үзээгүй хашир парламентч өөрийнхөө намын нөхдөөс болоод элэг бүсээ тайлж өгөхийг харна гэдэг сонин л юм байна.

Б.ЭНХМӨНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж