Дунд сургуульд суралцаж байхдаа “Хүн бүхэн математикч болохгүй ч эцэг эх болцгоодог” хэмээн багш хэлэхийг цөөнгүй л сонссон. Харин хувь тавилангийн эрхээр эцэг эх болж чадахгүй шаналж суугаа гэр бүл олон бий. Тэдэнд дуулгах хамгийн таатай зүйл бол “Монголд хуруу шилний хүүхэд эсэн мэнд бойжиж байна” гэх мэдээлэл болов уу. Бид энэхүү мэдээллийн мөрөөр “Баянгол” эмнэлгийн дэргэдэх Үр шилжүүлэн суулгах төвийг өчигдөр зорилоо. Үр шилжүүлэн суулгах нь үйлчлүүлэгчдийн хувийн нууцад хамаардаг тул одоогоор Монголд хуруу шилний хүүхэд төрсөн, төрөөгүй гэж хэлэх боломжгүй байдаг гэнэ. Харин дэлхий дахинд хуруу шилний хүүхдийн тоо хоёр сая давсан байна.
“Баянгол” эмнэлгийн харьяа энэ төвийг байгуулаад удаагүй байгаа тул ажил нь хараахан эхлээгүй байгаа аж. Гэхдээ эцэг эх болохыг хүсч байгаа олон гэр бүл тус төвийнхөнд хандах болсон байна. Одоогоос нэг сарын өмнө энд Германы “MTG” компанийн мэргэжилтнүүд ирж тоног төхөөрөмжийг нь суурилуулсныг ажилтнууд нь танилцуулж байлаа. Тоног төхөөрөмжийн хувьд дэлхийн 30 гаруй оронд ашиглаж буй шилдэг технологи гэнэ. Үйл ажиллагаа нь хараахан эхлээгүй тул үр шилжүүлэн суулгах лабораторит нь орж үзэх завшаан тохиолоо. Лабораторийн хувьд киноноос л харж болохоор орчин угтан авав. Хаалга, цонхноос эхлээд автоматжуулаагүй зүйл алга. Лабораторийн хувьд ямар ч үед 36 хэм хүртэл халах учиртай. Энэ нь хүний биеийн температур тул үр хөврөлд таатай нөхцөл бүрдүүлдэг аж. Төхөөрөмжүүдийг байрлуулсан ширээ хүртэл энгийн зүйл биш байв. Жижигхэн чулуун ширээ шиг харагдах боловч 300 килограмм жинтэй анти-вибрац үйлчилгээтэй эд гэнэ. Эмнэлгийн ерөнхий эмчийн танилцуулснаар хамгийн сүүлийн үеийн технологи тул өндөр хөгжилтэй орнууд ч ийм лабораторид үйл ажиллагаа явуулж байгаа аж.
“Баянгол” эмнэлгийн ерөнхий эмч С.Буянтаас зарим зүйлийг тодрууллаа.
-Үр шилжүүлэн суулгах ажлыг баруунд анх 1978 онд хийж байсан. Бид нэлээд хоцрогджээ, тийм үү?
-Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд бид энэ төрлийн судалгаа хийж, эмч, мэргэжилтнүүдээ бэлтгэх тал дээр нэлээд анхаарсан. Үр шилжүүлэн суулгана гэдэг бол нарийн технологи шаарддаг. Тиймээс бид хамгийн сүүлийн үеийн лазер технологийг нэвтрүүлээд байна. Бүр эсийн түвшинд ажилладаг технологи юм. Монгол Улсын хувьд энэ салбарт хоцрогдож байсан ганц зүйл нь ердөө л ийм технологи байсан. Бусдаар бол хоцрогдоод байгаа юм байхгүй. Манайхан үр шилжүүлэн суулгахаар гадагшаа их явцгаадаг. Гэтэл наад зах нь үг, хэл нэвтрэлцэж чадахгүйгээсээ болоод бүтэхгүй байх тохиолдол элбэг байдаг юм билээ. Бүр “Хоёр оронд очсон ч болоогүй” гэж ярих хүн цөөнгүй таарч байсан.
-Ажил тань хараахан эхлээгүй байгаа юм байна. Хэзээнээс эхлэх вэ?
-Бид өнгөрсөн сард тоног төхөөрөмжөө суурилуулж, холбогдох сургалтуудаа явуулсан. Салбар хариуцсан яамнаас эрх авах гэх мэт зүйлсээс шалтгаалан бага зэрэг хүлээж байгаа. Хугацааг нь тодорхой хэлэх боломжгүй. Гэхдээ ямар ч байсан үйл ажиллагаагаа аль болох хурдан явуулж эхэлнэ. Бэлтгэл ажлуудаа бүрэн хангасан.
-Танайд иргэд олноороо хандах болсон гэж сонссон?
-Үйл ажиллагаа хараахан эхлээгүй ч манайд хосууд олноороо ханддаг. Ер нь үргүйдэл гэдэг чинь гэр бүлийн маш эмзэг асуудал. Үүнээс болж гэр бүл салах, бие биедээ итгэх итгэлгүй болох зэрэг ноцтой байдал үүсч болно шүү дээ. Тиймээс л үүнийг ухамсарласан залуу гэр бүл манайд хандах болсон. Бид эмчилгээнээс гадна үргүйдлийн шалтгааныг оношлох үзлэг байнга хийх болно.