Мөнгөний бодлогыг чангаруулах шаардлагатай

Хуучирсан мэдээ: 2011.06.24-нд нийтлэгдсэн

Мөнгөний бодлогыг чангаруулах шаардлагатай

МӨНГӨНИЙ БОДЛОГЫГ ЧАНГАРУУЛАХ ШААРДЛАГАТАЙ, ГЭВЧ …
-ИНФЛЯЦИ ААЖИМ БУУРАХЫН ЦААНА ОГЦОМ ӨСӨЛТ БУЙГ МОНГОЛБАНКНЫХАН НУУСАНГҮЙ-

Монголбанкны захирлуудын зөв­лөл уржигдар хуралджээ. Хурал­даа­наар “Бодлогын хүүг өөрчлөх шаард­лагагүй” гэсэн шийдвэр гаргасан бай­на. Хэрэглээний үнийн индексээр тооцсон инфляци нь өнгөрсөн тав­дугаар сарын гүйцэтгэлээр Улаан­баатар хотод жилийн 2.8 хувь, улсын хэмжээнд 4.2 хувьтай гарчээ. Энэ үзүү­лэлт сүүлийн дөрвөн сарын турш тасралтгүй үргэлжилж буй. Гэвч цаашид мөнгөний бодлогын хэ­рэгс­лийг ашиглан ар­га хэмжээ авахгүй авахгүй бол энэ бай­дал удаан үргэлжлэх боломжгүй болж байна хэмээн Мөнгөний бодлого судалгааны газраас мэдээллээ. Энэ оны сүүлч гэхэд инфляци хоёр орон­той тоонд хүрч болзошгүй гэж тэд үзэж байгаа аж. Учир нь макро эдийн засгийн гол үзүүлэлтүүдийн төлвөөр гаднаас орж ирж буй валютын урс­гал мөнгөний ний­лүүлэлтийг их хэмжээгээр нэмэг­дүүлж байна. Мөн төсвийн хэт тэ­лэх бодлого хэрэгжиж байгаагаас зээ­лийн хэмжээ маш хурдацтай өсөж, хамгийн сүүлийн тооцоо мэдээллээс харахад 66 хувьд хүртлээ өсчихөөд байгаа аж. Мэдээж үүнд шатахууны нийлүүлэлтийн хомсдол болон үнийн өсөлтийн дам нөлөөгөөр өр­гөн хэ­рэг­лээний барааны үнэ нэ­мэгдсэн нь ч нө­лөөлжээ. Инфляци өсөж бол­зошгүй гэсэн дүгнэлтэд хүргэсэн нэг гол нөх­цөл нь суурь инфляцийн хэмжээ өссөөр бай­гаа явдал юм.

Суурь инфляци гэдэг нь хэрэг­лээний сагснаас хүнсний гол нэрийн ба­раа болох мах, сүү, хүнсний но­гооны үнийг хасч тооцсоныг хэлдэг. Энэ үзүүлэлт буюу суурь инфляцийн хэм­жээ нь өнгөрсөн тавдугаар сарын байд­лаар огцом өсөж, арван хувьд хэдийнэ хүрчихээд байна. Тиймээс Мон­голбанкны захирлуудын зөвлө­гөөний хурлаар дээрх байдлыг хар­галзан үзэж мөнгөний бодлогыг чангаруулах шаардлагатай гэж үз­жээ. “Гэхдээ заавал мөнгөний бод­логын хүүг нэмэх бус макро эдийн зас­гийн зохистой бодлогын аргаар инф­ляцийг бууруулах нь зүйтэй. Тиймээс сүүлийн үед макро эдийн зас­гийн зохистой бод­логын арга хэм­жээний талаар на­рийн тооцоо судал­гаа хийж эхэл­сэн” гэж Мон­голбанкны Мөн­гөний бодлого, су­далгааны газ­рын Мөнгөний бод­логын хэлт­сийн за­хирал Р.Са­ран­цэ­цэг хэлэв.

 Хэрэв тэд одоо л хоёр дахь ар­гыг судалж эхэлж байгаа бол мөн­гөний бодлогын хүүг нэмэхгүйгээр суурь инфляцийн хэмжээг буу­руул­на гэж итгэхэд бэрх. Ямартай ч эн­дээс Монголбанкны захирлуудын зөв­­лө­лийн энэ сарын 22-ны хурал­даанаар инфляцийн талаар бодитой дүгнэлт гаргажээ гэж хэлж болно. Хэ­дийгээр цочирдом буурч буй инфляци “сэжиг” төрүүлээд бай­сан ч Монголбанкныхан инфляцийг буу­руулж чадаж байгаа гэдэгтээ бат итгэлтэйгээр мэдээлэл хийгээд бай­сан билээ. Үүнд баярлахгүй хэн байх вэ. Гэтэл Олон улсын валютын сан ч, банкны салбарын зарим эдийн засагч “Наад огцом бууралтын чинь цаана юу нуугдаад байна вэ. Магадгүй, цаашид огцом өсөхийн шалтгаан нуугдаж байж болох шүү дээ” хэмээн анхааруулсаар байв. Жишээ нь ОУВС-ийн Монголыг хариуцсан ажлын хэсгийн ахлагч Пармешвар Рамлоган өнгөрсөн тавдугаар сарын 30-нд хэвлэлд бичсэн нийтлэлдээ  “Үнэндээ суурь инфляцийн дарам­тын үндэс нь байсаар, махны үнийн бууралтын ард нуугдсаар байна” хэ­мээсэн нь сэртхийлгэсэн билээ. Харин өчигдөр Монголбанкнаас хийлгэсэн хэвлэлийн бага хурлын үеэр энэхүү хардлага улам баталгаажсан юм.

Мэдээж Засгийн газар нөөцийн махыг их хэмжээгээр худалдаалах за­маар инфляцийн хэмжээг наанаа ч болов бага, тогтвортой байгаа мэт харагдуулж чадсаны хувьд талархал хүлээх эрхтэй. Харамсалтай нь энэ арга хэмжээний инфляцид үзүүлэх нөлөөлөл нь түр зуурын шинжтэй байв. Үүнийг батлахад амархан. Хүнсний үнэ болон Засгийн газрын зо­хицуулалттай холбоотой бусад бараа үйлчилгээний үнийг хасаад үзэхээр өнөөх суурь инфляци нь дахиад л 10 гаруй хувьтай, бүр инерцээрээ өсөөд байгаа нь харагдаж байгаа юм. Уг нь Монголбанк түр зуурын арга хэмжээ авах бус инфляцийн аюу­лаас улсынхаа эдийн засгийг бүрэн ан­гижруулчихаад “Ажлаа сайн хийж байна” гэж ам бардам хэлэх учиртай.

Хэрэв одоогийн аргаар нэр тө­рөө хамгаалчихаж болдог юм  бол хямралын үед инфляци 34 хувьд хүрч байсан тэр хэмжүүрийг ч эр­гэн харах хэрэгтэй. Тэр үед суурь инфляцийг хасч тооцоод “гоё” ха­раг­дуулж, мөнгөний бодлогыг чан­галж, элдэв муу нэр зүүлгүйгээр албан тушаалдаа үлдэх боломж Мон­голбанкны тухайн үеийн удирд­лагуудад байсан. Гэвч нэр хүндийг бус аюулаас бүрэн ангижрах арга замыг тэргүүнд тавьж, “аянга зай­луулах” арга хэмжээгээ авчихаад аж­лаа өгсөн төрийн албаны шударга дүр төрхийг түүхэнд үлдээчихээд явс­ныг олон нийт санаж байгаа байх. Тэр үед Монголбанкныхан бод­логоор төсвийн хэт тэлэлтийг хэд дахин бууруулчих санаатай тархиа гашилгаж байв. Гэтэл одоо Засгийн га­зар арга хэмжээ аваад, түүний дүнд гарч ирж буй эерэг нөлөөллийг өөрс­дийн хийсэн ажил мэтээр тайлбарлан ярьдаг болжээ.

Монголбанкныхан “Мөнгө­ний бодлогоо чангаруулах хэрэгтэй” гэц­гээх мөртлөө яагаад үүнийгээ хэрэгжүүлдэггүй юм бэ. Хэ­рэгтэй бүх арга хэмжээг авах хараат бус эрх чөлөөг тэд хуулиар олж авсан биз дээ. Засгийн газартай хүзүү, сээрээрээ холбогдоод, гоё тоо хэлээд, мэргэжлийн үүднээс авах ёстой арга хэмжээгээ авч болдоггүй ямар шалтгаан тэдэнд байдаг юм бол гэдэг асуудал анхаарал татсан хэвээр үлдэв.

Монголбанкнаас зарласан хэвлэ­лийн бага хурлын үеэр төгрөгийн хан­шийн талаар мэдээлсэн. Оны эхнээс өнөөдрийг хүртэл төгрөгийн ханш 0.6 хувиар су­ларсан байна. Одоогоор ханш харьцангуй тогтвортой байгаад нөлөөлж буй гол хүчин зүйл нь гадаад худалдааны тэнцвэртэй байдал аж. Түүнчлэн гадаад валютын урсгал эргэлт өнгөрсөн оны мөн үеийнхээс 68 хувиар нэмэгдсэн. Валютын цэвэр орлого нь зарлагаасаа 257 гаруй  сая ам.доллараар өссөн байна. Төгрөгийн ханшийг сулруулахад гол дарамт үүсгэсэн нөхцөл нь урсгал тэнцлийн алдагдал байсан гэнэ. Урсгал тэнцлийн алдагдал нь оны эхний таван сарын байдлыг өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад 2.8 дахин өссөн аж. Энэ нь төгрөгийн ханшийг сулруулахад нөлөөлсөн байна. Тэгэхээр нэг талаас төгрөгийн ханшийг чангатгахад валютын урсгал эргэлт эерэгээр нөлөөлж буй ч макро эдийн засгийн суурь хүчин зүйл нь сулруулах чиглэлд үйлчилж байгааг зах зээлд оролцогчид хаана, хаанаа анхаарах хэрэгтэй  хэмээн Монголбанкны Валют, эдийн засгийн газрын захирал Г.Дэлгэрмаа ярилаа.

У.ОРГИЛМАА

Зохиогчийн эрх: "Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж