М.Ходорковский: Амьдралаа шоронд өнгөрөөх гэж үү

Хуучирсан мэдээ: 2011.06.24-нд нийтлэгдсэн

М.Ходорковский: Амьдралаа шоронд өнгөрөөх гэж үү

М.ХОДОРКОВСКИЙ: “ҮЛДСЭН АМЬДРАЛАА ШОРОНД ӨНГӨРҮҮЛЭХ НЬ” ГЭДГЭЭ БИ ОЙЛГОЖ БАЙСАН

Барууны хэвлэлүүдээр Оросын тэрбумтан Михайл Ходорковскийг улс төрийн хэргээр дахин хоригдлоо хэмээн шуугиж байна. Энэ үед тэрбээр “The Journal”, Францын “Le Figaro”, Италийн “Il Mondo”, Германы “Frankfurter Allgemeine Zeitung” сонины сэтгүүлчдийн асуултад хариулжээ.

-Санкт-Петербургт болсон Олон улсын эдийн засгийн форум уулзалтын үеэр Оросын эрх баригчид гадны хөрөнгө оруулалтыг дэмжиж байгаагаа илэрхийлсэн. Гэхдээ Хятад, Энэт­хэг, Бразилийн алдааг дав­тахгүйгээр өөрсдийн онцлогийг гаргаж ирнэ гэдгийг ч сануулсан. Таны бодлоор ОХУ-ын эдийн засгийг хөгжүүлэхэд гадны хөрөнгө оруулагчид чухал нөлөөтэй байж чадах уу?

-ОХУ-д өнөөдөр гурван том асуудал тулгамдаж байна. Нэгдүгээрт, авлига газар авсан. Мөн хуулийн тогтолцоо шударга биш байгаа. Түүнчлэн нийгэм дэх улс төрийн нөлөө, оролцоо хэтэрхий их байгаа нь үүнийг гэрчилнэ. “Авлигын сүлжээгээр эргэлдэж байгаа мөнгө Оросын дотоодын нийт бүтээгдэхүүний 25 хувьтай тэнцдэг” гэх албан бус мэдээ бий. Энэ бол түүхэнд байгаагүй өндөр үзүүлэлт. Олон улсын байгууллагын шинжээчдийн дүгнэлтээр Орос улс авлигад идэгдсэн байдлаараа Нигерийн түвшинд оччихоод байна. Ийм үед хөрөнгө оруулах таатай орчин бүрдсэн гэхэд хэцүү. Харин хуулийн тогтолцооны тухайд шударга биш явдал газар авсан гэдгийг би хэтэрхий сайн мэднэ. Би ганцаараа үүнийг хэлээгүй. АНУ, Германы Засгийн газар, Европын комиссоос энэ тухай мэдээлэл хийсээр байгаа шүү дээ.

-Харин улс төрийн тогтолцооны хувьд юу хэлэх вэ?

-Улс төрийн тогтолцооны тухай мөн л онцолж үзэх хэрэгтэй. Хойд Африк, Ойрхи Дорнодод “Ардчиллын хавар” болж өнгөрлөө. Хэн ч ийм юм болно гэж төсөөлж байгаагүй. Хэдийгээр Оросын нөхцөл байдал арай өөр боловч тийм зүйл давтагдахыг үгүйсгэх аргагүй. Бид удаан хугацаанд оршин тогтносон диктатурын дэглэм бүхий улсын ард иргэд ардчиллын төлөө хэрхэн  тэмцэж буйг харж байгаа гэрчүүд болж байна. Тэдгээр оронд иргэний эрхийг хүндэтгэхгүй, үг хэлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх чөлөө байхгүй, улс төрийн сөрөг хүчнийхэн нь шоронд хоригддог байсан. Энэ бүхэн Оростой адилхан санагдахгүй байна уу. Үндсэндээ ОХУ дахь улс төрийн нөхцөл байдал Хойд Африк, Ойрхи Дорнодынхтой адилхан. Бидэнд шударга сонгууль, улс төрийн нөлөөллөөс хараат бус шүүхийн тогтолцоо, чөлөөт хэвлэл, авлигын эсрэг хийж буй жинхэнэ тэмцэл гэж байгаа билүү. Ардчилсан орны институци, иргэдээ дээдэлсэн нийгмийг байгуулах нь Орос орныг хөгжлийн гол түлхүүр болно. Ер нь нийгмийн тогтолцоо нь зөв эсэхийг залуу үеийнхэн хэлээд өгнө. Хэрэв буруу байвал өөрчилдөг жишиг аль ч оронд бий.  Тухайн оронд жинхэнэ утгаараа ардчилал бий болсон бол тэнд ганцхан хүчирхэг хүний тухай ярихгүй нь ойлгомжтой.

-ОХУ Их наймын гишүүн орон. Түүнчлэн Дэлхийн худалдааны байгууллагад элсэн орохын тулд АНУ-ын дэмжлэгийг авч чадсан. Одоо Их наймын тэргүүнээр ажиллаж байгаа Францын Ерөнхийлөгч Н.Саркози ОХУ-ын Төрийн тэргүүн Дмитрий Медведевтэй сайн харилцаатай. Энэ бүхэн нь хүйтэн дайны эрин үе дуусч, Орос улсын нөлөө ихэсч байгаагийн илрэл мөн үү. Барууны орнууд энэ тал дээр ямар бодлого баримталж байгаа бол?

-ОХУ-ыг Их наймын гишүүн орон болохыг зөвшөөрснөөс хойш бусад долоон гүрний зүгээс Оросын эрх баригчдыг олон нийтийн жишгийг дагаж, өөрийн үүрэг, хариуцлагаа хүлээхийг шаардах болсон. Гэтэл өнөөдөр манай улсад чөлөөт сонгууль, хуулийн тогтолцооны бие даасан байдал дутагдаж байна. Үүний үр дүнд Оросын удирдагчид ямар ч үүрэг, хариуцлага хүлээхгүйгээр тоглоомонд оролцох болж. Барууны орнууд Оростой харилцахдаа харилцан адилгүй байр суурьтай байна. Үүний уршгаар ОХУ Европ тивийн орнууд дунд хүч, нөлөөтэй тоглогч болж чадсан боловч тэдний жишгийг өөрийн хөрсөнд буулгаж чадаагүй юм. Марксизмын сургаал дунд нэг ийм ишлэл байдаг. “Капиталистууд өөрсдөд нь өгсөн олсыг бидэнд эргүүлээд зарна” гэж. Ерөнхийдөө би юу гэж хэлэх гээд байна вэ гэхээр бусад орны удирдагчид байр сууриа нэгтгэж чадахгүй бол Оросыг хүний эрхийг дээдэлдэг улс болгоогүйнхээ төлөө маш их зүйлийг золиослох болно.

-Хамгийн сүүлд Их наймын уулзалтын үеэр Франц, ОХУ дэлхийн хоёрдугаар дайнаас хойш анх удаа зэвсгийн худалдаа хийхээр болсон. Тэгэхээр хүний эрхээс илүү цэрэг, армийн асуудал нэгдүгээрт тавигдаж байгаа юм биш үү?

-Энэ бүхэн бодит байдал мөн боловч Оросын эрх баригчдын хийж буй ардчилсан бус үйлдлийг зөвшөөрч болно гэсэн үг биш. АНУ, Францын эрх баригчид Оросын удирдагчид авлигад идэгдэж байгааг хүлээн зөвшөөрдөг. “Wikileaks”-ийн мэдээлэл үүнийг нотолно. “Шинэчлэл хийнэ” гэж амлаж байгаа Д.Медведев ч үүнд хамаатай. Ер нь авлигын хэрэгтэнд ял ноогдуулж, хууль зөрчсөн албан тушаалтнуудыг шийтгэдэг болсных нь дараа ОХУ-ыг Дэлхийн худалдааны байгууллагад гишүүнээр элсэн орохыг зөвшөөрөх нь зүйтэй.

-Өнгөрсөн сард Москва хотын шүүхээс танд дахин 13 жил хоригдох ял ноогдуулсан. Тэгэхээр одоо та хугацаанаасаа өмнө суллагдахын тулд ааш зангаа татаж, сайхан загнах уу. Эсвэл өнгөрсөн найман жилийн хугацаанд эрх чөлөөгөө хэрхэн боомилуулж байсан тухай үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлсээр байх уу. Шүүхийн танхимд ял уншиж байхад та инээмсэглээд сууж байсан. Одоо ийнхүү ярилцлага өгч байна. Та айхгүй байна уу?

-Өнгөрсөн 2006 онд миний эсрэг хоёр дахь хэргийг сөхөж гаргаж ирсэн. Тэр үеэс би ямар ч зүйлд бэлтгэлтэй байхад суралцсан юм. “Үлдсэн амьдралаа шоронд өнгөрүүлнэ” гэдгээ би чухам тэр үеэс ойлгосон. Өөрчлөлт, шинэчлэлийн жилүүдэд олон зүйл дээр алдаж байсан боловч бид ардчиллын төлөө тэмцэж байна гэж боддог байлаа. Харин баривчлагдсан цагаасаа хойш хууль сахиулагчид иргэдийн эрх чөлөөний эсрэг ажилладаг болохыг ойлгосон. Би сөрөг хүчний намыг санхүүжүүлж байсан. Бие даасан чөлөөт хэвлэл байгуулахын төлөө ажилласан. Эх орондоо улс төрийн шинэчлэл хийхийн тулд яах ёстой вэ гэдгийг залуу үеийнхэнд заасан. Харин шоронд миний тэмцлийн арга, хэлбэр өөрчлөгдсөн. Гэхдээ эцсийн зорилго нь хэвээрээ байгаа. Би айхгүй байна. Хэрэв зорилгогүй байх юм бол энэ амьдрал биш шүү.  Би хүүхэд байхаасаа нэг зүйлийг өөртөө сануулсаар ирсэн. Тэр юу вэ гэхээр “Тодоос тод гэрэлтчихээд дараа нь унтрах нь асч ядан цогшихоос илүү” гэж.

-Та шоронгоос гарч чадаагүй. Шүүгчид шударга шийдвэр гаргахгүй байгаагийн шалтаан нь Владимир Путинтэй холбоотой гэж ойлгож болох уу?

-Владимир Путин намайг өөрийн дайсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Үүнтэй зэрэгцээд тэр Сталины үзэл баримтлалыг дээдэлж, олон улсын жишигт нийцэхгүй шүүхийн тогтолцоог бий болгож байна. Гэхдээ тэр ганцаараа биш. Намайг хорьж, “ЮКОС”-ыг бут ниргэх сонирхолтой тэрбумтнууд В.Путины ард бий.

-В.Путин таныг “Гараа цусаар будсан хүн” хэмээн буруутгадаг. Та өмнө нь хүн амины хэргээр шийтгэгдэж байгаагүй. Тэгэхээр та дахин шинэ хэрэгт орооцолдож магадгүй юу?

-Би “ЮКОС”-ын үйлдвэрлэсэн газрын тосыг алдах үеэс миний эсрэг үүсгэсэн хэргүүд намайг гайхшруулах болсон. Би хүн амины хэрэгтэн биш. Бодит баримтанд тулгуурлаж ярих хэрэгтэй.

-Та ялын хугацаа дуусгавар болох үед буюу 2016 онд суллагдана гэж найдаж байна уу?

-Энэ бүхэн надаас хамаарахгүй юм шиг байна. Магадгүй та энэ асуултыг арай өөр хүнээс асуусан нь дээр байх.

-Ажиглагчид В.Путины эсрэг Д.Медведевийг сөргүүлэн тавьдаг. Оросын сөрөг хүчний удирдагчид болох В.Рижков, М.Касъянов нарын хооронд үзэл бодлын зөрүү нэг их гардаггүй. Энэ нь зөв үү?

-Оросын ирээдүйг хэрхэн харж байгаа болон хувийн ямар зан чанартай вэ гэдгээр нь тэднийг ялгаж болно. Д.Медведев Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших сонирхолтой байгаагаа нуухгүй байна. Мэдээж хэрэг, энэ бүхэн нь анхаарахгүй орхиж болохгүй зүйл.

-Д.Медведевт Оросын хуулийн тогтолцоог шинэчлэх боломж бий юү?

-Миний хэлж чадах юм гэвэл Д.Медведев Ерөнхийлөгч болсноос хойш Оросын хуулийн тогтолцоонд ямар ч өөрчлөлт гараагүй. Ха­рамсалтай нь би үүнийг дэндүү сайн мэднэ. Харин “Тэр энэ бүхнийг өөрчлөхийг оролдсон уу” гэж асууж байгаа бол би “Тийм” гэж хариулна. Харин амжилтад хүрсэн үү гэвэл үгүй.

-Д.Медведев улиран сонгогдох нь Оросын ард түмэнд хэрэгтэй юү?

-Уг нь таны энэ асуулт “Хэрэв Д.Медведев сонгогдвол өөрийнхөө амлаж байгаа тэрхүү шинэчлэлийг хийж чадах уу” гэвэл илүү оновчтой байх. Яг өнөөдрийн байдлаар Д.Медведев юуг ч өөрчилж чадаагүй хэвээр байна.

-Та барууны улс төрийн байр суурийг илүү тодотгодог. Магадгүй энэ нь барууны орнуудын эсрэг үзэл бодолтой Оросын эрх баригчдыг өөгшүүлж байгаа хэрэг юм биш үү?

-Хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулж буй миний үзэл бодол барууны орнуудын жишигт тулгуурладаггүй. Үүн дээр би тантай санал нийлэхгүй байна.

-Саяхан “Левада” судалгааны төвөөс Оросын иргэдийн дунд явуулсан санал асуулгаар нийт хүмүүсийн 55 хувь нь таныг хоригдож байгаад харамсахгүй байгаагаа илэрхийлсэн. Та үүнийг юу гэж үзэж байна вэ?

-Энэ олон жилийн турш би хэн нэгнээр өрөвдүүлэхийн тулд амьдраагүй. Харин бусдын дэмжлэгийг авахыг хүссэн. Намайг баривчилсны дараа би хүсч байсан дэмжлэгээ авч чадсан гэж бодож байна.

-Хэрэв та маргааш суллагдвал хамгийн түрүүнд юу хийх вэ?

-Эрх чөлөөтэй болсныхоо дараа юу хийх тухайгаа би одоо яримааргүй байна. Харин шоронд байгаагийнхаа хувьд хэлэхэд би тэмцэнэ. Ирээдүйнхээ төлөө ажиллана. Эрх баригчид миний унших, бичихийг хориглоогүй байгаа цагт ямар нэгэн зүйл хийж л таарна шүү дээ.

-Та Европын Хүний эрхийн шүүхэд хандсан боловч тэд таныг “Улс төрийн хэргээр ба­ривчлагдаагүй” гэж үзсэн. Та үүнд сэтгэл хангалуун биш байгаа нь лавтай. Тийм үү?

-Европын зарим орны Засгийн газрын нэгэн адил Европын Хүний эрхийн шүүх намайг дэмжиж байгаагаа хэд, хэдэн зүйлээр илэрхийлсэн. Ж.Буш, Б.Обама, Н.Клинтон, А.Меркел гэх мэт олон хүн миний хэрэгтэй холбоотой асуудлыг нэлээд анхаарч буйгаа хэлсэн. Би тэдэнд бүгдэд нь талархаж байна. Нэг л өдөр тэдэнтэй гар барьж, баярлаж буйгаа өөрийн биеэр илэрхийлэх байх. Харин Европын Хүний эрхийн шүүхээс гаргасан шийдвэрийн тухайд гэвэл би танаас түүнийг анхааралтай уншиж үзэхийг хүсч байна.

-1990-ээд оны үеийн үйл хэргээ эргэн харахад та ямар алдаа гаргасан бол?

-Магадгүй тухайн үед би мөнгө хамгийн чухал зүйл биш гэдгийг ойлгоогүй байсан байх. Гэхдээ хожим нь энэ бүхнийг ухамсарласан.

-“ЮКОС”-той холбоотой дуу­лиан 2003 онд дэгдэж эхлэхэд та бизнесмэнийхээ хувьд ярилцлага өгч байсан. Харин танай компанийн бүх хөрөнгийг хурааж, таны эсрэг хэрэг үүсгэсэн үеэс та бизнесмэн биш, харин тэрс үзэлтэн болсон, тийм үү?

-“Amnesty International” олон улсын байгууллагаас намайг улс төрийн хэрэгтэн хэмээн хүлээн зөвшөөрсөн. Ийм тодорхойлолтод багтсан хүн тэрс үзэлтэн мөн үү. Хэрэв үзэл бодлоосоо болж, шоронд олон жил хоригдож байгаа хүнийг тэгж хэлж болдог бол би тэрс үзэлтэн мөн.

Т.ЭЛИСА

Зохиогчийн эрх: "Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж